b2d46a0e32b89c1boriginalМанай улсын сульдаатай байгаа эдийн засагт шатахууны үнэ улам дарамт болох нь нэгэнт тодорхой боллоо. Тухайлбал, дотоодын шатахууны хэрэглээний 90 орчим хувийг хангадаг ОХУ ирэх сараас эхлэн шатахууны үнийн литр тутмыг 66 центээр борлуулахаар болоод байгаа. Энэ нь экспортолж буй шатахууныхаа үнийг тонн тутамд 15 ам.доллараар нэмсэн гэсэн үг. Үүнээс шалтгаалж ирэх сард манай улсад литр шатахууны үнэ 20-30 төгрөгөөр нэмэгдэх магадлал байгааг зарим эдийн засагч тооцоолоод байна. Үүнийг ч эрт анзаарсан шатахуун импортлогч компаниудын зүгээс О.Магнай даргатай “Шударга бус”-ын газарт удаа дараа үнэ нэмэх саналаа илгээсэн ч одоог хүртэл амжилт олоогүй байгаа юм. Үнэндээ төрийн зүгээс хөнгөлөлттэй зээлээр шантааж хийж, чөлөөт эдийн засагтай оронд хувийн компаниудаа хүчээр барьж байна гэсэн үг л дээ. Гэвч энэ бүхнийг Ерөнхий сайд болоод Уул уурхайн сайдын зүгээс эрс няцаахын зэрэгцээ “Шатахууны үнэд өөрчлөлт орохгүй” гэсэн сайхан амлалтыг удаа дараа өгсөөр байгаа юм. Уг нь бид сайд, дарга нарын амнаас “Тайван бай, тун удахгүй үнэ буурч сайхан амьдрах боломж бүрдэнэ” гэдэг үгийг хангалттай сонссон доо. Тийм ч учраас амьдрал дээрх зах зээлийн зарчмууд, эрх мэдэлтнүүдийн амнаас гарсан “хий” хоёр үргэлж зөрчилддөг зүй тогтол Монгол Улсад амь бөхтэй суурьшаад удаж буй. Сураг дуулбал ханшаа өөрчилдөг ганзагын наймаачдын базаахгүй “монгол зан”-гаар шатахуун импортлогч компаниуд эхнээсээ Засгийн газрын зөвшөөрөлгүй хөдөлгөөнд ороод эхэлжээ. Цаашид байдал улам бүр хэцүүдэж, Засгийн газраас авч хэрэгжүүлж буй нүдээ олоогүй бодлогууд “будаа” болж мэдэхээр байна.

Тодруулбал, “Магнай трейд” компани Баянзүрхийн товчооны зүүн талд байрлах ШТС- аараа дамжуулж АИ-92 бензинийг өнгөрсөн баасан гаригт 1680 төгрөгөөр борлуулсан. Шатахууны үнэ хэзээ өөрчлөгдсөн талаар тус ШТС-ын түгээгчээс асуухад, “Нэмэгдсэн шалтгааныг бидэнд тайлбарлах биш. Сайн мэдэхгүй байна” гэсэн товчхон тайлбарыг өгсөн юм. Харин тус компанийн борлуулалтын албанаас энэ талаар тодруулахаар “9311….” дугаарын утас уруу залгасан боловч ямар нэгэн тайлбар өгөлгүй шууд салгасан юм. Эдийн засгийн тооцоо судалгаагаа танилцуулахгүйгээр дур мэдэн үнэ нэмж, жирийн иргэний халаас уруу зөвшөөрөлгүй гараа шургуулчихаад бас л том толгойлж байгаа юм шүү… Энэ нь тус компани Засгийн газраас хэрэгжүүлж буй хөтөлбөрийн хүрээнд Монголбанктай байгуулсан гэрээгээ ноцтойгоор зөрчиж буй үйлдэл юм. Уг хөтөлбөрийн хүрээнд “Магнай трейд” компанид жилийн 3.8 хувийн хүүтэй, нэг жилийн хугацаатай 13.9 тэрбум төгрөгийн санхүүжилтийг өнгөрсөн тавдугаар сарын 15-ны өдөр банкаар дамжуулан шилжүүлсэн байна. Ингэхдээ талууд шатахууны жижиглэнгийн үнийг тогтвортой байлгах чиг үүргийг баримталсан. Нэг үгээр хэлбэл “Магнай трейд” компани төрөөс маш бага хувийн хүүтэй зээл авсныхаа хариуд дур мэдэн үнэ нэмэхгүй гэсэн амлалт авсан гэж ойлгож болно. Тэгэхээр гэрээний үүргээ биелүүлээгүй “Магнай трейд”-д Засгийн газар хариуцлага тооцож, 3.8 хувийн хүүтэй зээлийн гэрээгээ цуцалж, арилжааны банкуудын өнөөгийн мөрдөж байгаа зээлийн хүүд шилжүүлэх хэрэгтэй.

Тэгээд ч хотын захын ШТС-аар дамжуулан иргэдээс литр шатахуун тус бүрт 50 төгрөгийн татаас авч байгаа нь агуулгаараа Засгийн газраас авч хэрэгжүүлж буй Үнэ тогтворжуулах хөтөлбөр үр дүнгээ өгөхгүй байгаагийн гол баримт юм. Үүнээс гадна одоогоос 10 орчим хоногийн өмнө нийслэлийн 11 дүгээр хороололд байрлах ШТС, Баянбүрдэд байрлах “Жаст ойл”, Тасганы овооны ойролцоо байрлах “Содмонгол”, “Синчи ойл”, “Жаст ойл” компанийн ШТС-д АИ-92 бензин тасалдсан удаатай. Энэ нь ирэх сард шатахууны үнэ өсөхийг харуулж буйн дохио ч байж мэдэх юм. Тэгэхээр нөхцөл байдал ийм байхад сайд, дарга нарын уран үгэнд хойшид итгэх ямар ч боломжгүй нь ойлгомжтой. Яг одоогийн байдлаар Баян-Өлгий аймагт АИ-92 шатахуун литр нь 1950, Булганд 1650 төгрөгийн өртөгтэй байгаа бол Булган аймгаас 65-хан км зайд орших Орхон аймагт 1620 төгрөгийн ханштай байлаа. Үүнээс харахад Засгийн газраас хөнгөлөлттэй зээл авсан шатахуун импортлогч 11 компани 93.7 тэрбум төгрөгийн үр шимийг монголчуудад ялгавартай түгээж байгааг хялбархан мэдэж болохоор байна. Хөдөө орон нутагт шатахууны үнэ дэд бүтэц, тээврийн зардал зэргээс шалтгаалан өндөр байх үзэгдэл бий. Гэвч шинэ Засгийн газрын зүгээс 94 орчим тэрбум төгрөгийг зөвхөн нийслэлийн иргэдийн хэрэглээний шатахуунд зориулаагүй гэдгийг бас бодох учиртай.

Д.БУЛГАН