МУГТ Ганзоригийн Мандахнаран Узбекистаны Ихтиёр Нобрузов бөхтэй хүрэл медалийн төлөө барилдлаа.
Хэдийгээр барилдааны төгсгөлд манай тамирчин онооны илүүгээр ялсан боловч, шүүгчдийн шийдвэрээр Узбекстаны бөхөд сүүлийн оноо өгч, Ихтиёр Нобрузов хүрэл медаль хүртлээ.

Хүрэл медаль хүртсэн гэдэгт баттай итгэсэн Монголын багийн дасгалжуулагчид шүүгчийн шийдвэртэй санал нийлэхгүй байгаа гэдгээ мэдэгдэж, дэвжээн дээр хувцсаа тайлж шидсэн явдлыг гаднын хэвлэлүүд онцолж эхлээд байна.

Yahoo news, usatoday.com, time.com, latimes.com зэрэг сайтуудад "Монголын багийн дасгалжуулагчид хувцсаа тайлж эсэргүүцлээ илэрхийллээ" гэсэн гарчигтай мэдээллүүд гарчээ.

Лос Анжелес Таймст бичсэнээр "Монголын багийн дасгалжуулагчид шүүгчдийн өмнө хувцсаа тайчин, дотуур өмднөөс өөр зүйлгүй үлдлээ. Дасгалжуулагчдын нэг Б.Баяраа "Бид эсэргүүцлээ илэрхийллээ. Шүүлтэд асуудал байна. Гурван сая Монголчууд энэ хүрэл медалийг хүлээж байлаа, харин одоо медаль байхгүй... Цэнгэлдэх даяар биднийг дэмжиж байсан" гэжээ.

Харин Ройтерс агентлаг "...Барилдааныг 7:6-ын харьцаагаар тэргүүлж байсан Г.Мандахнаран сүүлийн 18 секундийн турш өрсөлдөгчөө тойрч гүйн, оноогоо хамгаалсан учраас торгуулийн оноогоор ялагдсан юм" гэж бичсэн байна.

Yahoo news "Риогийн олимп туг барьсан нүцгэн Тонга залуугаар нээлтээ хийж, уурлаж нүцгэлсэн хоёр монгол дасгалжуулагчаар төгсөж байна" хэмээн онцолжээ.

Харин чөлөөт бөхийн нэгэн тамирчин "Шүүгч эхлээд барилдааныг зогсоож сануулга өгөх ёстой. Дараа нь ахиад зугтвал шууд нэг оноо өгөх эрхтэй. Тэрнээс шуд оноог өгөх эрхгүй, энэ луйвар" хэмээн өөрийн цахим хуудаснаа постлосон байна.

Э.Нямцоож

www.zuvsongolt.mn