Засгийн газар ачааны хүндийг баянд нь илүү, ядууд нь арай бага үүрүүлээсэй
2016/08/16
Монгол Улсын сайд асан, эдийн засагч М.Энхсайхантай Монголын эдийн засгийн хүндрэл, Засгийн газрын бодлого, гарц шийдлийн талаар ярилцлаа.
-Монгол Улс дефолт болох эрсдэлтэй тухай та сануулж байсан. Бид дефолт болоход хэр ойр байгаа вэ?
-Юуны өмнө дефолт хэмээх нэр томьёоны тухай ярих хэрэгтэй байх. Урд өмнө авсан зээлийн хүү, өрөө цаг хугацаанд нь төлж чадахгүй буюу төлөхөөс татгалзах нөхцлийг Дефолт гэж нэрлээд байгаа юм. Улс орон дефолтод орж болно. Грек улс 2012 онд 138 тэрбум долларын өрөө төлж чадахгүй дефолтод орж байсан. Мөн том компани дефолтод орж болно. Жишээ нь 2008 онд 600 тэрбум долларын өрөө төлж чадаагүй дампуурсан Lehman Brothers компани байна.
Яах ч аргагүй мөнгө нь дуусаад чадал мөхөсдөж өр төлбөрөө төлж чадахгүй нөхцөл байхад төлбөрийн чадвартай хэрнээ өрөө төлөхгүй луу унжих явдал ч бас байна. Аль аль нь дефолт гэдэг ойлголтонд хамаарна.
"Урд өмнө авсан зээлийн хүү, өрөө цаг хугацаанд нь төлж чадахгүй буюу төлөхөөс татгалзах нөхцлийг Дефолт гэж нэрлээд байгаа юм"
Гадаад өр төлбөртэй холбоотой дефолт байхад дотоод өр төлбөртэй холбоотой дефолт гэж байж болно. Чингис, Самурай бонд, гаднаас авсан зээл, гаднаас зээл авахад нь банк болон компаниудад өгсөн Засгийн газрын баталгаа бүгд гадаад өр болно. Монголбанкнаас гаргасан ипотекийн зээл, үнэт цаас, Засгийн газрын үнэт цаас, төсвийн зээл бүгд дотоодын өр болно. Гадаад, дотоод өр өөр хоорондоо холбоотой.
Монгол Улс дотоод өр төлбөрийнхөө хувьд аль эрт дефолтод орсон. Засгийн газар концессоор хийлгэсэн ажлынхаа төлбөрийг өгч чадахгүй болохоор компаниудад вексэл нэртэй өрийн бичиг хадгалуулдаг болоод удаж байна. Өндөр хүүтэй дотоод зээлээ хүү багатай гадаад зээлээр солих оролдлого нь түр зуурийн өвчин намдаагч байлаа. Нэгэн сонгуулийн хугацаанд сэтгэж, амь зууж буй ямарч намын Засгийн газар алсыг харсан бодлого явуулж чадахгүй бөгөөд ийм бодлого нь гадаад өрийг мөн эрчимтэй нэмэгдэхэд нөлөөлсөн.
Таны асуултын хоёрдох хэсэгт хөндсөн Монгол Улс гадаад төлбөрийн чадваргүй буюу дефолт болох цаг хугацааны асуудал Монголчууд бидний тэвчээртэй холбоотой болов уу гэж бодож байна. Өрөө төлөхийн тулд бүсээ чангалж таараа. Хэдий хүртэл бүсээ чангалах вэ гэдэг нь үндсэндээ тэвчээрийн асуудал юм. Гэдсээ тасартал бүсээ чангалаад өрөө төлж барахааргүй бол авсан бонд, зээл, өр маань бидний хэмжээнээс хэтэрсэн гэсэн үг. Дөрвөн сарын дараагаас бондын эхний том төлбөр нэхэгдэнэ гэж бодвол дефолтод орох эрсдэл ойрхон байгаа.
-Засгийн газраас эдийн засгийн хүндрэлийн эсрэг богино хугацаанд хэрэгжүүлж болох арга хэмжээ нь юу вэ?
-Эдийн засгийн хүндрэл гэнэ үү өөрөөр яаж ч зөөлөн нэрлэх гээд байгаа хүнд асуудлыг өнөөдөр Монголчууд дангаараа, ганцаараа шийдвэрлэж чадахгүй гэдгээ юуны өмнө тал талдаа сайн ойлгомоор санагдаад байгаа.
2011 онд ОУВС нь Монгол Улстай 5 дахь удаагийнхаа Стэндбай хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлсэн тухай мэдэгдэлдээ “2011 оны улсын нэгдсэн төсвийн зарлага 30 гаруй хувиар огцом нэмэгдэж батлагдсан. Гэтэл Засгийн газраас төсвийн зарлагыг ДНБ-ий 6.5 хувьтай тэнцэх хэмжээгээр нэмэх санал боловсруулаад байгаа нь маш их эрсдэлтэй, бодлогогүй алхам болно гээд эцэст нь, байгуулагдаад удаагүй байгаа Хөгжлийн банк бидний санааг ихээхэн зовоож байна. Хөгжлийн банкийг Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийг тойрч гарах арга хэрэгсэл эсвэл Засгийн газрын төсвөөс гадуурх зарлагыг санхүүжүүлэх нэг механизм болгон ашиглах ёсгүй” гэж анхааруулж байсан байдаг.
Бид энэхүү зөвлөгөөг үл ойшоосон төдийгүй тэдний анхааруулгын эсрэг ажилласан нь өнөөдрийн хүнд байдлыг бий болгосон. Цаг хугацаа өөрөө багш. Иймээс ОУВС сайхан муухай гэж маргалдахын оронд өөрийгөө эдийн засагч гэж өргөмжилж байгаа Монгол хүн бүр ОУВС-ийн аргачлалд суралцвал зохистой гэж бодож байна. Хятадын Ардын банк, ОУВС-ийн Чадавх хөгжүүлэх Институттэй хамтран 2000 оноос хойш жил бүр таван удаа ОУВС-ийн аргачлалаар макро эдийн засгийн бодлого боловсруулах ухаанд Хятадын төрийн дунд, түүнээс дээш албан тушаалтнуудыг сургаж байгааг энд хэлэхэд илүүц болохгүй байх аа.
ОУВС нь дэлхийн 189 орны эдийн засгийг байнгын судалгаа, хяналтанд байлгаж улам бүр глобаль шинжтэй болж байгаа ертөнцөд эдийн засгийн бодлогоо хэрхэн зөв авч явах вэ гэдгээр улс орнуудад зөвлөгөө өгөхөөс гадна хямралын үед бодиттойгоор хөтөлбөр хэрэгжүүлж тусалдаг. Энэ чиглэлд шинэ Засгийн газар ажиллах юм байна гэж ойлгож байгаа төдийгүй ийм алхам хийвэл дэмжиж байна.
-Та мегатөслүүдийг хөдөлгөх үүрэгтэй албан тушаал хашиж байсан хүн. Гэтэл өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд мега төслүүд хөдөлж чадсангүй. Учир шалтгаан нь юу байв?
-Мегатөсөл хариуцсан сайд хэмээх албан тушаал зөвхөн Ч. Сайханбилэгийн Засгийн газарт байсан жил долоон сарын настай албан тушаал. Анхны сэдэл нь “Таван толгой” төслийг надаар удирдуулан хийлгэх зорилготой байсан. Би тэр ажлыг нь хариуцан Монгол, Хятад, Японы гурвалсан консорциумтай хэлэлцээг хийж гэрээг гарын үсэг зурах түвшинд хүргэсэн. УИХ гэрээг татан авч ямарч шийдэл гаргалгүй гацааж орхисон, цаашлаад юу болсныг бүгд харсан тул нуршаад яахав. Түүнээс хойш зах зээлийн байдал огцом унаж ТТ төсөл ойрын хугацаанд дахин сэргэхээргүй болсон гэж бодож байна. Харамсалтай нь Монгол Улс хямрал амсахгүй явах бололцоогоо алдсан.
Гадаадын хөрөнгө оруулалт Монголын хөгжилд хэрэгтэй гэдгийг Монголчууд эрх биш зовлонгоороо ойлгодог болж байх шиг байна. Дутуу ойлгосон нэг хэсэгт гүйцэд ойлгуулах хямрал урд маань байгаа л болов уу. Гадаадын том хөрөнгө оруулалт цаашдаа мегатөсөл хэлбэрээр л биежиж хэрэгжих нь гарцаагүй. Гэтэл мегатөсөл нь Монгол байтугай дэлхийд сайн танигдаагүй эмзэгхэн амьтан байгаа. Ямар сайндаа мегатөсөл одоохондоо баялгийг бүтээгч биш баялгийг сүйтгэгч, хагарахдаа амархан шил мэт гэж байгаа. Нэг үгээр хэлбэл мегатөслийн ухаанд суралцахад цаг хугацаа их орохоор байна. Нэг тэрбум долларын үнэтэй мегатөслийн бэлтгэл зардал өртгийн 2-5 хувь буюу багадаа 25 сая ам. доллар. Манай хувийн хэвшлийнхэн ийм мөнгийг гаргаж чадахгүй, ойлгохгүй. Төрийн тухай бүр ч ярилтгүй. Мегатөсөл явж өгөхгүй байгаагийн үндсэн шалтгаан энэ.
"Нэг тэрбум долларын үнэтэй мегатөслийн бэлтгэл зардал өртгийн 2-5 хувь буюу багадаа 25 сая ам. доллар"
Мегатөсөл ярьж хөөрцөглөх нь бас аюултай гэдгийг 10 жил ярьж байгаа шинэ төмөр зам төсөл хэлээд байна. Хэлээд хэлээд чадаагүй зүйлийг маань хямрал ирж байж хурдан ойлгуулах юм.
Гадаадын хөрөнгө оруулалт, мегатөслийг тусгайлан анхаарахгүйгээр Монголын эдийн засгийн ирээдүйг төсөөлөхгүй байна. Холбогдох хүмүүс нь анхааралдаа авна биз ээ.
-Мегатөслүүд ойрын хугацаанд хөдлөх боломж бий юу?
-ТЭЗҮ болон бусад баримт бичиг нь бэлэн болсон. Хөрөнгө оруулагч нь тодорсон, Хөрөнгө оруулалтын гэрээгээ хийчихсэн хамгийн дөхсөн төсөл бол Тавантолгой цахилгаан станцын төсөл байгаа.
Бусад төсөл боловсруулалтын доод шатанд байгаа тул цаг хугацаа, хөрөнгө мөнгө их шаардана гэж харагдаж байна. Мегатөслийн хөөрцөглөл, бодит байдал хоёрыг ялгаж сурах явдал чухал байгаа.
-Ирэх дөрвөн жил Монголын эдийн засаг ямар байх вэ. Иргэд дор дороо ямар алхам хийж хүндрэлийг бага хохиролтой туулж болох вэ?
-Иргэд ямарч бэрхшээлийг үүрээд л гарна шүү дээ. Харин Засгийн газар ачааны хүндийг баянд нь илүү, ядууд нь арай бага үүрүүлэх шударга бодлого явуулаасай билээ. Нэг хүнд ногдох ДНБ сүүлийн 15 жилд 400 ам. доллараас 4,000 ам. доллар болж 10 дахин нэмэгдсэн. Уналаа уналаа гээд 15 жилийн өмнөх рүү арай ч байна. Өөдрөг байцгаая.
-Монгол Улс эдийн засгийн хүндрэлээс гарсны дараа ахиад халамжийн бодлого руу шилжих вий гэсэн болгоомжлол байна. Бид ашигт малтмалын үнэ өсөж, манайд тааламжтай байдал бий болсны дараа ямар бодлого явуулах ёстой вэ.
-Уул уурхайн засаглалыг сайжруулах зөндөө ажил байна. Энэ талаарх миний лекц интернэтэд байгаа. Ямар ч байсан суперцикл мөддөө ирэхгүй. Холын юм дэлгэрүүлж ярьснаас хямралаа ардаа хийхийг л бодьё бүгдээрээ.
-Танд баярлалаа.
Зочин · 2016/08/16
Оффшортонгуудруу ор өөр арга байхгүй бас дэд сайдаар яадаг байна
зочин · 2016/08/16
Энэ матрын нулимас унагагч зайлаааааааааааа,хамаг муу муухайн эхлэлийг Тарваган мангас энэ 2 тавьсан шд, массыг мэдэхгүй гээд хуцаж өгөхиймаа.
Зочин · 2016/08/16
nice
Зочин · 2016/08/16
AJ AHUIN NEGJ DEFOLTOD ORHIIM BOL BANKIN DEER SHUUD NAIDVARGUI ZEELDEGCH GESEN HASHALTAND ORNO DOOOO HOORHIII.