Албан тушаалд шунан дурлах нь муу юм огтхон ч биш
2016/08/26
Сонгуульд МАН үнэмлэхүй ялж, шинэ Засгийн газар байгуулагдсанаар албан тушаалын төлөө шунан зүтгэгсэд тоогоо алдлаа. Сонгууль бүрийн дараа л ийм юм болдог. Тэдний хэнийг нь ч буруутгаж болохгүй. Бүх хүн албан тушаал, эрх мэдэлд дуртай.
Бүр нарийн ярьвал дарга болохын төлөөх эрмэлзэл нь хувь хүний эрхийн асуудал. Хуулиар хориглогдоогүй зүйл. Монгол улсын Үндсэн хуульд заасан хувь хүний эрх чөлөөний тухай ойлголт юм шүү. Бүр томоор ярьвал энэ дэлхийн эдийн засгийг шуналдаа хөтлөгдсөн капиталистууд авч явдаг юм. Энэ дэлхийн улс төрийг эрх мэдэл, албан тушаалын төлөө нүдээ ухаад өгөхөөс буцахгүй улс төрчид авч явдаг юм. Ийм хүмүүс авч яваа гээд энэ дэлхий ертөнц сүйрчихээгүй л байна. Обама, Путин, Меркель... бүгдээрээ зүгээр сууж байхад нь хэн нэгэн урьж авчираад албан тушаалын шатаар дээш нь өгсүүлсэн юм байхгүй. Ц.Элбэгдорж, М.Энхболдыг ч гэсэн залуухан хүүхэд гудамжинд алхаж явахад нь ордны цонхоор хэн нэгэн Улс төрийн товчооны гишүүн дуудаад албан тушаалын шатан дээр тавьчихсан юм биш. Бүгдээрээ өнөөдрийн залуус шиг албан тушаал, эрх мэдлийн төлөө шунан дурласан, хөдөлмөрлөсөн, хор найруулсан, улс төр хийсэн. Тэгж байж өнөөдрийн өндөрлөгт хүрцгээсэн. Ямарч мундаг улс төрчийн ялгуулсан амьдрал ийм л түүхтэй байдаг.
Хувь хүний амбиц, эрх мэдэл, албан тушаалын төлөөх тэмцэлд ганц санал ч гайхамшигтай том замналын эхлэл болдгийг Гитлерийн жишээнээс харж болно. Өрөөсөн нүдээ алчуураар боосон, хэн ч тоож харахааргүй, доожоо муутай тэрээр нацист намын даргын өрсөлдөөнд нэгхэн саналаар ялсан байдаг юм. Ердөө ганц саналын илүүгээр. Тэгж нэг арайхийн намын даргын тамга авсан нөхөр цаашаа юу болж хувирав. Германыг түүхэндээ байгаагүй аж үйлдвэрийн улс болгож, дэлхийн дайныг эхлүүлсэн дээ. Үүгээр юу хэлэх гээд байна гэхээр үлгэрийн баатар болж мэдэх ирээдүйтэй нөхдүүд та нарыг өнөөдөр “Тэр газрын, энэ хэлтсийн даргаар тавиад өгөөч” гээд гүйж яваа ч юм бил үү, хэн мэдлээ.
2012 оны сонгуулийн дараа Н.Алтанхуягийн Засгийн газар байгуулагдахад яг л өнөөдрийнх шиг бужигнаан болсон. Гайгүйхэн шиг “том ах” нартай хүмүүс бүгдээрээ албан тушаалд хүрсэн. Гэтэл заримд нь АН-ын идэвхтэй гишүүн байсны хэрэг ч гараагүй гудамжинд үлдсэн. УИХ-ын гишүүд, сайд, том дарга нар, том хөрөнгөтнүүдийн хүүхдүүд, ах дүү нар, авааль нөхөр, эхнэрүүд нь хүртэл албан тушаал эрх мэдэлтэй болсон. Зарим хүмүүс бүр урьд байсан даргын суудал дээрээ үргэлжлүүлэн суусан. АН-аас УИХ-д сонгогдсон С.Одонтуяа гэхэд Ерөнхий сайд Н.Алтанхуяг дээр орж гуйсаар байгаад МАН-ын бага хурлын гишүүн нөхрөө Газрын тосны хэрэг эрхлэх газрын даргын албан тушаал дээр нь үлдээснийг хүн бүхэн мэдэж байгаа. Харин сүүлд Н.Алтанхуягийг огцруулах чуулганы санал хураалт дээр мань эмэгтэй гишүүн яалаа байз... Иймэрхүү жишээнүүдийг цааш нь ярьвал олон бий.
Сонгуулийн дараахь албан тушаалын хуваарилалт ийм л зарчимгүй явдгийн жишээ энэ удаа МАН дээр харагдаж байна. Өнөөдөр жишээ нь дэд сайдаар, Төрийн нарийнаар, агентлагийн даргаар томилогдож байгаа хүмүүсийн дотор МАН-ын байраар орж үзсэн болов уу гэмээр хүмүүс харагдаж байна. АН-ын бүлгийн ажлын албанд орьё гээд гуравхан сарын өмнө явж байсан хүн нэг яамны Төрийн нарийн бичгийн дарга болно гээд явж байхтай таарлаа. Түүнтэй өрсөлдөж байгаа хүн нь харин МАН-ын төлөө хэл нь хөшиж, гараа гацтал явсан, намынхаа сонгуулийн мөрийн хөтөлбөрийг боловсруулалцсан хүн дуулдана. Ингэхээрээ л МАН энэ удаа АН-ын алдааг давтах нь. Эцэстээ энэхүү намын бус хувийн зарчим чинь нам доторх эвдрэл, фракц бүлэглэлийн зөрчил, тэмцэл, Засгийн газраа унагаах оршил болдог юм даа. МАН дотор байдал энэ хэвээр үргэлжилбэл ирэх 12 дугаар сар гэхэд дотроосоо хагарна. Ө.Энхтүвшин дээр сөргүүд нь бөөгнөрнө. Ж.Энхбаяр нарын залуу Их хурлын гишүүд нь дөгөөн дэвэргэнэ. Сү.Батболдынхон далдуур санхүүжүүлнэ. Ингээд нэг хагараад эхлэвэл хажуугаас чинь өдөөн турхирагсад, өөртөө ашигтайгаар эргүүлэгсэд, санхүүжүүлэгчид, элдэв мэргэн түргэн санаа хэлж үймүүлэгсэд, дэмий үг зөөгсөд түм бумаараа нэмэгддэг нь урьдын практик юм. Энэ бүгдийн эцсийн хор хохирлыг ард түмэн амсдаг нь хамгийн харамсалтай. Ингэхгүй байхын тулд улс төрийн том намууд өөрийн үнэт зүйлээ зарчим болгох хэрэгтэй байна.
Ялсан намд нэн тэргүүнд баримтлах гурван үнэт зүйл байдгийг орчин үеийн улс төрийн шинжлэх ухаан хэлж байгаа юм. Үүнд нэгдүгээрт, намын үзэл санаа юм. МАН, АН-ын алин ч өнөөдөр Монгол улсад иргэний нийгэм байгуулах, зах зээлийн эдийн засагт төгс шилжихээ зарласан байгаа. Хоёрдугаарт, намын үндсэн капитал гэж байна. Намын боловсон хүчний бодлогыг хэлж байгаа юм. Гуравдугаарт, намын ёс зүй байна. Энэ нь юугаар илэрхийлэгддэг вэ гэвэл намын зүгээс албан тушаалд томилогдож буй хүн намынхаа мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхийн төлөө зүрх сэтгэлтэй байх, мэргэжлийн түвшин, мэдлэг боловсрол орно. Хоёр том нам яг юун дээр алддаг вэ гэхээр энэ гурван үнэт зүйл дээрээ алдаж ирсэн. Нам нь сонгуульд ялагдангуут сураггүй алга болчихдог нөхдүүд гэж байдаг. Томууд нь болохоор Америк руу алга болдог. Дундаж түвшнийхэн нь болохоор амиа авч гарахын тулд эрх баригчдын өмнө далласан газар нь ил гарч, далд ор гэсэн газар нь далд ороод явчихдаг. Тэгээд хөөрхий намынхаа үзэл санааг туг болгосон хүмүүс нь үлдэж, гандаж зэвэрсэн намынхаа байранд амь оруулж, пролетарийн ажил хийсээр дараагийн сонгуультай золгодог юм. Энэ хүмүүс л сонгуулийн тулаанд ороод явчихдаг. Сонгуулийн дүн гарлаа, Засаг барих асуудал ялсан нам дээр яригдаад эхлэнгүүт өнөө сураггүй байсан, намаасаа дөлсөн нөхдүүд гэнэт гараад ирдэг. Тэд мөнгө, танил талаараа дулдуйдан тооноор орж ирж даргын суудлууд дээр суудаг. Өнөө муу намтайгаа зууралдсан хэд нь торойгоод, шавхаруун дээр нь, зарим нь бүр юу ч үгүй үлддэг нь жам болжээ. Ийм л зарчимгүй, улс төрийн соёлгүй, увайгүй, мөнгө төгрөгийг зорилгоо болгодог үйл явц жил бүрийн сонгуулийн дараа намуудын гал тогоонд үргэлжилдэг учраас намууд төлөвшихгүй байна. Улс орон ч өөдөө явахгүй, уруудаж доройтож байна.
Угтаа бол намдаа зүтгэсэн, намынхаа үнэт зүйлүүдийг эрхэмлэсэн, би энэ албан тушаал дээр байх ёстой, хийж чадна гэсэн өөрийн итгэл үнэмшилтэй хүмүүсийг албан тушаал дээр тавих нь улс төрийн намын эрүүл үйл ажиллагаа юм. Ер нь бол ийм хийж бүтээе гэсэн сэтгэлтэй, өөртөө итгэлтэй хүмүүс албан тушаалд үхэн хатан дурладаг, хүсэл мөрөөдөлдөө хөтлөгдөж байдаг. Харин манайхан хэтэрхий амбицтай, албан тушаалын төлөө юугаа ч өгөхөөс буцахгүй хүмүүс гэж тэднийг цоллодог нь хоцрогдол. Дэлхийн бүх цаг үеийн том удирдагчид, улс төрийн том бодлоготнууд бүгдээрээ яг л өнөөдрийн манай залуус шиг албан тушаал, эрх мэдэлд шунан дурлаж, түүнийхээ төлөө тэмцэж байсан. Тэгж байж их гүрнүүдийн удирдагчид болсон. Байх ёстой хүмүүсийг байх ёстой байранд нь, албан тушаал дээр нь байршуулж чадаж гэмээнэ тэр улс орон хөгждөг гэдгийг дэлхийн 200 гаруй улс орны хөгжиж, эс хөгжиж байгаа дүр зургаас өнөөдөр бид хангалттай харж байна. Тийм болохоор албан тушаалын төлөө улайрч буй хүмүүс муухай биш, муу хүмүүс биш. Албан тушаал, эрх мэдлийн төлөө зүтгэ залуусаа. Харин “Том ах” нарт хэлэх үг байна. Хүнээ зөв таниарай. “Ганц худагт” ганц долоо хоног хэвтүүлэхэд л өөрсдийг чинь гүтгээд гараад ирэх хүмүүсийг өөд нь татав. Өнөөдрийн улс төрд шинэ хүнийг хүлээн авахдаа эхлээд хувь хүний ноён нуруу, тэгээд мэдлэг боловсролыг гэсэн шат дараалалтай болсныг Олон улсын практикаас, ядаж ойрын хөрш Си Жин Пин, Путин гуай нараас харж болно шүү.
Зочин · 2016/08/26
okay