Мафийн ардчилангуйлалт Монгол
2016/08/27
Саяхан нэг өдөр тутмын сонин дээр, манай спортын ертөнц бол мафи юм, олон жил оршин тогтнож байгаа, мафийн гишүүдийнхээ л хүмүүсийг хар багаас нь булхайдан өргөж дэмжсээр шигшээд хүргэдэг, спортод орж ирдэг хөрөнгө оруулалт, шагнал, хандив тусламжийг завшиж эргэлдүүлдэг, мафийн бус хүн Монголын спортод нэвтрэх ямар ч аргагүй, ийм болохоор спорт хөгжихгүй байгаа гэж бичсэн байв. Үнэн эсэхийг эс мэдмүй.
Энэ тухай би нэг таньдаг хүндээ хэлтэл урлагийн ертөнц яг тийм ш дээ, мафи ш дээ, тиймээс Монголын урлаг сөнөж байгаа гэдэг юм байна. Уран зохиолын ертөнц ч мафи шүү дээ, зөвхөн танил тал, нутаг ус, хамаатан садан, бизнесийн холбоо сүлбээгээр л явдаг шүү дээ гэж бодогдоод явчихлаа.
Саяхан нэгэн хүмүүн “Монголын мах мафийн гарт оржээ, гадаадын импортлогч хүнд мах олж өгөх гэсэн чинь огт олдохгүй байна, “том босс мэднэ, тэр том босс битгий хүнд мах өгөөрэй, би л бүгдийнх нь учрыг олно гэсэн, тэр хүний гарын үсэггүй бол болохгүй, тэр хүн маань маш нууц хүн” гээд халгаахгүй байна, тэр босс нь гадны хүн байдаг гэнэ” гэсэн билээ. Янз бүрийн салбарын мафиуд маань гадаадын мафид атгуулсан байх нь энгийн үзэгдэл. Төрөл бүрийн ченжүүд ч эртнээс мафийн зохион байгуулалтад орсон гэдгийг хүмүүс гадарлах байх. Монголчууд дотоод гадаадын мафиудын талхин дор давхар давхар дарлагдаж боолчлогдож байна.
Монголын салбар бүр мафи болж. Ерөөсөө л мафи. Журмын нөхөд бид улс төрийн мафиуд, уул уурхайн мафиуд, ураны, УЦС-ийн, иргэн харьяатын гээд олон мафиудтай тэмцэж иржээ. Гэхдээ хүч хөрөнгө ихтэй, өндөр зохион байгуулалттай, харийнхантай сүлбээцэлдсэн мафиуд болохоороо амар дийлдэхгүй сэнж.
Мафи л болохоор гэмт хэрэг л үйлддэг, шуналд л хөтлөгддөг, ямар ч ёс зүйгүй, яс үндэсгүй байдаг аж. Миний бие энэ нийгэм бол хулгайч нийгэм гэж 2000 онд бичиж байсан, хэдэн жилийн өмнөөс клептофеодализм гэж тодорхойлж байгаа. Гэтэл боолын нийгмийн шинж тэмдгүүд ажиглагдаад, тодруулан тодорхойлох шаардлага гарч ирсэн. Одоо хамаг учир тодорхой болж байх шиг. Клептос буюу хулгайч давхарга нь мафижсан байгаа тул мафийн боолчлолын шинж тэмдэг ажиглагдаад байсан нь тэр байж. Мафижсан клептофеодализм гэх юм уу, мафи-феодализм гэвэл илүү онох шиг.
Манайхан эвлэлдэн нэгдэж чаддаггүй, түүхэндээ далайцтайгаар сайн дураараа эвлэлдэн нэгдсэн жишээ тун цөөн, төвшин нь нэн дор учраас манайд мафи байхгүй байна гэж боддог байлаа. Гэтэл муу юман дээр бол гаргуунд эвлэлдэн нэгдчихсэн юм байна шүү дээ. Мафидаа айхтар үнэнч, гэмт хэрэг хийж сорилго давж байж элсдэг, боссоо шүтэн биширч үг дуугүй дагадаг шиг. Бас араас нь хутга шаахад бэлэн, харгис хэрцгий, зөвхөн алд биеийн цэнгэлийг л эрхэмлэн дээдэлдэг, анти-интеллектуал, ийм л босоо ороолонгууд олон болж.
Үүний нөлөөгөөр нийгэм маань ч их эрүүжсэн. Данциг Балдаев гэдэг хүний номыг 90-ээд онд уншихад эрүүгийн хүрээлэл нь амьтны ертөнц рүү их ойртсон гэсэн байхаар нь дэндүү хялбар томьёолоо юу даа гэж байсан чинь одоо бол нээрэн л амьтан л байгальд бэлэн байгаа юмыг биеийн хүчээр авах, хулгуух, булаах гэдэг дээ гэж бодогдном. Хүнээ байж байгаа хэрэг юм л даа. Тэгэхээр нийгэм маань амьтанжиж байна гэсэн үг. Арга ч үгүй, социализмаас феодализм, боолын нийгэм, хүй нэгдэл, амьтан гэж ухарна шүү дээ.
Энэ айхавтар ухралтын эх социализмын үед эхэлсэн. Хамгийн шударга сайхан нийгмийг байгуулна гэчихээд шударгачуудыгаа шууд хөнөөчихдөг, номенклатур гэх үе залгамжлах шинэ феодал давхарга хязгааргүй ноёрхсон гаж нийгэм байгуулчихсан. Угаасаа худалч большевикууд хулгайч люмпенгүүдтэй холбооцож байгуулсан гарвальтай шүү дээ. Ингээд социализмын үед дээдцүүл нь үлгэрлээд хумслалт, арын хаалга, хууль бус явдлыг хавтгайруулсан байдаг. Соцын үед ямар ч эрхэм нандин итгэл үнэмшил үгүй болж, гэмт хэрэгтнийг, хүчирхийлэгчийг, залилагчийг шүтэх үзэгдэл буй болсон гэж байгаа. Хүчтэйн өмнө хүчгүй нь буруутай гэх адгууслиг ухамсрыг социализм суулгаж төлөвшүүлж байлаа. Зөвлөлтийн хяналт даралт үгүй болсноор манай номенклатурчид, хумслагчид, арын хаалгачид улаан цагаандаа гарч энэ муухай нийгмийг үүсгэсэн.
Манайхтай адил совет нийгэмтэй байсан Орост социализм дампуурч унасны дараа гэмт хэрэг гаарсан. Хойд хөршид эрүүгийнхэн төрийнхөнтэй сүлбээцэлдэж, бүр атгаж туйлж байгаад Путиний хүчний ажиллагаанд дийлдсэн. Тэгвэл Монголд эрүүгийнхэн өөрсдөө төрд гарч, мафийн үйл ажиллагаа Монголын төр болсон тул тэдний хулгай луйвар легитим сэргээн мандуулалт, хөгжил дэвшил гэгдэх болж, Оросынх шиг анзаарагдахуйц байж ирсэнгүй. Мафийн ардчилангуйлалт Монгол болжээ.
Одоо тэгээд яах вэ? Хүн амын олонхи мафийн гишүүн биш, мафид дарлуулж доромжлуулж, мафид шулуулж мөлжүүлэгсэд. Манай нөхцөлд гагцхүү мафитай хайр найргүй дайн хийж устган сөнөөж чадах хүчтэй удирдагч юм уу улс төрийн хүчин гарч ирж байж л Монголыг аврах юм байна. Тэгэхгүй л бол мафи нь өөрөө сонгуулиар төрд гарч ирчихээд өөртэйгээ тэмцэн амиа хорлоно гэж хэзээ ч байхгүй. Мафитай дайтаж, ялж чадах Путин, Кальдерон, Дутурте шиг тийм л удирдагч Монголд хэрэгтэй ажээ. Мафи нь “Франц сөнөж, Итали сэхтүгэй” буюу “Morte Alla Francia, Italia Anela” гэх үгүүлбэрийн хураангуйлал гэдэг. Тэгвэл мафи сөнөж, Монгол сэхтүгэй гэмээр байна. Мафитай хийх дайн мандтугай!
Ч.Мөнхбаяр
Зочин · 2016/08/28
zamiin tsagdaagiin urd taliin narhan hothonii gomo monhjargal chi bairniihaa bandi nariig tataj changaahaa boli ichij amidrahad yaadiin
Зочин · 2016/08/28
zamiin tsagdaagiin urd taliin narhan hothonii gomo monhjargal chi bairniihaa bandi nariig tataj changaahaa boli ichij amidrahad yaadiin
Зочин · 2016/08/27
okay