Цалин хасах нь хууль зөрчиж байна гэв
2016/08/16
Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат 2016 оны 08 дугаар сарын 15-ны өдөр хийсэн мэдэгдэлдээ: Төрийн албан хаагчдад цалингийн бууралт хийнэ. Засгийн газрын зүгээс иргэдийг аль болох ажилтай байлгахыг хичээнэ. Эдийн засаг хүндэрсэн үед иргэд ажилгүй болох тусам хүнд дарамт үүсдэг. Тиймээс иргэдээ ажилтай байлгаж, тодорхой салбарууд дээр цалин бууруулах арга хэмжээг хийхээс өөр аргагүй байна. Цалингийн түвшин бага төрийн албан хаагчид дээр бууралт хийхгүй байхаар баримталж байгаа. Гэж мэдээлсэн.
Энэ нь Төрийн албаны тухай хуулийн 38 дугаар зүйлийн 2-т заасан “Төрийн албаны зардлыг бууруулах арга хэмжээ авч төсвийн санхүүжилтийг хорогдуулах нь төрөөс олгож байгаа төрийн албан хаагчдад олгох төлбөрийг түр буюу бүр мөсөн зогсоох, тэдний цалин хөлс, нөхөх төлбөр, тусламж, тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг бууруулах үндэслэл болохгүй” гэсэн заалтыг ноцтой зөрчихөөр байна.
Мөн 2016 оны УИХ-ын ээлжит сонгуулийн үр дүнд олонхи болсон Монгол Ардын намын мөрийн хөтөлбөрийн 1.4.7-т заасан “Цалин, тэтгэвэр, тэтгэмжийг үе шаттай нэмэгдүүлэн, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих замаар өрхийн дундаж орлогыг өсгөх бодлого баримтлана” заалтыг зөрчиж байгаа тул ард түмэнд амалсан мөрийн хөтөлбөрөө биелүүлэх ёстой гэж үзэж байна.
Өнөөдөр Монгол Улсад 180.000 гаруй төрийн албан хаагчид, тэдний ард тэдгээрийн гэр бүл, үр хүүхэд амьдарч байна. Ерөнхий сайд тэвчиж болохгүй төрийн албан хаагчдын цалинг бууруулахын оронд тэвчиж болох дэд сайдуудын зардал, том жийп машин, Ерөнхий сайдын өрөөний засвар зэрэг зардлуудаас эхэлж танах нь зөв юм.
Зочин · 2016/08/16
nice