2011 онд Шилийн голын малчин Мэргэн уул уурхайнханд зэрлэгээр алагдсанаас хойш Өвөр Монголд малчдын эрхийн төлөө тэмцэл бараг тасалдсангүй.

 

Нэг жишээ нь өнөөгийн Баргын малчдын тэмцэл юм. Шилжин ирэгсэд мал сүргийг дайран хядаж, өнөөдөр хонийг маргааш хүнийг ингэнэ гэж давшилснаас болж тэмцэл өрнөсөн. Баргад малчдын түүхий эдийг үнэгүйдүүлж, газар бэлчээрийг булааж, хүчээр энд тэнд суурьшуулан амьдрах аргагүй болгох нь энгийн үзэгдэл болсон.

 

Тиймээс Баргын олон малчид түрхрэн босож, хот сууринг доргиож, тэдний эсрэг хөдөлсөн их хүчийг сандаргаж байна.

 

Хамгийн гол нь Монгол улсад ч малчид ийм хүнд байдалд ороод байгаа. Илүү ч хүнд байдалд орж мэднэ. Учир нь 2011 онд малчин Мэргэн алагдахад Өвөр Монгол даяар их тэмцэл дэгдэж байсан бол, яг тэр үед манай улсад тэмцэгч Т.Сүхболд нутаг бэлчээрээ өмгөөлж яваад алагдахад Монголд тэмцэл өрнөх нь байтугай, хэн ч тоогоогүй шахам.

 

“Өнөөдөр Өвөр Монгол, маргааш Ар Монгол” ч гэдэг юм уу, “Өнөөдөр ар монголчууд бид тэмцэхгүй бол маргааш өвөр монголчууд шиг байдалд орно” гэх үгс дуулддаг байсан. Гэтэл өнөөдөр бараг адилхан хүнд хэцүү байдалд орж байна. Тэмцэх цаг хэзээ ирэх вэ?

 

Ч.Мөнхбаяр

www.sonin.mn