Өчигдөр буюу наймдугаар сарын 24-нд Засгийн газрын танхимд болж өндөрлөлөө.Тус хуралдаанаар УИХ-ын гишүүн С.Чинзориг нарын санаачлан боловсруулсан Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуулийн төсөлд Засгийн газраас өгөх санал, дүгнэлтийн тухай, Засгийн газраас өгөх санал, дүгнэлтийн тухай болоод зарим томилгоог хийлээ.

Тухайлбал, УИХ-ын гишүүн С.Чинзориг нарын санаачлан боловсруулсан Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуулийн төслийг хэлэлцээд үзэл баримтлалын хувьд дэмжиж, зарим тооцоо судалгаа, хэрэгжүүлэх хугацааг тодруулах нь зүйтэй гэж үзэв. Мөн газрын тосны хайгуулын “Эргэл XII” талбайд Ашигт малтмал, газрын тосны газар болон “Smart oil investment limited” ХХК-ийн хооронд Бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулах эрхийг тус газрын дарга Б.Баатарцогтод олголоо.

УИХ-ын гишүүн С.Чинзориг нарын гишүүдээс санаачилсан Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцээд зарчмын хувьд дэмжиж, төслийг УИХ баталбал мөрдөж эхлэх хугацааг 2018 оны нэгдүгээр сарын 1-нээр тогтоох саналыг уламжлахаар тогтлоо. Харин эрүүл мэндийн салбарт Засгийн газрын 2012 оны 61 дүгээр тогтоолоор батлагдсан “Нөхөн үржихүйн эрүүл мэнд” үндэсний IV хөтөлбөрийн төгсгөлийн үнэлгээний дүнг Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг танилцууллаа. Хөтөлбөрийн шинэчилсэн хувилбарыг энэ оны дөрөвдүгээр улиралд багтаан боловсруулж танилцуулахыг түүнд даалгалаа.

Мөн ХХААХҮ-ийн сайд П.Сэргэлэн малын гоц халдварт шүлхий болон цэцэг өвчний талаар Засгийн газрын хуралдаанд танилцуулга хийв. Малын эдгээр өвчний гаралт, тархалтын талаар яаралтай судалж, хуулийн тогтоомжийн дагуу холбогдох арга хэмжээ авах санал боловсруулж Засгийн газрын хуралдаанд оруулахыг Шадар сайд болон ХХААХҮ-ийн сайдад даалгалаа.

Томилгоо

Гаалийн ерөнхий газрын дэд даргаар Ё.Бат-Эрдэнийг,

Шүүхийн шийдвэрийг үндэслэн ШӨХТГ-ын дарга Д.Мөнхтөрийг үүрэгт ажлаас нь чөлөөлж, мөн шүүхийн шийдвэрийн дагуу Б.Лхагвааг тус газрын даргаар томиллоо.

Мөн Эрдэнэс-Монгол ХК-ийн ТУЗ-ийн гишүүдийг томилж, тус компанийн ТУЗ-ийн хараат бус гишүүдийг нээлттэй сонгон шалгаруулалтаар тодруулах ажээ.