Монгол улсын сонгодог урлагийг нуруун дээрээ үүрсэн цөөхөн эмэгтэйчүүдийн нэг, их дуурийн хатан Монгол улсын СТА Ц. Ерөөтэй уулзаж уншигч таны сэтгэлийн хойморт урилаа. “Баян булагийнхан” уран сайхны киноны дууг амилуулж явсан түүнийг олон сайхан сонгодог дүр бүтээснийг хүн бүр мэдэх буй. Хэт их гоё ганган биш ч хээнцэр, ихэмсэг хувцасладаг түүнийг шавь нар нь гартаа бүү хэл гуталдаа тоос хүргэдэггүй гэж ярьдаг юм билээ. Олон шавь нь дэлхийн сонгодог урлагийн тайзанд дуулж тэргүүн шагнал хүртэж Монгол Улсынхаа төрийн дууллыг эгшиглүүлж яваа нь Ц. Ерөө багшийн бас нэгэн бахархал буй за. Ингээд түүний ярилцлагыг болгооно уу.


-Үеийн үед урлагийнхны биеэ авч явах нь үлгэр жишээ байдаг. Та залуудаа хэрхэн хувцасладаг байв?
-Би тийм их ганган байгаагүй. Зүгээр л өөртөө тохирсон хувцас өмсдөг байсан. Тухайн үед манай урлагийнхан Балгор, ЗХУ-д л боловсрол эзэмшдэг байлаа шүү дээ. Тэгэхээр мэргэжлээсээ гадна өөрсдөө хувцаслалт, хүнтэй харьцах харилцаагаараа боловсорч ирдэг байсан. Мөн ажил дээрээ нэг нэгнээсээ суралцана. Урлаг гэдэг бол өөрөө том сургууль л даа. Тэр үед Загдсүрэн, Цэвэлсүрэн гуай нарын хувцаслат бидэнд үлгэр дууриал болдог байсан. Загдсүрэн гуай гайхамшигтай сайхан эмэгтэй хүний тод жишээ байсан. Харин Цэвэлсүрэн гуай маш их ном уншдаг боловсролтой хүн. Мөн алдарт Хоролмаад тоглодог Сүрэнхоролоо гуай байна. Энэ хүмүүс ямар ч сургууль, соёлоор явж боловсроогүй ч цаанаасаа л урлагийн хүн байсан. Нэг үгээр хэлэх юм бол төрмөл соёлтой хүмүүс. Мөн уран бүтээлээ зүрх сэтгэлээсээ үзэгчдэдээ хүргэж чаддаг хүмүүс байсан. Тийм гайхамшигтай сайхан хүмүүс л бидэнд маш их нөлөөлсөн. Хүн биедээ л таарсан хувцас өмсвөл маш чамин хээнцэр харагддаг.

-Нүүр будалт тоглолтод их нөлөөлдөг байх. Тэр үед нүүр будалт хийдэг хүн байсан уу?
- Ардын жүжигчин Ц.Пүрэвдорж гуай намайг буддаг байсан. Заримдаа би өөрийгөө танихгүй болдог байлаа. Д.Жаргалсайхан, Ц.Пүрэвдорж гуай хоёр өөрсдөө их чадварлаг зураачид байсан. Тиймээс тоглолтынхоо өмнө бүх дүрүүдээ зураад тавьчихна. Тэр зургийнхаа дагуу жүжигчдийнхээ хувцсыг хийлгэж, хамар нүд, хамарыг янзална. Мөн манай Жамъяанжав дуулахаас гадна сайн жүжигчин. Дүр бүхэндээ шинэ гайхамшигтай үзэгдэл гаргаж төгс амилуулж чаддаг байсан. Эмэгтэйчүүдээс манай Ж.Уртнасан шиг гайхалтай биеэ авч явдаг хүн ховор шүү дээ. Тухайлбал, махлаг байсан ч Уртаа маань тайзан дээр нарийхан, өндөр сайхан харагдаж чаддаг хүн. Маш сайхан хувцаслана. Үс гэзгээ маш сайхан авч явна. Энэ бол бас л том соёл.

-Өөрийн чинь хувьд хамгийн их хүч хөдөлмөр гаргаж бүтээсэн дүр гэвэл?
-Кармен маш хэцүү. Ер нь дуурийн бүдүүн хоолойгоор дуулдаг эмэгтэй уран бүтээлчдийн хүсэл болсон дүр Кармен байдаг. Би төрсөн жилээсээ болоод ч тэр үү их тайван хүн л дээ. Тэгэхээр тэр цыган хүүхний дүрийг бүтээх жаахан хүнд байсан. Ер нь манайд ч бай бусад оронд тоглосон Кармений дүр их шулуун шударга, хурц дайчин, омголон эмэгтэй л дээ. Магадгүй цыган эмэгтэйчүүд тийм байж болох юм. Тиймээс би өөрийгөө их эвдэх хэрэгтэй байсан. Манайд анх Карменд тоглосон хүн бол Ч. Мөнхшүр. Өөрөө бүжигчин байсан болохоор жүжиглэлт сайтай. Д.Баадайжав маань сайхан дуулдаг ч нуруу нь намхан л даа. Гэхдээ бид гурав гурвуулаа л сайн дуулсан, сайн ч тоглосон гэж боддог.

-Та гурав нэг дүр бүтээсэн ч өөр өөрийн онцлог харагдана биз?
-Тэгэлгүй яахав. Миний хувьд нөгөө хоёроосоо арай хөгжимлөг дуулъя, үгээ тод хэлье л гэж бодож дүрээ бэлтгэж байсан. Дүр бүхэн хэцүү л дээ. Тухайлбал Евгений Онегиний Ольгагийн дүр байна. Ольга чинь их сахилгаггүй эрэгтэй хүүхэд шиг дүр шүү дээ. Татъяана болохоор их даруухан, ноомой дүр. Тиймээс Ольгад тоглохын тулд би амьдралынхаа хэв маягийг бүрэн эвдсэн гэж боддог.

-Дуучин хүн үзэгчдийнхээ зүрх сэтгэлд хүрэх л гол байдаг. Тэгэхээр уран бүтээлч хүн үзэгчидтэйгээ яаж харьцах ёстой байдаг юм бэ?
-Чи үзэгчдэдээ таалагдъя гэж бодвол их л зөв тоглож, өөрийгөө зөв харуулж, зөв тоглолт хийх хэрэгтэй. Том, жижиг аль ч дүр байсан чи үзэгчдийн сэтгэлд үлдэх л ёстой. Урлагийн хүн хэзээ ч хиймэл дүр гаргаж болохгүй. Өөрт ногдсон дүр бүхнээ бодитоор амилуулах нь чухал.

-Дуучин хүн багш болоход хэр бэрхшээлтэй байсан вэ?
-Их зүйл бий. Маш их хариуцлага нэмэгддэг юм байна. Манайд тавьгдсан анхны дууриас хойш өнөөг хүртэл маш олон дуурь тавигдлаа. Бид ямар ч үед шавьдаа их юм сургахыг л хичээнэ шүү дээ. Намайг гээд ирсэн хүүхдүүдийг сайн бэлтгэж элсэлтэд тэнцэхээс нь эхлээд л сургууль төгсгөж, ажил амьдралтай нь залгуулчих юмсан л гэж зүтгэнэ шүү дээ. Эх хүний сэтгэл үхдэггүй гэдэг шиг л юм болно. Заримдаа манай хүүхдүүд биднээс илүү шавь нарынхаа төлөө зүтгэчих юм гэж байдаг юм. Энэ ч ортой л үг л дээ.

-Нэг өнгөөр дуулдаг дуучид дүрээсээ болж дотроо тэмцэлдэнэ биз?
-Би Ольгад тоглох юмсан гэж дотроо бодож байсан. Д.Баадайжав маань ч тухайн үед тэгж бодож байсан байлгүй. Яагаад гэхлээр бид хоёрын нэг нь Ольгад нөгөө нь эмэг эхэд нь тоглох шаардлагатай байсан. Бид хоёр нас ойролцоо. Гэтэл Ольга нь 20 гаруй насны охин, эмэг эх нь 70 гаруй настай. Тэгэхээр насны хувьд асар их ялгаатай хоёр дүрд тоглох гэж байгаа болохоор дотроо бага ч гэсэн тэмцэл явна шүү дээ. Тэгээд би Ольгад тоглосон. Харин Д.Баадайжав маань эмэг эхийн дүрд маш чадварлаг тоглосон. Ер нь сонгодог урлагт 70 настай хүний хоолой ч уянгалаг байх ёстой.

-Хүүхдийн дуурьт хэр их удаан ажилласан бэ?
-Тухайн үед сургуулийн насны хүүхдэд сонгодог урлаг сурталчилна гэж хүүхдийн дуурь их тавьдаг байсан. Жишээ нь “Чоно ба долоон ишиг”-т их тоглосон шүү дээ. Би дандаа л шуламын дүрд тоглоно. Надаас өөр шулмын дүр тухайн үед байхгүй байлаа шүү дээ. Орос мэргэжилтнүүд намайг харахаараа л ийм хөөрхөн хүүхэн дандаа л тийм муухай шуламын дүрд тоглох юм гээд л инээлддэг байж билээ.

-Таныг тарваган тахлын хорионд орж байсан гэж сонссон?
-Баянхонгор аймагт тоглолт хийж яваад тарваган тахлын хорионд 10 гаруй хоносон. Өглөө босоод л нэг танихгүй хүний бие ямар байгааг асууна. Их муудаж хоносон гэвэл санаа зовно. Гайгүй дээрдэж байна, эмчилгээ сайн байгаа гэвэл их баярлана. Яагаад гэхлээр хорио хурдан тавигдвал харих гээд байгаа л царай нь тэр шүү дээ.

-Хамраа түлсэн яриа байдаг?
-Сонгодог урлаг сурталчлахаар гээд хөдөө бригадаар их явуулна. Гурван айл байсан ч нэг малчных нь гэрт ороод л тоглолт хийнэ шүү дээ. Нэг өвөл “Чоно ба долоон ишиг”-т тоглоод явж байсан чинь шулмын минь хамар хөлдчихөөд наалддаггүй. Тэгэхээр нь халааж байгаад хамартаа наачихсан чинь хоёр талаараа түлээд улаан халзан нүүртэй хүн тоглолтоо дуусгачихаад хотдоо ирж байлаа.

-Ээжийнхээ тухай?
-Миний ээж Өвөрхангай аймгийн Хужирт сумын харьяат хүн л дээ. 16 настайдаа хотод ирж ажиллаж байгаад аавтай минь танилцсан юм билээ. Хотын гүйцэтгэх захиргаанд ажилладаг байсан. Төв аймгийн шавыг тавилцаж явсан гэж ярьдаг юм. Сүүлд төмөр замын цэцэрлэгийн эрхлэгчийг олон жил хийсэн хүн. Аав минь гэр орны ажил мэдэхгүй цалингаа л авчирч өгдөг хүн байсан. Ээж маань л гэр орон үр, хүүхдээ өсгөсөн. Ер нь л амьдралын их ухаантай хүн байсан. Гэхдээ аавыг бурхан болсноос хойш тулах, түших юман дээр хазайх үе олон байсан байлгүй яахав. -Дуурийн дуучдын нэг үеийнхэн Сэлэнгэ нутгаас олон төрсөн байдаг. Тиймээс дуурийн дуучны хоолойд нутаг ус нөлөөлдөг байх гэж би боддог юм. Таны хувьд? - Одоо л гэхэд Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумаас хэд хэдэн хүүхэд надаар хичээл заалгуулж байна. Зарим нь төгсчихсөн. Бусад аймгийг бодоход Оростой хил залгаа болоод хоолой нь хөгжимлөг, мөн хүүхэд байхаасаа орос дуу дуулж өсдөг нь нөлөөлдөг байж ч болох юм. Манай Сэлэнгэ чинь уул, ус тэгш сайхан нутаг л даа. Байгаль ч нөлөөлдөг байж болох талтай.

-Таны хамгийн дотнын найз?
-Сайн найз нөхөд олон л доо. Зарим үед сайндаж, муудаж л байдаг юм. Гэхдээ Ж.Уртнасан бид хоёр амьдралынхаа зовлон жаргал хоёрыг сайн мэднэ. Их дотно. Мөн Банзаржав байна. Ер нь бид их ойр дотно л доо. Эрчүүдээс манай Хавлааш их зөөлөн, уян найрсаг хүн байлаа.

-Урлагийн хүн ар талынхаа амьдралыг үрдэг сул талтай гэж ярьдагтай та санал нийлэх үү?
-Шууд тэгж ойлгож болохгүй байх. Сайн сайхан амьдралтай олон хүн бий шүү дээ. Гэхдээ сүүдэртэй тал ч бий. Би дөрвөн хүүхдийн ээж л дээ. Гэхдээ хөдөө гадаа их явна. Юм л бол тоглолт гээд л алга болчихно. Тэр үед миний ээж л дөрвөн хүүхдийг минь өсгөж өгсөн. Ааваас хойш 19 жил миний ээж надад хань болж, дөрвөн хүүхдэд минь ухаан суулгаж өгсөн. Ээжийн минь ухаанаар миний хүүхдүүд одоо сайн сайхан амьдралтай явна гэж би боддог юм. Би хүүхдүүдийнхээ эцэг эхийн хуралд сууж үзээгүй хүн шүү дээ. Миний ээж л хүүхдүүдийн минь сургууль, соёл гээд л хамаг л зүйлийг нь хийдэг байсан. Би ийм л сайхан ээжтэй хүн.


 


-Таныг дөрвөн хүүхдийнхээ ааваас салсан гэж сонссон юм байна. Энэ үнэн үү?
-Урлагийн хүн ханиа зөв сонгохгүй бол хэцүү. 31 настайдаа би ханиасаа салсан. Бага маань хоёр нас өнгөрч байсан үе л дээ. Яахав дээ залуу хүний л омголон, бардам зан л тухайн үед алдаа болсон. Гэхдээ бид хоёр одоо гэр бүлээрээ ойр дотно явдаг л даа. Түүний минь хань гэж сайн хүн бий. Бид хоёр найзууд л даа. Манай хүүхдүүдийн аавыг маш сайн харж халамжилж байгаа. Тиймээс би их хүндэлж явдаг. Бид хоёр үр хүүхдүүдээ танилцуулж ойр дотно байлгахыг л хичээдэг.

-Таны аав УГЗ Цэрэнпил гэж сайхан хүн байсан. Аавынхаа тухай дурсамж сөхвөл?
-Аав минь цэргийн хөгжимд бүх л амьдралынхаа он жилүүдийг өнгөрөөсөн. Үлээвэр хөгжимд зүрх сэтгэлээ зориулсан. 100 гаруй марш бичсэн хүн. Ардын жүжигчин Н.Жанцанноров гуай “Манай улсын маршийн хаан бол Цэрэнпил” гэж нэг удаа хэлсэн байдаг. Энэ үг яах аргагүй үнэн л дээ. Аав минь их эрт бурхны оронд явсан л даа. Гэхдээ өнөөг хүртэл монголын цэрэг аавын минь зохиосон маршийн аянд алхаж, сэрж, жагсч байдаг нь надад их сайхан санагддаг. Энэ жил үлээвэр хөгжмийн 100 жилийн ой болж байна. Тиймээс аавыг минь дурссан олон сайхан ажил өрнөх байх гэж бодож сууна. Миний аавын зохиосон ая аялгуугаар гадаад дотоодын зочид төлөөлөгчдийг угтан авч, үдэн мордуулдаг. Сэтгэл огшсон эр цэрэгтэй холбоотой бүх л үйл ажиллагаанд миний аавын зохион марш явдаг. Үүнд үр хүүхэд нь бахархахгүй байхын аргагүй шүү дээ. Миний дүү ч ялгаагүй цэргийн чуулгат насаараа ажиллаад тэтгэвэрт гарсан. Төр засаг аавын хөдөлмөр бүтээлийг үнэлж үлгэр жишээ хөгжмөөс анх удаа УГЗ хэмээх сайхан цол олгосон, мөн тухайн үеийн цөөхөн хурандаануудын нэг шүү дээ. Намайг урлагийн хүн болох гарааг минь ч миний аав л нээсэн гэж би боддог юм. Миний хүүхэд нас үлээвэр найрал хөгжимтэй цэргүүдийн дунд өнгөрсөн.

-Хүүхэд байхдаа хөгжим тоглодог байсан уу?
-Аав минь баян хуур, лимбэ гэх зэрэг хөгжмүүд авч өгч байсан. Тэр бүхнээс улбаалаад л анх хөгжмийн боловсролыг гэрээрээ эзэмшсэн байх. Долдугаар ангиа төгсөөд Москва хот уруу төгөлдөр хуурын ангид явж байсан юм. Гэтэл бидний боловсрол нимгэн байсан болохоор хоорын удирдаачийн ангид орж сураад төгсч ирж байлаа. Тэр цагаас л урлагтай холбогдсон миний амьдрал минь эхэлсэн.

В.НЭРГҮЙ