Цахим орчин хэт өндөр хөгжсөн энэ цаг үед анхаарал болгоомжтой байхыг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлсээр байна. Тухайлбал, өөрийнхөө жинхэнэ нэр, зургийг нуусан хүнтэй найз болохгүй харьцахгүй байх, өөрийнхөө талаар дэлгэрэнгүй мэдээлэл, 18+ зураг өгөхгүй байх хэрэгтэй юм. Хэрвээ нэгэнт та ийм этгээдүүдийн золиос болсон бол яаралтай цагдаагийн байгууллагад хандаж хуулийн дагуу асуудлыг шийдвэрлүүлэх хэрэгтэй. Ингээд Фэйсбүүк, твиттерийг зүй бусаар ашиглавал Эрүүгийн хуулийн дагуу ямар хариуцлага хүлээдэг болохыг хүргэе.

Хэрвээ цахим орчинд садар самууныг сурталчилбал- Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйл.Садар самууныг сурталчлах:

123.1. Садар самууныг сурталчилсан хэвлэл , ном зохиол , зураг , кино , дүрс бичлэг, бусад зүйлсийг бэлтгэсэн, тараасан, борлуулсан, нийтэд үзүүлсэн, энэ зорилгоор улсын хилээр нэвтрүүлсэн бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг гучин нэгээс тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэгээс гурван сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ.

123.3.Энэ хэргийг энэ гэмт хэрэгт урьд шийтгүүлсэн этгээд , эсхүл зохион байгуулалттай бүлэг, гэмт бүлэглэл үйлдсэн бол таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

Энэ зүйл ангиар Фэйсбүүкт садар самуун групп байгуулсан, бусдыг садар самуунд уруу татсан хоёр хүн өнөөдрийн байдлаар шалгагдаж байгаа.

 

Хэрвээ таньтай бичиж байсан харилцааг олон нийтэд дэлгэсэн бол Эрүүгийн хуулийн 135 дугаар зүйл. Иргэний захидал, харилцааны нууцын халдашгүй байдлыг зөрчих:

135.1.Иргэний захидал, харилцааны нууцын халдашгүй байдлыг зөрчсөн бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг таваас тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэгээс гурван сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ.

135.2.Энэ хэргийг албан тушаалын байдлаа урвуулж буюу эрх мэдлээ хэтрүүлж, эсхүл тусгай техник хэрэгсэл ашиглаж үйлдсэн бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс нэг зуу дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг гурван жил хүртэл хугацаагаар хасах, эсхүл гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ.

 

Хэрвээ таныг гүтгэсэн, доромжилсон, түүнийгээ цахим орчинд тараасан бол Эрүүгийн хуулийн 110, 111-р зүйл ангид заасны дагуу хариуцлага хүлээх болно.

110 дугаар зүйл. Доромжлох

110.1.Бусдын нэр төр, алдар хүндийг олон нийтийн өмнө доромжилсон бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хориос тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэгээс гурван сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ.

111 дүгээр зүйл. Гүтгэх

111.1.Хүний нэр төр, алдар хүндийг гутаах зорилгоор илт худал гүжирдлэг тараасан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хориос тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэгээс гурван сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ.

111.2.Гүтгэлгийг олон нийтэд тараасан, эсхүл доромжлох, гүтгэх гэмт хэрэгт урьд ял шийтгүүлсэн этгээд үйлдсэн бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс нэг зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ.

111.3.Хүнд, онц хүнд гэмт хэрэгт холбогдуулан яллуулахаар гүтгэснээс хүнд хор уршиг учирсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэг зуун тавин нэгээс хоёр зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёроос таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

Гол төлөв миний нөхөр/ эхнэртэй явалдсан, энэ хүнийг ичтэл нь шэйр хийцгээе гэсэн пост хийдэг хүмүүс энэ зүйл ангийн “ялтан” болох магадлал өндөр байдаг.

 

Интернэт орчинд хууль бус мөрийтэй тоглоомын үйл ажиллагаа зохион байгуулж орлого олсон бол Эрүүгийн хуулийн дагуу хариуцлага хүлээдэг. Тухайлбал иргэн О, С нар нь интернет орчинд хууль бус мөрийтэй тоглоомын үйл ажиллагаа зохион байгуулж их хэмжээний орлого олсон хэргээр Эрүүгийн цагдаагийн газрын Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст шалгагдаж байгаа. Тэднийг Эрүүгийн хуулийн 243 дугаар зүйл. Мөрийтэй тоглох гэсэн зүйл ангиар шалгаж байгаа. Уг зүйл ангид

243.1.Хуулиар хориглосон мөрийтэй тоглоом /казино/ тоглосон, түүнийг зохион байгуулсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг таваас тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэгээс гурван сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ.

 

243.2.Энэ хэргийг давтан үйлдсэн бол эд хөрөнгийг хурааж хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс хоёр зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах, эсхүл хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж заасан байдаг.

Он гарсаар Монгол улсын хэмжээнд зургаан удаагийн цахим гэмт хэрэг бүртгэгджээ. Манай улсад Эрүүгийн цагдаагийн газрын Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс энэ төрлийн хэргийг “шийдвэрлэдэг” байна. Тодруулбал, он гарсаар интернет орчинд бусдын эд хөрөнгийг авахаар далайлган сүрдүүлсэн гэмт хэрэг 2, интернет орчинд мөрийтэй тоглоомын үйл ажиллагаа эрхлэн явуулсан 2, интернет орчинд садар самууныг сурталчилсан 2 нийт 13 холбогдогчтой 6 гэмт хэргийг илрүүлэн шалгасан байна.

Тиймээс цахим орчинг зүй бусаар ашиглахгүй байхыг анхаарч, хүүхдийнхээ хэнтэй харьцаж байгаа зэргийг хянаж байхыг эцэг эхчүүдэд сэрэмжлүүлж байна.