УИХ-ын намрын ээлжит чуулганаар Хөрөнгө оруулалтын тухай хуулийг хэлэлцэж баталсан. Үүнтэй холбоотойгоор Монголын худалдаа, хөрөнгө оруулалтын өсөлтийг дэмжих зорилготой байгууллага болох Монголын Бизнесийн Зөвлөлийн Дэд захирал И.Сэр-Одтой ярилцлаа.

 

-УИХ-ын намрын чуулганаар Хөрөнгө оруулалтын болон Хөрөнгө оруулалтын сангийн тухай хууль батлагдлаа. Энэ хууль батлагдсанаар ямар өөрчлөлт гарна гэж бодож байна вэ?

-Энэхүү хууль батлагдсанаар ганц, нэг хоногийн дотор хөрөнгө оруулалтын орчин гэнэт сайжирна гэсэн үг биш. Гэхдээ сая батлагдсан Хөрөнгө оруулалтын тухай хуулинд хөрөнгө оруулагчид, бизнес эрхлэгчдийн хүсээд байсан нөхцөл, боломж, хууль, эрх зүйн тогтвортой байдлыг хангахад чиглэсэн олон зүйл, заалт оруулж өгсөн нь тун сайшаалтай юм. Жишээлбэл, хөрөнгө оруулалтын хэмжээнээс шалтгаалж хөнгөлөлттэй нөхцөл, боломж, тогтвортой байдлыг илүүтэй хангана гэх зэрэг зүйл заалт байгаа нь урд өмнө нь байгаагүй дэвшил гэж ойлгож байгаа. Мөн Хөрөнгө оруулалтын тухай хуулийг УИХ-н гишүүдийн гурваны хоёрын саналаар дахин нэмэлт өөрчлөлт оруулж болно гэсэн нь хөрөнгө оруулагчдын дунд үүсээд байсан айдсыг байхгүй болгож байгаа юм. Ялангуяа Монголын хөрөнгө оруулалтын орчин, нөхцөл, хууль эрх зүйн байдлыг анхааралтай харж байгаа томоохон хөрөнгө оруулагчдад онцгойлон танилцуулж байгаа хэрэг гэж ойлгож байгаа. Тиймээс одоогийн бий болгож буй энэхүү эрх зүйн тогтвортой орчин, нөхцөл байдлаа маш сайн сурталчилж, хөрөнгө оруулагчдыг татах шаардлагатай.

 

-Шинээр батлагдсан Хөрөнгө оруулалтын тухай хууль нь гадаад, дотоод хөрөнгө оруулагчид гэж ялгалгүй аль болох тэгш боломж, нөхцлийг олгож буйгаараа давуу талтай гэж зарим мэргэжилтнүүд үзэж байна. Энэ тал дээр ямар бодолтой байна вэ?

-Бүгд зэрэг гараанаас гарна гэсэн үг. Өөрөөр хэлбэл өмнө нь гадаадын хөрөнгө оруулагчдад Монгол Улсад оруулж буй хөрөнгө оруулалтын хэмжээнээс нь шалтгаалж татварын тохирох хөнгөлөлт үзүүлнэ гэдэг байсан. Харин дотоодын хөрөнгө оруулагчдад өөр хандах жишээтэй. Тиймээс энэхүү маргаантай асуудлыг энэ хуулиар шийдэж өгч байгаа юм.   

 

-Тус хуулинд хөрөнгө оруулагчийн хөрөнгө оруулалтын хэмжээнээс шалтгаалж илүү таатай эрх зүй орчин, хөнгөлөлттэй нөхцөл, боломжийг бүрдүүлж өгнө гэж заагдсан. Энэ тал дээр ямар байр суурьтай байна вэ?

-Энэ нь бага хэмжээний хөрөнгө оруулалт хийсэн гээд ялгавартай хандаж байгаа хэрэг огт биш. Харин хуулиар батлагдаж байгаа энэхүү томоохон хэмжээний хөрөнгө оруулагчдыг татах гэсэн зүйл заалт нь яахын аргагүй зөв. Өөрөөр хэлбэл эдийн засагт нөлөө үзүүлэхүйц хэмжээний томоохон хөрөнгө оруулагчдад татварын болоод хууль, эрх зүйн тогтвортой байдлаа зарлаж, дуудаж байгаа хэрэг юм. Үүнийгээ дагаад бусад жижиг хөрөнгө оруулалтууд орж ирдэг. Ийм практик “Оюутолгой” дээр ч харагдаж байна шүү дээ. Тиймээс “Оюутолгой”-гоос гадна өөр томоохон хөрөнгө оруулагчийг татаж, бусад томоохон хөрөнгө оруулагчдад бодит жишээ, практикийг харуулах нь зүйтэй гэж харж байна. Ингэж чадвал бусад хөрөнгө оруулалтын урсгалыг Монгол Улс руу нээж чадна.

 

-Хөрөнгө оруулалтын тухай хуулинд мөн бүсчилсэн хөгжлийн зүйл заалтыг оруулж өгсөн байсан. Энэ нь аль болох алслагдсан орон нутаг руу хөрөнгө оруулах тусам илүү тогтвортой байдал, боломж, хөнгөлөлтийг олгоно гэсэн зүйл, заалт юм. Энэ тал дээр ямар байр суурьтай байгаа вэ?

-Мэдээж энэ тал дээр санал нэг байна. Бүсчилсэн хөгжлийг дэмжиж байгаа нэг хэлбэр учраас сайшаалтай хэрэг гэж харж байгаа. Харин энд нэг зүйлийг хэлэхэд хөрөнгө оруулахаар очиж буй бизнес эрхлэгч, хөрөнгө оруулагчидтай тухайн аймаг, орон нутгийн засаг захиргаа хамтран ажиллах хэрэгтэй. Харилцан ашигтай хамтран ажиллахын оронд маргаантай асуудлыг гаргаж буй жишээ олон байна шүү дээ. Тиймээс энэ асуудлыг шийдэхийн тулд тухайн хөрөнгө оруулалтаас гарч буй ашиг, захиран зарцуулах эрхийг нь тухайн орон нутгийн захиргаанд өгөх асуудлыг яаралтай шийдэх хэрэгтэй байх.

 

-Дотоодын хөрөнгө оруулагчид уул уурхайгаас гадна өөр ямар чиглэлд хөрөнгө оруулах илүү хүсэлтэй байдаг вэ?

-Одоогийн нөхцөл байдалд энэ асуудлыг авч үзвэл хөрөнгө оруулалтын орчин ер нь л уул уурхайтай харилцан хамааралтай болчихоод байгаа юм. Тоо баримтыг харахад ч гэсэн экспортын 90 гаруй хувь нь уул уурхайн бүтээгдэхүүн байх жишээтэй. Гэхдээ заавал энэ салбарт хөрөнгө оруулах ёстой гэсэн үг биш.

 

-Тэгвэл бусад салбарт хөрөнгө оруулалтыг татахын тулд юу хийх хэрэгтэй бол?

-Уул уурхайгаас олж буй их хэмжээний ашгаасаа тодорхой хэмжээгээр бусад салбарыг хөгжүүлэх чиглэлд зориулах ёстой. Өөрөөр хэлбэл өндөр хэмжээний техник технологийн салбарт хөрөнгө оруулалт хийж дахин боловсруулах үйлдвэр зэргийг бий болгох нь зүйтэй. Ингэх нь аль аль талдаа ашигтай шүү дээ. Мөн Инноваци болон бусад хуулиараа дэмжээд явах хэрэгтэй гэж бодож байна.

 

-Эцэст нь асуухад бүх хүмүүсийн анхаарлыг татаж байгаа “Оюутолгой”-г тойрсон асуудлыг Монголын Бизнесийн Зөвлөл юу гэж харж байгаа вэ?

-Мэдээж “Оютолгой”-г тойрсон асуудал хөрөнгө оруулалт болоод бусад салбарт хүчтэй нөлөө үзүүлж байна. Далд уурхайн бүтээн байгуулалт зогссон нь хоёр талын аль алинд нь ашиггүй. Нэг ёсондоо цаг алдах тусам “Оюутолгой”-гоор дамжиж Монголд орж ирэх татварын орлого, түүнээс үүссэн бусад асуудлд сөргөөр нөлөөлж байгаа. Энгийнээр хэлбэл маш аятайхан байсан нөхцөл байдал маш эвгүй болчихсон.