-"Мөсөн уулын орой” гэгдэх С.Баярцогтыг Швейцарийн албаныхан үргэлжлүүлэн шалгаж байна-


Монголоос анх оффшор хөрөнгөтэй гэдэг нь илэрсэн С.Баярцогтын араас олон оффшорчид илэрсэн. Тиймдээ ч "Оффшорын загалмайлсан эцэг” хэмээх хоч юмуу хүндэтгэл юмуу цол гуншин авчихаад байгаа.

 

Өдгөө түүнийг Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн консорциум үргэжлүүлэн шалгаж буйгаа аж. Үүнээс гадна түүнийг Швейцарийн эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрынхан шалгаж байгаа гэнэ.

 

Тэд Монгол Улсын Сангийн сайд асан С.Баярцогтыг хууль бус аргаар хөрөнгө хураасан, мөнгө угаасан байж болзошгүй гэх гэмт хэрэгт сэжиглэн шалгаж байгаа юм байна.

 

Хэрвээ С.Баярцогт хууль бусаар хөрөнгөжиж түүнийгээ оффшорт нуусан бол энэ дансыг нь Швейцарийн зүгээс битүүмжилж магадгүй аж.

 

Сангийн сайд асан С.Баярцогт Швейцарийн нийслэл Цюрих хот дахь тус улсын хамгийн том банк "Кредит Сюйссе”-д 1 сая ам.долларын нууц данстай болох нь тогтоогдсон. Өдгөө энэ дансны эзэмшигч нь Хятад улсын иргэн Лео Шиу хэмээх хүн болчихоод байгаа.

 

Монгол Улсын сайд асан С.Баярцогтыг мөнгө угаасан гэх хэрэгт сэжиглэн шалгаж буйг Швейцарийн өдөр тутмын томоохон сонинд нийтэлжээ


Тодруулбал, С.Баярцогтыг хууль бус хөрөнгө Швейцарийн банкинд байршуулж, тэндээс буцаан татсан гэж сэрдэж байгаа аж. Монгол Улсын хувьд иймэрхүү гэмт хэргээрээ гаднын өндөр хөгжилтэй орнуудын дунд нэлээд алдаршсан юм. Тиймээс энэ төрлийн гэмт хэрэгт С.Баярцогтыг сэжиглэж байгаа гэнэ. С.Баярцогтын хувьд Оюутолгойн гэрээг Монгол Улсад "ашиггүй” хийснийхээ төлөө хувь хүртсэн гэгддэг.

 

Тэгэхээр С.Баярцогтын нууц хөрөнгийн эх сурвалжийг Швейцарийн зүгээс тогтоож, гэм буруутай бол дансыг нь хааж, Монголын зүгээс дахиж ийм үйлдэл гаргуулахгүй байхад анхаарах бололтой. Нөгөө талаас Монголоос татвараас зугтаалган оффшорт аваачиж нуусан нууц хөрөнгөний сүлжээний "анхдагч” эзэн С.Баярцогтыг л сайтар шалгаж байж гэмээнэ энэ сүлжээг бүхлээр нь илрүүлэх боломжтой хэмээн харж байгаа бололтой юм.

 

 

Жаргал

24tsag.mn