Монгол улсын эдийн засаг хүндэрсэнтэй холбоотойгоор хүүхдийн мөнгийг 60 хувьд нь олгохоор болсон билээ. Тэгвэл УИХ-ын нэгдсэн чуулганы өнөөдрийн хуралдаан дээр Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат: Хүүхдийн мөнгийг бүх хүүхдэд өгнө. Хүүхдийн мөнгийг нийт хүүхдийн зорилтод бүлгийн 60 хүртэл хувьд нь өгнө. Харин үлдэж байгаа 40 хувьд нь тодорхой хугацааны дараа бүрэн хэмжээгээр нөхөж өгнө гэв. Сангийн яам хэрхэн бөөнд нь нөхөж өгөх асуудалд анхаарч байгаа” гэдгийг хэлэв.

 

Сангийн яамнаас мэдээлж байгаагаар бол 2016 оны 1-6 дугаар саруудад 0-18 хүртэлх насны хүүхэд бүрд сард 20 мянган төгрөг олгосон. 7-р сараас эхлэн 20 000 төгрөгийг зорилтод бүлгийн буюу өрхийн амьжиргааны төвшнийг тодорхойлох судалгаанд хамрагдаж, амьжиргааны 1-10 дугаар бүлэгт хамрагдсан өрхийн 0-18 хүртэлх насны хүүхэд бүрд өгөхөөр болжээ.

Харин үлдэж байгаа 40 хувьд хамрагдах бусад хүүхдэд олгох мөнгийг төсвийн боломжтой уялдуулан хойшлуулсан. 2019 оноос нөхөн олгохоор ярилцаж байгаа гэв.

Ерөнхий сайд нь ирэх жилээс нөхөж олгоно гэсэн бол төсвийн тодотголыг гаргасан Сангийн яамныхан 2019 он гэж зөрүүтэй тоо хэлж байна. Тэгэхээр 40 хувьд багтаж байгаа хүүхдүүдийн мөнгө хэзээ орох нь тодорхойгүй.

Харин эцэг эхчүүдийн хувьд хүүхдийн мөнгийг алагчилж өгч байгаад эгдүүцэж байгаа. Өөрөөр хэлбэл зурагт, тоос сорогч, хөргөгчтэй гэр бүлд төрснийх нь төлөө ийнхүү хүүхдийг алагчилж байгаа нь буруу.

Нөгөө талаас Монгол улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж: Хүүхдийн мөнгө бол Монголчууд олуулаа, эрүүл өсч торниход чиглэсэн Монгол улсын бодлого юм гэдгийг мэдэгдэж байсан.

2016 оны 1, 2-р сард хүүхдийн мөнгийг зорилтод бүлэгт өгнө хэмээн мэдэгдэж байсан. Тухайн үед олон нийтийн эсэргүүцэлтэй тулгарсан болохоор бүх хүүхдэд өгөхөөр болсон. Тэгтэл одоо дахин алагчилж байгаа нь буруу гэдгийг хэлэх эцэг эхчүүд байна.

А.Баярмаа