Засгийн газрын зүгээс улс орны эдийн засгийн байдалд хийж байгаа дүгнэлт, Сангийн сайд, Ерөнхий сайд, Монголбанкны Ерөнхийлөгч нарын хийсэн мэдэгдлүүд, мөн өмнөх ЗГ-ын үед хэрэгжүүлж эхэлсэн зарим “ Сайн” хөтөлбөрийн зогсоосонтой холбогдуулан АН өнөөдөр хэвлэлийн хурал зарласан. Хурлаар дараах асуудлуудыг ярив.

  1. Эдийн засгийн хүндрэлтэй нөхцөл байдлын суурь шалтгаан, түүнээс гарах талаар АН-ын ЗГ-ын үед баримталсан гол бодлогууд

Эдийн засагт үүссэн хямрал нь олон жилийн туршид үргэлжилсээр ирсэн манай эдийн засгийн буруу бүтцээс улбаатай. Хямралд бага өртдөг, өртдөггүй эдийн засагтай болгоё гэвэл олон жилээр ужгирсан эдийн засгийн буруу бүтцээ зөв болгох нь хамгийн түрүүн засах, өөрчлөх гол ажил байсан.

Дан ганц уул уурхайгаас хамаарсан бүтцээ солонгоруулж, орлого олдог олон салбартай болохын тулд дэлхийн олон улсуудын жишгээр уул уурхайн уналтын энэ үед нам инфляцийн орчинг бүрдүүлэх, ингэж чадсан тохиолдолд түүн дээрээ суурилаад уул уурхайн бус салбараа дэмжих нь АН-ын хувьд монгол улсын эдийн засгийн урт хугацаанд эрүүлжүүлэх гол арга гэж үзэж, хийж эхлүүлсэн.

Монгол улсын эдийн засаг уул уурхайгаас хэт хамааралтайн зэрэгцээ эдийн засагтаа ямар ч хуримтлал хийлгүй, бүтцийн шинэчлэл хийж чадалгүй явж ирсэнээс инфляци буюу үнийн өсөлт үргэлж хоёр оронтой тоонд байдаг байсныг санах хэрэгтэй. Тухайлбал 2010 онд 13%, 2011 онд 10.2%, 2012 онд 14%-ийн инфляцитай, үүний дотор иргэдийн өргөн хэрэглэдэг махны үнэ жил бүр дунджаар 30-40%-иар өсдөг байсан.

Инфляци өндөр байх нь бага орлоготой, дундаж амьдралтай иргэдийн халаасанд орон ёстой мөнгийг шууд л салхинд хийсгэж байгаа хэлбэр. Төв банкны үндсэн үүрэг нь төгрөгийн гадаад валюттай харьцах ханшийг тогтоон барих гэхээсээ илүү инфляциа нам түвшинд байлгаж, иргэн бүрийн хэтэвчинд байгаа 1 төгрөг бүрийн худалдан авах чадварыг хамгаалахад оршдог. Ханш тогтвортой байх нь инфляци бага байхад, төлбөрийн тэнцлийг алдагдалгүй байлгахад чухал.

Тиймээс 2012 оны эцсээс эхлэн бүтэн 3 жилийн турш хэрэгжүүлсний үр дүнд нийлүүлэлтийн гаралтай инфляци тэглэгдсэн. Инфляци 2015 оны 7 дугаар сараас эхлэн УИХ-аас баталсан 7%-иас доогуур түвшинд болж, 11 дүгээр сараас эхлэн 3%-иас бага болж буурсан. Түүнээс хойш сүүлийн 9 сарын турш 3%-иас доогуур түвшинд тогтвортой байна.

Ийм учраас нам инфляцийн орчинд эдийн засгийн бүтцийг шинэчлэх боломж гарч ирсэн, энэ хөрс суурин дээр эдийн засгийн бүтцийг солонгоруулах бодлогыг эхлүүлэх зөв цаг, нөхцөл нь бүрдсэн.

Уул уурхайн бус салбарыг дэмжих бодлогыг хэрэгжүүлэхдээ дотоодын үйлдвэрлэлээ дэмжих, улмаар тэр нь экспортод чиглэдэг байх, өрсөлдөх чадвартай, бүтээмжтэй болгохыг зорьсон. Энэ хүрээнд хөдөө аж ахуй, дэд бүтэц, эрчим хүчний салбарт хөрөнгө оруулалтыг эрс нэмэгдүүлсэн. Ажлын байрыг хадгалах, эдийн засгийн ирээдүйн багтаамжийг тэлэх нь чухал байсан.

2013-2015 онд уул уурхайн бус салбарын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхдээ хувийн секторын зээлийн санхүүжилтийг ашигласан. Энэ нь илүү хариуцлагатай, цаанаа барьцаа хөрөнгөтэй, авилгагүй зэрэг эерэг талтай байсан. Энэ төрлийн хөрөнгө оруулалтыг зөвхөн улсын төсвөөр хийнэ гэвэл тэр нь ямар ч боломжгүй зүйл байсан. Нэгд, төсөвт хөрөнгө байхгүй. хоёрт, төсвөөс хийгдэх санхүүжилт цаанаа танил тал, тендер, авилгал дагуулдаг, хариуцлагагүй, үр ашиггүй байдгийн зэрэгцээ буцаж ирдэг мөнгө байдаггүй. Хэн танилтай нь төсвөөс мөнгө авдаг. Хэн хариуцлагатай, чадамжтай нь арилжааны банкнаас зээл авч чаддаг.

Иймээс хувийн салбарт банкны зээл олгох замаар уул уурхайн бус салбараа дэмжье, ажлын байраа хадгалъя, эдийн засгийн бүтцээ засъя гэсэн бодлого хэрэгжүүлж байснаа АН одоо ч зөв гэж үзэж байна.

  1. Сайн хөтөлбөрүүдийн тухайд

САЙН гэх хөтөлбөрүүдийг хэрэгжүүлсэн зорилго нь уул уурхайн бус салбарыг дэмжихэд оршиж байсан. Өнөөдөр шинэ Засгийн газар Хууль бусаар санхүүжүүлсэн, төсөвт тусгагдаагүй мөнгө гэж үзэн эдгээр 4 хөтөлбөрүүдийг зогсоохоор шийдвэрлэсэн төдийгүй Төсвийн тухай хуулийн 6.4.2-ыг зөрчин Төв банкнаас арилжааны банкуудын авсан 553.8 тэрбум төгрөгийн зээлийг 2016 оны төсөвт тусгаж, тодотгол хийхээр төлөвлөж байгаа мэдээлэл байна.

Арилжааны банкууд зээлдэгчээ өөрсдөө сонгож, хариуцлагаа өөрсдөө хүлээдэг. Банкны тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-т зааснаар Банк төрийн хүлээх үүргийг хариуцахгүй, өөртөө тухайлан хүлээгээгүйгээс бусад тохиолдолд банкны хүлээх үүргийг төр хариуцахгүй хуулийн заалттай. Улсын төсөвт ямар ч дарамт учруулахгүй банк, иргэдийн хооронд бизнесийн зарчимд тулгуурлаж хэрэгжиж байгаа иргэдийн хамгийн ихээр хүсч байгаа эдгээр хөтөлбөрийг зогсоож байгааг бодлогын хувьд том алдаа гэж үзэж байна.

 

 

• Сайн малчин хөтөлбөр.

Төрийн өмчит банкаараа дамжуулж хөдөө аж ахуйн салбарын зээлийн санхүүжилтийг нэмэгдүүлэх, мал аж ахуйн үйлдвэрлэлийг сэргээх, бүтээмжийг сайжруулах, хариуцлагажуулах, малчдыг нийгмийн хамгаалалд хамрагддаг болгох, мал, малын гаралтай түүхий эдийг эрүүл ахуйн стандарттай болгох, мал аж ахуйн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, түүнд суурилсан хөрөнгө оруулалт, технологи, шилдэг стандартыг нутагшуулах, улмаар Монголын нийт хөдөлмөрийн зах зээлийн 1/3-ийг бүрдүүлдэг хөдөө аж ахуйн дотоодын үйлдвэрлэл, экспортыг сайжруулах бодлогын эхлэл нь байсан. Энэ хөтөлбөрийг үргэлжлүүлэхгүй, зогсоож байгаа нь эдийн засгийн бүтцийг төрөлжүүлэх бодлогоос ухарсан алхам болж байна.

• Сайн оюутан хөтөлбөр.

Дээд боловсролыг хувийн хэвшлийн зээлээр дэмжиж чанаржуулах, боловсролын салбарын хөрөнгө оруулалтыг дэмжих бодлого байсан. Дэлхий нийтэд дээд боловсролын хөрөнгө оруулалт болон ДНБ-ий өсөлт хоёр шууд хамааралтай байдаг нь нэгэнт тогтоогдсон зүйл. Боловсролд хөрөнгө оруулахын хэрээр ДНБ урт хугацаанд тогтвортой өсөх нөхцөл дэмжигддэг. Дэлхийн хөгжсөн орнуудад банкны зээлийн шалгуураа хангаад, банкны зээлээр дээд боловсрол эзэмшдэг, эзэмшсэн боловсролоороо ажил эрхлээд, эргээд банкны зээлээ төлдөг тогтолцоотой. Дээд боловсрол эзэмшихээр суралцаж буй оюутнууд илүү зорилготой, тэмүүлэлтэй, хариуцлагатай болж, чанартай боловсрол эзэмших, эргээд тэдний цаана байгааа дүү, аав ээж, өвөө эмээгийн тэтгэврийн, цалингийн зээл хаагдах, ингэснээр өрхийн өрийн дарамт багасах зэрэг олон эерэг нөлөөтэй хөтөлбөр байсан.

• Сайн хашаа хөтөлбөр

УБ хотын гэр хорооллын айл өрхийн амьжиргаа, амьдралын нөхцөлийг нь сайжруулах, шинэ стандарт тогтоох, тэрхүү стандартыг алхам алхмаар хангах, ингэхдээ мөн л хувийн хэвшлийн зээлийн санхүүжилтийн механизмыг ашиглах урт хугацааны хөтөлбөр байсан. Энэ хөтөлбөрийг зогсоосноороо гэр хорооллын айл өрхийн амьдралын нөхцөл хэзээ ч сайжрахгүй, ус, хөрс, агаарын бохирдлыг бууруулах арга хэмжээнээс татгалзсан шийдвэр бож байна.

• Сайн хувьцаа хөтөлбөр

УИХ-ын 2011 оны 57 дугаар тогтоолын 9 дүгээр зүйлийг хэрэгжүүлэх хүрээнд төр иргэдэд олгосон хувьцааг үе шаттай мөнгөжүүлэх анхны арга хэмжээ. Энэ нь эдийн засгийн өсөлт саарсан, нийт хэрэглээ хумигдсан орчинд бага, дундаж орлоготой иргэдийн хэрэглээг дэмжих, тэдний өрхийн санхүүд дэмжлэг үзүүлэх, улмаар 2016 оны ДНБ-ий өсөлтөд дэм болох эерэг нөлөөтэй хөтөлбөр байсан. Сайн хувьцаа хөтөлбөрийг зогсоож байгаа нь УИХ-ын тогтоолыг үл биелүүлэх, иргэдэд өгсөн амлалтаасаа ухрах, эдийн засгийн хүндрэлтэй цаг үед өрхийн амьжиргааг дордуулсан ухралт болсон.

Эдгээр хөтөлбөрүүдийн эх үүсвэрийг өмнөх Засгийн газар улсын төсвийн орлогоос бүрдүүлээгүй. Инфляци буурсан эерэг орчныг ашиглаад дотоодын үйлдвэрлэл, экспорт, хөрөнгө оруулалт, бүтцийн шинэчлэлийн бодлогоо эрчимжүүлэх шаардлагын хүрээнд хийсэн алхам байсан.

  1. Улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлогыг бууруулж, зардлыг нэмэгдүүлж байгаа тухайд

• Төсвийн орлогын тасалдалт

2016 оны төсвийн орлогыг төлөвлөхдөө 2015 оны гүйцэтгэлээс 7 хувиар нэмж төсөвлөсөн. Учир нь 2015 оны 7 дугаар сард батлагдсан Нэмэгдсэн өртөгийн албан татварын тухай хууль 2016 оноос хэрэгжиж эхлэх, түүнчлэн 2015 онд батлагдсан Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хууль хэрэгжиж эхлэх тул 2016 онд татварын бааз суурь нэмэгдэнэ гэж тооцоолсон. Гэтэл Сангийн сайд эсрэгээр төсвийн орлогыг 1,8 их наяд төгрөгөөр тасалдахаар байгаа тул бууруулж тодотгол хийх хэрэгтэй гэсэн мэдэгдлийг хийлээ. Үүнээс харахад аж ахуйн нэгжүүдээс татвар авахгүй гэж байгаа юм байна. Монгол Улсын татварын орлогын 99 хувийг 20-хон аж ахуйн нэгж төлдөг. Тэдгээр аж ахуйн нэгжүүдийг татвараас чөлөөлөх бодлого гэж хардаж байна. Ялангуяа татварын бус орлогыг 650 гаруй тэрбум төгрөгөөр бууруулж, орлогод төвлөрүүлэх боломжтой навигацийн, газрын тосны, төсөвт байгууллагын өөрийн орлого зэргийг төвлөрүүлэх арга хэмжээ авахын оронд тодотгох тухай ярьж байгаа нь буруу.

• Төсвийн зардлыг 2.4 их наяд төгрөгөөр нэмэгдүүлэх талаар

Цалин тэтгэвэр тэтгэмж нэмэгдүүлэх, хүүхэд хамгаалах, хүүхдийн мөнгийг зорилтот бүлэгт олгох, ирээдүйн тэтгэврийн нөөц сан бий болгох асуудлыг бодлогын түвшинд шийдвэрлэж, холбогдох хууль тогтоомжийг УИХ-аас баталсаныг ард иргэд сайшаан хүлээн авсан. Эдгээр хуулиудыг хэрэгжүүлэхэд шаардлагатай хөрөнгийн эх үүсвэрийг төсөвт хүндрэл үүсгэхгүйгээр үе шаттайгаар, 2017 оны төсөвт тусгах зэргээр шийдвэрлэх гарцыг эрэлхийлэхийн оронд шууд 2016 оны төсвийн зарлага талд нэмэгдүүлэн бичиж, ингэснээр 2016 оны тэнцвэржүүлсэн тэнцлийн алдагдлыг механикаар өсгөж харуулах, улмаар төсвийн алдагдлыг 5.1 их наяд төгрөгт хүрлээ гэж зарлах нь зарчмын хувьд эдийн засгийн хүндрэлийг шийдвэрлэж байгаа шийдэл зөвхөн АН-ыг буруутгаж, ард иргэдэд худал мэдээлэл өгөх үйлдэл гэж харагдаж байна.

Төсвийн алдагдал нэмэгдэж байгаа шалтгаан нь олон жилээр төсвийн орлогын төлөвлөлтийг худлаа хийдэг, ДНБ-ий өсөлтийн төсөөллийг өөдрөгөөр тооцдог, бодитой орлогын төсөөлөлд бус зардлын хэмжээндээ тулгуурлаж, төсвөө зохиож ирсэн, УИХ тэрнийг нь томруулж баталдаг гаж тогтолцоо удаан оршиж байсантай холбоотой. Сангийн яам төсвөө үнэн бодитой төлөвлөөд, УИХ нь үнэн зөвөөр баталдаг систэм рүү аль эрт орох байсан. Энэ алхамыг АН засаг барьж байсан өнгөрсөн 4 жил хийж эхлүүлсэн. Царцаасан төсөв гэж нэрлэгдсэн төсвийг 2013 онд анх батласан үеэс төсвийн үр ашиггүй хөрөнгө оруулалт, замбараагүй зарцуулалт хумигдаж эхэлсэнийг та бүхэн мартаагүй байх.

САЙН хөтөлбөрөөс болж төсвийн зардал зайлшгүй нэмэгдэх болж өссөн мэтээр, өмнөх УИХ-ын баталсан хуулиудыг хэрэгжүүлэхэд нэмэлт санхүүжилт хэрэгтэй боллоо, бодлого нь буруу байлаа гэх мэтээр гүтгэж, төсвийн санхүүжилтын хүндрэлийг АН-ын шийдвэрлэж байсан аргаас өөр аргаар шийдвэрлэж чадахгүй байгаагаа нуух, “арьсаа хамгаалах гэсэн” мэдээлэл хийлээ гэж үзэж байна.

Улсын өр гэж Засгийн газар хариуцаж төлөхгүй аж ахуйн нэгж, банкны гадаад зах зээлээс авсан, өөрсдөө төлөх хөрөнгө оруулалтын дүнг оруулсан том тоогоор ард иргэдийг айлгаж, сонгуулийн сурталчилгаагаа хийсэн. Одоо харин зам, дэд бүтцээ барих, экспортоо нэмэгдүүлэх, импортыг орлох дотоодын үйлдвэрүүдээ дэмжихийн тулд гадаад зах зээлээс босгосон ЗГ-ын үнэт цаасны үндсэн болон хүүгийн 2016-2019 онуудад төлөх графикт төлбөрийг нэг дор ойрын хоёр жилд төсвөөс төлөх гэж байгаа мэтээр (2016 онд 5,811,4, 2017 онд 7,938,7, 2018 онд 6,612,6, 2019 онд 5,202,7 их наяд буюу нийт 25,565,4 их наяд төгрөгийг төсвөөс төлөх болсоноор төр үйл ажиллагаагаа санхүүжүүлэх боломжгүй болж дампуурсан мэт мэдээлсэн нь дэндүү хариуцлагагүй байна. Аль ч улс 20, 30 жилийн хугацаанд эргэн төлөгдөх дэд бүтцийн том төслүүдээ төсвийн бус, урт хугацааны хөрөнгө оруулалтаар барьж байгуулдаг. Таван жилийн хугацаатай босгосон бондын эргэн төлөлтийг илүү урт хугацаатай, таатай нөхцөлтэй зээл, хөрөнгө оруулалтын өөр хувилбараар санхүүжүүлж, төсөвт дарамж учруулахгүйгээр шийдвэрлэх боломж байсан. Гэвч Сангийн сайд, Монголбанкны Ерөнхийлөгч нарын хариуцлагагүй мэдэгдлээс улбаалж, боломжийг хязгаарлагдмал болгож байгаад харамсаж байна.

  1. Шинэ сангийн сайд, төв банкны ерөнхийлөгчийн мэдэгдэл

Эдгээр мэдээллүүд нийгэмд, иргэдэд, хувийн хэвшилд, хөрөнгө оруулагчдад “Монгол улс дефолт зарлахад ойрхон байна, бидэнд чадал байхгүй” гэсэн Монгол төрийн залгамж чанар, бодлогын үргэлжлэл байдаггүй мэт ойлголт өгсөн нэн сөрөг мессеж боллоо гэж үзэж байна. Эдийн засгийн хүндрэлтэй байдлаас зөв замаар гарахыг эрмэлзэх бус, харин өмнөхөө үгүйсгэх, харлуулах явцуу сонирхол бүхий мэдэгдэл байсан.

Монголбанкны ерөнхийлөгчийн мэдэгдлийн дараах 24 цагийн дотор Чингис бондын өгөөж 5.42-оос 5.71 болж 5.4%-иар муудаж, үнэ нь 98.26-гаас 97.87 болж буурсан бол Сангийн сайдын мэдэгдлийн дараах 24 цагийн дотор бондын өгөөж 5.93-аас 8.41 болж 42%-иар муудаж, бондын үнэ 97.62-оос 94.50 болтлоо буурсан. Эдгээр мэдэгдэл гарснаас хойш төгрөгийн ам.доллартай харьцах ханш 2050-иас 2230 болж 180 гаруй төгрөгөөр огцом сулраад байгаа нь бодит үнэн шүү.

Монгол Улс валютын нөөцгүй, хямралд орсон, дефолт зарлахад ойрхон гэсэн санаа агуулсан, өмнөх бодлогын ололтыг харлуулсан, зах зээлийн хүлээлтийг эвдсэн нэн хариуцлагагүй мэдэгдлүүд нь гадаад, дотоодын зах зээлд асар сөрөг мессеж өгч, бизнесийн хүрээ, хувийн хэвшилд итгэлийг алдагдуулах, хөрөнгө оруулалт, санхүүжилт хийгдэхгүй байхад нөлөөлнө. Улмаар шаардлагагүй байхад иргэд, ААН-үүд доллар худалдан авч хадгалах, төгрөгийг үнэгүйдүүлэх, олон улсын байгууллагын хөтөлбөрт хатуу нөхцөлтэй орох зэрэгт нөлөөлж болзошгүй юм.

Хамгийн харамсалтай нь Монгол улсын Засгийн газар олон улсын зах зээлээс эх үүсвэр татах, шинээр бонд арилжаалж, хуучин өндөр хүүтэй гаргасан бондыг дахин санхүүжүүлэх, төсөвт ачаалал үүсгэж байгаа дотоодын өндөр хүүтэй үнэт цаасны эргэн төлөлтийг хийх боломжийг муутгасан мэргэжлийн бус маш хариуцлагагүй мэдэгдлийг Сангийн сайд өөрөө хийсэн нь буруу үйлдэл боллоо.

Одоогийн УИХ, Засгийн газрын мэдэгдлүүд, байр суурийг ажиглахад сонгуулийн сурталчилгаа хийж буй мэтээр аяглах, улс орны төрийн жолоог атгачихаад зах зээлийн хүлээлтийг эвдэх хариуцлагагүй мэдэгдэл хийж, эдийн засагт итгэх итгэлийг бүр мөсөн алдагдуулах үйлдэл гаргасаар байна.

Иргэд 1-2 хувийн инфляцитай байгаа орчинд эдийн засгийг хэрхэн сэргээх вэ, яаж гаднаас валют оруулж ирэх вэ, төсвийн алдагдлаа яаж тэглэх вэ, дотоодын хөрөнгө оруулалтаа хэрхэн сэргээх вэ, хувийн хэвшилд ямар сувгаар зээл гаргах вэ, ажил эрхлэлтийг яаж нэмэгдүүлэх вэ гэдэг бодлогын матрицыг шинэ Засгийн газраас хүлээж суугаа. Гэтэл эрх барьж байгаа нам бодлого бус, өмнө хэрэгжээд дууссан бодлогыг алдаатай гэж харлуулах, сайжруулаад үргэлжлүүлэх учиртай бодлогыг бүр мөсөн зогсоож байгаад харамсаж байна.