Бүсгүй минь чи мөрөөдлийнхөө залуутай учирчээ. Тэр ч гэсэн цаашдаа чамтай хамт амьдрахыг хүсдэг. Тэгтэл ирээдүйн хань чинь урьд нь гэрлэж байсан төдийгүй хүүхэдтэй байж таарлаа. Тэгвэл хүүхэдтэй хүнтэй гэрлэх үед ямар асуудалтай тулгардаг бол? ...

Хүүхэд болон гэр бүлийн амьдралын хууль

Хоёр дахь эхнэр болон эхний эхнэрийн хүүхэд хоёрын хоорондын харилцаа тийм ч амар байдаггүй. Энэ асуудлыг айл бүр өөрийнхөөрөө шийдэх гэж оролддог. Гэхдээ нэг л зүйлийг сайн ойлгоорой: хоёр дахь эхнэр нь эхний эхнэрийг хүндлэх хэрэгтэй. Чи үүнийг хэдий чинээ эрт ойлгоно, тэр хэмжээгээр гэр бүл чинь бат бөх байх болно шүү. Эс тэгвээс хэн нэгний орон зайг эзлэх гэсэн оролдлогууд байнгын хэрүүл, маргааны эх үүсвэр болдог ба ийм гэрлэлт удаан оршин тогтнож чадахгүй.

Мөн яваандаа, та хоёр хүүхэдтэй болох үед түүнийгээ анхны хүүхдээс нь илүү “чухал” болгох гэж оролдох хэрэггүй. Угаасаа ч бүтэхгүй, учир нь “хуучин эхнэр” гэж байна уу гэхээс, “”хуучин хүүхдүүд” гэж хэзээ ч байдаггүй юм...

Чи дагавар хүүхдийн тухай олон таагүй зүйлийг сонссон байлгүй дээ. Хэрвээ хүүхэдтэй хүнтэй хамтын амьдралыг босгоё гэж үнэхээр бодож байгаа бол маш их тэсвэр тэвчээр гаргаж, “хүүхдийн” асуудлыг эвтэй, найрамдалтай, зөвөөр шийдэж байх хэрэгтэй болно.

Тиймээс дараах асуудлууд үүснэ гэдэгт ямагт бэлэн байх ёстой шүү:

  • Санхүүгийн зардлууд.

Чиний ирээдүйн нөхөр сар бүр (түүнээс ч ойр ойрхон байж магадгүй) хүүхэддээ зориулж тодорхой хэмжээний мөнгийг зарцуулах болно. Мэдээж, гэр бүлийн төсвийг та хоёр хамтдаа хэлэлцэж бүрдүүлэх байх. Гэхдээ хожим нь энэ асуудал дээр үл ойлголцолд хүрэхгүйн тулд нөхөртэйгээ хичнээн хэмжээний мөнгийг хүүхэддээ зарцуулах тухай шууд ярилцсан нь дээр.

  • Хүүхэдтэйгээ уулзах уулзалтууд.

Үлгэр жишээч эцгийн хувиар ирээдүйн нөхөр чинь гэрлэсэн хойноо хүртэл эцгийн үүргээ мартахгүй. Тиймээс, боломжийнхоо хэрээр хүүхэддээ цаг гаргах нь мэдээж. Ямар нэгэн асуудал үүсгэхгүйн тулд (жишээ нь айлд уригдаад байхад, нөхөр чинь хотын нөгөө зах руу хүүхэд рүүгээ яарч байж болно) долоо хоногийн аль өдрүүдэд хүүхэдтэйгээ уулзах вэ гэдгийг анхнаасаа тохиролцоорой.

  • Хуучин эхнэр нь байнга холбоотой байна.

Хучин эхнэр нь эсвэл хүүхэд нь гэнэт залгаж, ямар нэгэн зүйлийг хүсэх үед гайхах хэрэггүй. Тэдгээр хүсэлтүүд нь амин чухал зүйл биш байсан ч бухимдах хэрэггүй. Эрчүүд ямар нэгэн асуудлыг тоолгүй өнгөрөөнө гэж хэзээ ч байхгүй. “Энэ чинь миний хүүхэд шүү дээ” гэсэн мэдэгдлийн эсрэг хэлэх зүйл олдохгүй шүү.

  • Хардалт.

Бүсгүй хүн бүр ямар нэгэн хэмжээгээр хардаж л таарна. Хэрвээ нөхрөө бусад эмэгтэйчүүдэд хардах нь хэвийн үзэгдэл бол хүүхдэд хардана гэдэг нь эвгүй санагдана. Нөхөр чинь хүүхэдтэйгээ тоглож байх үед чи хардаж байгаагаа мэдэрвэл, энэ чинь хуучин эхнэрт нь хандаж байгаа чиний хандлага гэж ойлгоорой. Тийм ээ, урьд нь нөхөр чинь түүнд хайртай байсан, тэд бүр хүүхэдтэй ч болсон. Хүүхэддээ тэр маш их хайртай. Гэхдээ чи нөхөртэйгээ харьцаагаа муутгахыг хүсэхгүй байгаа бол хардалтаа бага дээр нь дарж аваарай. Яахав, төрсөн мэдрэмж, сэтгэгдлээ нөхөртөө тухайн үед нь л хэлээрэй. Түүнээс биш, үүнийг байнга сануулж, дургүйцлээ илэрхийлэх хэрэггүй.

Хүнтэй гэрлэснээр чи тэр хүнийг байгаагаар нь, өнгөрсөн амьдралтай нь, тэр дундаа хүүхэдтэй нь хамт хүлээж авч байгаа гэдгийг ойлгоорой. Хожим нь энэ асуудлаар сэтгэлээ зовоохгүйн тулд хүүхдийг өөрийн талд оруулах, түүнийг итгэлийг хүлээх хэрэгтэй ба үүнд эмэгтэй хүний нарийн ухааныг гаргах шаардлага гарна.

Харин дагавар хүүхэдтэй хамт амьдрах болсон бүсгүйчүүдийн хувьд байдал арай хэцүү байх болно. “Муухай ааштай, зэвүүн хойд эх” болохгүй тулд дараах зөвлөгөөг дагаарай:

  • Нэгдүгээрт, нөхрөө хүүхэдтэй нь хамт үлдээж байгаарай. Хоёулахнаа кино үзэж, хоолонд орог л дээ. Харин чи гэрийн ажил хийх хэрэгтэй, эсвэл дэлгүүрээр явж тэд нарт гоё юм авна гэсэн шалтгаан гаргаарай. Гэхдээ хэлсэн зүйл чинь хүүхдэд нь дургүй учраас зугатааж байна гэсэн сэтгэгдэл төрүүлэх ёсгүй.
  • Хоёрдугаарт, хүүхдэд таалагдах гэж хичээх хэрэггүй. Хүүхдүүд том хүнээс ч илүү хүмүүсийн санааг мэдэрч чаддаг. Хэрвээ чи тэр хүүхдэд үнэхээр сайн бөгөөд бэлэг өгөхийг чин сэтгэлээсээ хүссэн бол тэр үүнийг мэдэрнэ. Мөн зөвхөн таалагдах зорилгоор өдөр болгон чихэр, бэлэг өгөөд байгааг ч ойлгоно. Тиймээс, аливааг чин сэтгэлээс хийх юм бол хүүхэд ч гэсэн чамд өөрөөр хандаж эхлэнэ.
  • Гуравдугаарт, нөхөртэйгээ ярилцаад үз. Хүүхэдтэй нь хэл амаа ололцохыг хүсч байгаа ч нэг л болохгүй байгаа тухай үнэнгээ хэлээрэй. Түүний бодлоор, юуг буруу хийгээд байгааг, хүүхэдтэй ойлголцохын тулд яах ёстой вэ гэж асуу. Хүүхдэд нь сайн ханддаг, ойлголцож чадахгүй байгаад санаа чинь зовж байгаа гэдгийг нөхөр чинь ойлговол хүүхэд та хоёрыг холбох гүүр нь болж чадна.
  • Дөрөвдүгээрт, хүүхэдтэй хоёулахнаа байх боломжийг гаргаарай. Хүүхэдтэй нь ярьж, түүнээс тусламж хүсч, саналыг асууж, түүнд ямар нэгэн нууцыг дэлгээрэй. Тухайлбал, “Аавдаа төрсөн өдрөөр ямар бэлэг өгөх үү? Байхгүй байгаа хойгуур нь энэ тухай ярилцъя. Гэнэтийн бэлэг барих уу?” гэх мэт. Хүүхдэд итгэж байгааг харуулвал, тэр ч гэсэн чамд итгэх болно.

Хүүхэдтэй харьцахдаа алтан дунджийг баримтлаарай. Сайн хүн болох гэж аясаар нь байж болохгүй. Мөн хүмүүжүүлж байна гээд хэтрүүлэв дээ. Юм болгон дээр нь шүүмжлэвэл хариуд нь “Чи миний ээж биш, үгэнд чинь орох албагүй” гэсэн үгийг амнаас нь сонсоно шүү.

Мөн, хүүхдийн ээж нь хүүхдээ чиний өөдөөс турхирах тохиолдлууд ч гарч магадгүй. Ер нь хуучин эхнэрүүд маш их гомдсон байдаг учраас тэднийг яагаад өшөрхөөд байгааг ойлгож болно. Тиймээс, хүүхдийн дэргэд ээжийг нь муулах хэрэггүй. Чиний тухай ээж нь таагүй зүйл ярьж байсан ч “ээж нь гомдсон учраас ийм зүйл ярьж байгаа юм. Яваандаа үзэл бодлоо өөрчлөх байх” гэдгийг хүүхдэд тайлбарлах хэрэгтэй.

 

Эх сурвалж: FBnews.mn