Нийслэлийн Засаг даргын Дэд бүтцийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч П.Баярхүү даваа гарагт Бүгд Найрамдах Чех Улсын Элчин сайдын яамны эдийн засгийн зөвлөх Ладислав Хораакыг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилсон билээ.

Тэгвэл энэ уулзалтын үеэр авахуулсан нэгэн гэрэл зураг цахим ертөнцөөр тарж бага үгүй олон хүний дургүйцлийг хүргээд авчээ. Учир нь тэрбээр гадаадын төлөөлөгчтэй уулзах үеэрээ гар утсаараа оролдож буй агшин олон хүн таалагдаагүй бололтой.

Тиймээс цахим хэрэглэгчид энэ үйлдэлд ундуйцан "Энд соёлтой соёлгүй ямарч хамаагүй. Энэ нөхөр юу ч мэдэхгүй, авлигал өгч албан тушаалд очсон байж болно. Гэхдээ холоос ирж ажил ярьж байгаа гадны нөхөр түүнийг хувь хүнээр биш харин Монголын Төр өөдөөс нь хараад хүндлэхгүй, ёсоо мэдэхгүй, үл тоомсорлон ярваагаад сууж байна гэж хүлээж авна. Бид Эрхэм Чехийн гадаад хэргийн дэд сайдаас энэ байж боломгүй үйлдэлд албан ёсны уйчлалт хүсэж байна.

Зөвхөн харийн хүнийг биш биднийг бүгдийн доромжлон суух энэ этгээдийг хэн гэдэг вэ?
Түүнд тусалж "томилсон", таньдаг, мэддэг бүх хүмүүс хартал түгээгээрэй!" гэх мэтээр бухимдсан иргэд цөөнгүй байлаа.

 

Ямартаа ч төрийн өндөр зэрэглэлийн төлөөлөгчтэй хийсэн уулзалтын үеэр энэ мэт үйлдэл энгийн иргэдэд ч таатай биш санагдаж байгааг төрийн албаны эрхмүүд ухаандаа нэг сийрүүлэх хэрэгтэй болов уу.