2016.06.17-ны Туул голын эрэг дээр “Доён” хочит Болд гэгч этгээд бусадтай архидан согтуурч яваад “Макаров" маркийн гap буугаар уусан архины шилээ буудаж тоглон улмаар ойр хавьд голын эргээр салхинд гарч байсан иргэд рүү 20-30 гаруй удаа буудаж танхайрсан байна.

Иргэдийн мэдээллээр ХУД-ийн цагдаагийнхан Б гэгч этгээдийг барьж шалгасан боловч архидан согтуурч, галт зэвсэг хэрэглэн танхайрсан этгээдийг эрүүлжүүлэх нь битгий хэл барьж, саатуулалгүй гаргаж явуулан, энэ мэдээллийг олон нийтээс нууцалсан талаар бид өмнө нь “Хотод буун дуу гарлаа” гарчигтайгаар мэдээлж байсан.

Энэ хэргийг цагдаагийн байгууллага шалгаж “Доён” Болдыг саатуулсан байна. Тодруулбал энэ хэргийг шалгаж байх хугацаанд Болд нь оргон зайлж хаана байгаа нь тодорхойгүй байсан. Цагдаагийн байгууллага шуурхай эрэн сурвалжилж энэ сарын 06-ны өдөр БЗД-ийн нутаг дэвсгэрээс баривчлан сэжигтнээр татаж, ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461-р ангид цагдан хорьжээ. Одоогоор хэргийн шалгалтын ажиллагааг хийж байна. Уг хэргийн хамтран үйлдсэн гэх эмэгтэйг батлан даалтад өгөн гадуур шалгаж байгаа гэнэ.

Одоогоор “Доён” Болдод Эрүүгийн хуулийн 181.2-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгээд байгаа юм. Эрүүгийн хуулийн 181 танхайрах гэсэн зүйл бөгөөд 181.2 нь хүндэрүүлсэн нөхцөл юм. Тодруулбал Эрүүгийн хуулийн 181.2-т

Энэ хэргийг:

181.2.1. догшин авирлаж;

181.2.2.нийгмийн хэв журам хамгаалах үүргээ биелүүлж байгаа цагдаагийн ажилтан, төрийн болон олон нийтийн төлөөлөгч, танхайрсан үйлдлийг таслан зогсоох гэсэн иргэнийг эсэргүүцэж;

181.2.3. урьд нь энэ хэрэгт шийтгүүлсэн этгээд;

181.2.4.давтан;

181.2.5.бүлэглэж үйлдсэн бол гурваас дээш таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж заасан байна.

Шүүхээс түүнийг буруутай гэж үзвэл 3-5 жилийн ял оноох бололтой.

 

“Доён” Болд гэгч хэн бэ?

Дээрх нэр бүхий этгээд нь иргэд, бизнес эрхлэгчид, төрийн эрх бүхий хүмүүсийг олон удаа дарамтлан айлгасан, хүний эхнэр булаасан, хүчин, дээрмийн гэмт xэрэг үйлдэж шалгагдаж байсан боловч түүнд прокурор, шүүхийн байгууллага хариуцлага хүлээлгэдэггүй ажээ.

Өмнө нь Центрпоинтын хэрэг, Гүнтийн буудалцаан, баар, цэнгээний газар олон нийтийг сүрдүүлэн танхайрсан гэх мэт олон хэрэгт шалгагдаж явсан энэ этгээд зөвхөн цэрэг, цагдаагийн байгууллагын хэрэгцээнд ашиглагддаг байлдааны галт зэвсгийг хэрхэн олж авч биедээ хадгалж явсан нэгэн.

 

АН засаглах үеэр нийгэмд эрүүгийн хэрэгтнүүд толгойгоо өндийлгөж, сэргэж эхэлдэг. Тэдний үйл ажиллагаа идэвхиждэг гэж ярьцгаадаг нь үнэн бололтой.

Засаглагчид хууль, хүчний байгууллагын удирдлагуудад чиглэл өгөөд байна уу? Tсвэл цагдаа, прокурор, шүүх АТГ-ын албан тушаалтнууд эдгээр этгээдүүдтэй үгсэн хуйвалдаад байна уу?, нийгмийг айдаст автуулсан этгээдүүдийн хэрэг олон нийтэд мэдээлэгдэхгүй яагаад шалгах явцдаа замхраад байна?, яагаад тэдний гэмт үйлдлийг харсан, гэрчилсэн хүмүүс тэнэг, сохор сэтгэц өөрчлөлтэй болж, зарим нь бүр амь насаа алдах, гэмтэж, бэртэхдээ тулаад байна вэ? гэсэн олон асуулт хариултгүй үлдэж байна.

Энэ этгээдийн талаар УЕП М.Энх-Амгалан, Улсын Дээд шүүхийн ерөнхий шүүгч Ц.Зоригт, ЦЕГ-ын дарга Р.Чингис нар анхааралдаа авч шалгахыг хүсэж байна.

Ямартай ч энэ хууль бус үйл ажиллагааг нь цагдаагийнхан шалгаад эхэлж. Нэгэн үед хуулийнхан дийлддэггүй байсан эрүүгийн гэмт хэрэгтэн, түүний хамсаатнууд нийслэл хотод буун дуу гарган дур зоргоороо авирласан хэргийг хууль хяналтын байгууллагынхан хэрхэн шийдвэрлэхийг харах л үлдэж байна.

А.Баярмаа