Бурханы оронд одсон ээждээ бичсэн захидал
2016/08/24
Сайн байна уу, ээжээ. Та минь сайн биздээ. Хүү нь сайн. Намрын хонгор салхи үе үехэн сэвэлзэж хаа нэгтээ шувууд гаганах нь хэдийнээ намар цаг ирснийг гэрчлэх шиг.
Ийм л шаргал намрууд хүүгийнх нь сэтгэлд баяр гунигийн мөртэйгээ тодоос тод үлджээ. Гэвч тэр л олон намруудаас энэ жилийн намар ганцаардал гунигийг дэндүү ихээр мэдрүүлсэн хатуухан намар болж байна даа. Гадаа хэдий сэрүү бүрэн унаагүй ч хүүгийнх нь сэтгэл зүрхэнд жихүүн жавар, хагацал гунигийн сүүдэр нэгэнт тусжээ.
Ингэхгүй гээд ч яах билээ. Юутай ч зүйрлэмгүй, юугаар ч нөхөхгүй “ээж” гэдэг тэр том орон зай одоо хүүгийнх нь сэтгэл зүрхэнд хоосон болчихоод байна шүү дээ. Энэ хоосон орон зай хэзээ ч нөхөгдөхгүй гэдгийг мэдэж байгаа ч зүүд байвал ямар сайхан бэ гэсэн бодол хаяа төрөх л юм. Та минь яваад хэдийнэ 3 сар болжээ. Энэ 3 сарын хугацаа 3 жил, магадгүй 30 жил шиг л өнгөрч байна. Гэхдээ тантайгаа хамт байсан цаг хугацааг бодохоор өчигдөрхөн л юм шиг санагдах юм. Үхэл хагацал хэнийг ч ялгахгүй дайрна гэдгийг хүү нь мэднээ. Гэхдээ та минь арай л эрт явчихсаныг бодохоор дэндүү харамсалтай. Энэ захиаг та минь уншихгүй гэдгийг, энэ захианд хариу ирэхгүй гэдгийг сайн мэдэж байна. гэхдээ зүгээр л таньдаа захиа бичмээр санагдаад бичиж сууна. Магадгүй та минь тэнгэрээс тэнэгхэн хүүгийнхээ захиаг унших ч юм билүү. Ингэж л сэтгэлээ хуурч өөрийгөө жаахан ч боловч тайтгаруулж сууна даа.
Та минь намайгаа дэндүү их хайрлаж, дэндүү ихээр хайрандаа бөмбөрүүлж өсгөсөн болохоор хүү нь их зөөлөн, сэтгэлийн хат их муу бололтой. Тиймдээ ч таныгаа санах бүрийд, тантайгаа хамт байсан дурсамж сэдрэх болгонд хоолойд торсон нулимсаа тэвчиж чадахгүй уйлчих юм. Ийм нэг шаргал намрын өдөр ийм захиа бичээд сууна гэж хэзээ ч төсөөлж байгаагүй ээ. Бага байхын л хүү нь намар болохоор сэтгэл нэг л гунигтай болчихдогсон. Яагаад тэгдэг байсныг одоо бодход намар болоод сургуульдаа явна, тэгээд гэрээ санана, танийгаа санана гэхээс л бяцхан зүрхэндээ хөнгөн гуниг тээдэг байждээ. Одоо харин эргээд бодход тэр гуниг маань юугаар ч солимгүй жаргал байсан байна лээ. Та минь хүүгийнхээ төлөө бүх л зүйлээ бүрэн зориулж эцсийн ганц амьсгалаа хүртэл миний төлөө л зориулсныг хүү нь мэднээ. Гэвч таныхаа тэр их ачыг өчүүхэн ч гэсэн хариулж чадаагүй ээ. Таныгаа нэг л өдөр жаргаана даа гэж бодож явснаас биш хорвоогийн тоглоом ийм хатуу байдаг гэдгийг хүү нь даанч ухаараагүй явсаан. Гэхдээ л миний ээж хүүдээ өчүүхэн ч гомдоогүй, өчүүхэнч болов ач нэхээгүй, хүүдээ сэтгэл хангалуунаар энэ хорвоогоос явсан гэдэгт хүү нь итгэнэ.
Яагаад гэвэл миний ээж чинь тийм л агуу хосгүй бурхан шүү дээ. За за хүү нь энэ захиагаа ингээд дуусгъя даа. Бичээд байвал хэдэн нүүр бичсэн ч болохоор л байна. Гэхдээ хүү нь цааш нь үргэлжлүүлж бичиж чадахгүй нь, бичих тусам уйлсаар байгаад... Бас хүү нь ийм захиа олныг бичихгүй ээ.
Яагаад гэвэл та минь тэнгэрээс хүүгээ хараад миний ээж өр нэмгэн болохоор санаа нь зовох бизээ. Одоо хүү нь таныгаа амар амгалангийн оронд амар тайван байлгахыг л хүс ч байна. миний ээж одоо юунд ч битгий санаа зовоорой. Хүү нь таныхаа сүүлчийн хүслийг сайн биелүүлж аавыгаа сайн харнаа. Ингээд тэнэгхэн хүү нь таныхаа гэгээн дүрийн тань өмнө сөгдөн мөргөе. Ум сайн амгалан болтугай.
Зочин · 2024/04/24
хайрт ээжийгээ маш их санаж байна даа
Зочин · 2016/09/11
Ээж гэдэг бурханаа алдхаасаа өмнө хайралж хүндэлж шүтэж яаваарай хүмүүсээ
Зочин · 2016/08/28
Erh tanhil zan gedeg eejtee l hunii aash yum shuu gedeg yutai unen ajguu
Зочин · 2016/08/26
tiimee minii eej ch bas bidniig orhiod 3 sar bolj bn. Uneheer ezguurch bn da
Зочин · 2016/08/24
zorigtoi bai. tengerees urgelj xarj urgelj xamt bga. saixan yvbal bayrlana
Зочин · 2016/08/24
Би бас ээжийгээ санаж байна. Миний ээж бурхан болоод өнөөдөр нэг жил болж байна
Зочин · 2016/08/24
cool