Улсын хэмжээнд өдгөө 90 гаруй улсын болоод хувийн их, дээд сургууль байдаг. Энэ нь манай улсын хүн амтай харьцуулахад их болон дээд сургуулиудын тоо харьцангуй их. Үүнээс хувийн хэвшлийнх нь арай л олон юм.

Гэвч эдгээр сургууль өдгөө сайн, чадварлаг, мэргэшсэн боловсон хүчин бэлдэж чадаж байна уу гэвэл бүгд ам нэгтэйгээр “үгүй” гэж хэлэх биз. Гэсэн ч тэд жилийн жилд оршин тогтносоор л байдаг. Зарим нь сургуулийнхаа зарим мэргэжлийн ангид нь оюутны тоо хүрэлцэхгүй байна гэх нэрийдлээр дээд, доод хоёр курсыг нэгтгэчихсэн байх жишээтэй. Дээд курсынхэн нь ч яахав цааш үргэлжлүүлэн үзсэн зүйл дээрээ шинэ зүйлээ сураад явчихна. Гэтэл дунд нь сургуулийн алдаатай бодлогоос болж нэгдсэн гэх доод курсынхэн бүтэн жил сурах байсан хичээлийн хөтөлбөрөөсөө хоцроод алгасаад явчихаж байна.

Гэтэл жил бүрийн намар эцэг, эхчүүдэд тулгардаг нэг бэрхшээл бий. Тэр нь хүүхдээ цэцэрлэгт элсүүлэх. Ядаж байхад одоо бүр сугалаа сугалуулж цэцэрлэгт хүүхэд авдаг болчихсон. Хэрэв оруулж чадвал тэр жилдээ л тэнгэрийн умдаг атгасан гэсэн үг.

Хэдэн өдөр, шөнө харьяа дүүргийнхээ цэцэрлэгийн үүдийг манаж, халуунд нь халж, хүйтэнд нь хөрж, бороонд норох нь норж, шороотой салхинд нь “нүдүүлэн” байчихаад зарим нь цэцэрлэг ч үгүй буцдаг нь худал биш үнэн. Жил бүр цэцэрлэгийн тоо нэмлээ л гэдэг. Гэтэл зарим нь барьж байгаа ашиглалтад ороогүй цэцэрлэгээ шинээр ашиглалтад орсон цэцэрлэгийнхээ тоонд оруулчихсан байдаг.

Энэ жил цэцэрлэгийн насны 288 мянган хүүхдийг цэцэрлэгт хамруулна гэсэн судалгаа бий. Үүнийгээ өнгөрсөн жилээс нэмэгдсэн гэж албаны хүмүүс мэдэгдсэн. Тэгвэл үүнээс 40 мянган хүүхэд нь цэцэрлэгт хамрагдаж чадахгүйд хүрээд байгаа. Энэ тоо бол бага тоо биш гэдэг нь ойлгомжтой. Тэгэхээр энэ тооны эцэг, эхэд хүүхдээ яах вэ гэсэн асуудал тулгарч буй юм.

Зарим хувийн цэцэрлэг, их, дээд сургуулийн төлбөр бараг л адилхан болчихсон. Тиймээс зарим нэг оюутны тоо нь гүйцдэггүй дээд сургуулийг цэцэрлэг болговол зүгээр юм биш үү.

 

Эх сурвалж: www.bolod.mn

Д.БАТ