Аялагчдад олигтойхон үйлчилгээ үзүүлчих газар монголын хөдөөд алга
2016/08/27
Наадмын олон хоногийн амралттай залгуулаад амралтаа авчихлаа. Зуны дэлгэр цагт Монгол орноо хөндлөн гулд туулж, аялах зорилготой. Өвөрхангай, Баянхонгор, Говь-Алтай, Архангай, Хөвсгөл, Булган, Орхон, Сэлэнгэ аймгаар сар гаруй явлаа.
Монголын аялал жуучлалын бүс нутгаар явж байгаа минь энэ. Өвөрхангай аймгаас үзэж харах зүйл эхэлж байгаа юм. Монголын эртний хот Хархорин, Эрдэнэзуу хийд, Орхоны цэлгэр хөндий угтана. Зуншлага энэ жил хаа сайгүй сайхан байгаа. Байгалийн сайхны талаар ярихаас илүүтэй аялал жуулчлалын бүс нутгаар юу дутагдаж байсныг хэлэх нь зүйтэй байх.
Өвөрхангай аймгийнхан энэ жил гүүгээ эрт барьж, айраг эрт гарсан. Замд “Айраг зарна”, “Хонь зарна” гээд зэвэрсэн төмөр, нимгэн банзан дээр эв хавгүй бичсэн байх нь олонтаа. Замын хажууд гүүгээ бариад айраг зарж байгаа газруудаар орлоо. Манай хөдөөнийхний хэнэггүй зан хэвээрээ л байна. “Нарантуул” захаас худалдаж авсан метрийн өнгө өнгийн бүрээсээр сүүдрэвч барьсан байх. Төмөр, мод оролцуулаад сүүдрэвч болгожээ. Яажийсан модон сандал, ширээ тавьчихсан, тоос шороо пургиад хэрэг алга. Ийм сүүдрэвчинд тавтайхан суугаад айраг уух аргагүй. Хултай айргаа хурдхан залгилаад хөдлөх, эсвэл ундаа, цэвэр усны саванд хийлгүүлж аваад явна. Ундааныхаа савыг хаанаас авсан юм бэ гэж асуух хэрэг байхгүй. Замын хажуугаар хүүхдээ мотоцикльтой явуулаад түүлгэчихдэг юм гээд хэнэг ч үгүй хариулна. Айрагны газруудаас “Хэдэн жил энд айраг зарж байна даа” гэж асуухаар олонх нь “Хамгийн багадаа найман жил айраг зарж байна” гэж байна лээ. Тэгсэн мөртлөө олигтойхон сүүдрэвч бариад, томхон ширээ, вааранд айргаа хийж тавих зэргээр тав тухтай орчин бүрдүүлчих ухаан, сэтгэл төрдөггүй бололтой. Замд тааралдах цайны газрууд ч ялгаагүй. Арав гаруй жилийн өмнө ямар байсан яг тэр хэвээрээ. Орчин, үйлчилгээ, хоолны чанар гээд бүр ч дордсон дүр зураг харагдана. Цагаан бүрээс нь пад хар болж, яажийсан гэр ч таарна. “Гэр гуанз, бүх төрлийн хоол хийж өгнө” гээд хулдаасан хэвлэлд бичээд самбар тавьчихсан харагдана. Ороод хоол идэхээр амт муутай, порц бага. Хэдхэн мах, будаа тавган дээр тавьчихаад 6000 төгрөгөөр зарна. Цайны газрын эзэд, тогооч нарын сэтгэлгээнд “Хотынхон хэдхэн ма х , будаанд цадчихна. Тэрийгээ үнэтэй зардаг юм байна лээ. Бид ч юу дутах вэ” гэх буруу ойлголт суусан гэж бодмоор бараг бүгд ижил үнээр үйлчилж байв. Гэвч мөн л тав тухтайхан суугаад хооллочих боломж муу юм, хаа сайгүй. Говь-Алтай , Баянхонгор аймагт явахад хоолны чанар, орчны талаар бүр яриад ч хэрэггүй гэмээр.
Эргээд Архангай аймгийн нутгаар явлаа. Тамирын голын хөндий, Тайхар чулуу, Чулуутын хавцал, Хоргын тогоо, Шар нохойн там, Тэрхийн цагаан нуур гээд үзэх газар зөндөө. Гэвч мөн л ялгаа байхгүй зэлүүд тал, аялагч, жуулчдад зориулсан юу ч алга. Байгалийн тогтоц, хээр тал л угтана. Хоргын тогоо орчим хог новшиндоо дарагдчихсан. Тэнд нь хэдэн хүн хуушуур, бууз, банштай цай, цай, ус, ундаа гэх мэтийг зараад зогсож байх. Тэгсэн атлаа нутаг орон Хоргын тогооны үүх түүхийн талаар хүүхдүүдэд сонирхуулчих хүн ч байхгүй юм. Тэрхийн цагаан нуур орчимд хонож таарав. Дүнзэн байшин, шавар байшинтай амралтын газрууд байх юм. Модон ор, хоёр сандал ширээ. Хоногийн 60 мянган төгрөгийн үнэтэй, харин гэр буудал нь 40 мянган төгрөг. Бороо орохоор үнэ нь бүр ч нэмэгддэг юм байна лээ. Дотоодын амрагчид газрын баримжаа асуусаар байгаад төв зам дагуух айлуудын гэрийн эзэд бүгд залхчихсан байдалтай.Ярвайсан амьтан гарч ирээд “Хөвсгөл явах гэж байгаа бол тод замаа дагаад л давхиад бай. Хоргын тогоо ч ялгаа байхгүй тод замаа дагаад л давхи” гэж хэлчихээд гэр рүүгээ орчихно. Сум болгонд замын тэмдэглэгээ, километр заасан самбарыг нэн тэргүүнд байршуулах хэрэгтэй санагдсан. Жолооч нар замын самбар дагаад л давхичихна. Айлуудаар орж зам асууж, гэрийн эздийн уур цухлыг бараад байхгүй. Гэсэн ч аялал жуулчлалын бүс нутгийн ядаж зүг чиг тодорхой, эвдэрсэн замын тэмдэглэгээ хийх нь аялагчдын нэн тэргүүнд хүсэх зүйл байв. Хөвсгөл аймаг Монгол Улсын аялал жуучлалын хамгийн том бүс нутаг. Зуны улиралд жилдээ хэдэн мянган жуулчин Хөвсгөл далайг зорьдог. Энэ зун ч ялгаагүй аялагч, амрагчдын хөл хөдөлгөөн ихтэй байжээ. Байгалийн сайхныг мэдрэхээр Хөвсгөл далайг зоригсдын олонх Хатгал сумын төвөөр дайрч, далайн эрэг хүртэлх замдаа л аялал жуулчлалын гол газруудын нэг атлаа хөгжил муу, дүнсгэр хэдэн байшингийн олонх нь дэлгүүр болсныг харна. Ийн явсаар далайн эрэг орчмын жуулчны бааз, гэр баазуудтай залгана. Хүмүүс хоноглож л байвал болно гэх шиг үзэмж муутай, эсгий, чийгний үнэр хамар цоргисон гэрүүд, тавилгагүй, цонх нь халтартсан байшингууд аялагчдыг хүлээж байна. Бааз ажиллуулагчид зорин ирэгсдийг угтан гэр болон байшин буудлуудаа санал болгож, үнэ танилцуулна. Гэсэн ч гэр, байшин буудлын аль аль нь орны цагаан хэрэглэлгүй, хэрэглэлтэй нь бохир, ор нь эвдэрсэн, хоол цайгаа идэж, уух сандал ширээгүй байх нь олон. Аялал жуулчлалын бүс гэдэг дамжин өнгөрөх цэг биш. Аялагчдыг дахин дахин иртэл нь сайхан сэтгэгдэл үлдээснээрээ хөгждөг гэдэг. Үүнд хамгийн наад захын хоноглох газрын тав тух орно. Хатгалын байшин баазуудын хамгийн түрүүнд хийх зүйл нь дотоод тохижилтоо сайжруулах, эвдэрч хэмхрээгүй ор, сандал ширээтэй болох. Хөвсгөл далайн онцлогийг харуулсан фото хийгээд уран зургийг ханандаа өлгөж, шалаа аль болох модон эсвэл өнгөлөг хулдаасаар гоёж яагаад болохгүй гэж. Үүнээс гадна зөвхөн Хөвсгөлд ч бус нийт аймагт тулгамддаг ариун цэврийн өрөө, жорлонгийн асуудал ч далайн эрэгт байна. Жуулчны баазууд хашаандаа 5-20 гэр барьж, 3-10 модон байшинтай ч дунд нь ганц жорлонтой. Эрэгтэй, эмэгтэй гэж ялгах тухай яриад ч хэрэггүй. Бохир, завааны тухай хэлэх ч багадна. Үүнээс гадна далайн эрэг, модны захад амрагчдад зориулсан элдэв загвар хийцтэй сандал байрлуулвал тав тух эрэгчдэд нэн хэрэгтэй. Үүнээс гадна хүүхэд, багачуудад зориулсан тоглоомын талбай, элдэв чимэглэл, сэтгэлд нь хоногшиж үлдэх зүйл алга. Гаднын орнууд далайн эрэг, жуулчлалын бүс орчмоороо байгалийн чулууг будаж, давхарлан элдэв дүрс гарган байршуулж, тохижуулсан байдаг нь хүмүүсийн сэтгэлд илүүтэй үлддэг гэмээр. Мөн хамгийн чухал зүйл нь амрагч, аялагчдад зориулан усанд орж болох хэсгийг тэмдэглэн, эргийн гүн, цүнхээл хэсэгт анхааруулах тэмдэглэгээ хийх хэрэгтэй. Үгүй бол иргэд дуртай газраа орж, амь насаа алдах тохиолдол гардаг юм билээ. Энэ мэт жижиг сажиг зүйлсийг бий болгох нь Хөвсгөл далай хийгээд бусад аялал жуулчлалын бүсэд зочлох дараа дараагийн аялагчдад хэрэгтэй шүү.
Манай хан гараа хумхиад зүгээр суугаад байвал амьдралаа өөрчилж чадахгүй. Ямар нэгэн байдлаар хөдөлж, өөртөө байгаа хүч боломжоороо ажиллаж байж амжилтад хүрнэ гэдгийг мэддэг болсон нь аяллын замд таарах ард иргэдээс мэдрэгдэж байв. Гэхдээ зах зээлийг манайхан зөвхөн мөнгө гэж хараад байх шиг. Мэдээж мөнгө байлгүй яах вэ. Ашиг олохоос гадна дэг журам, стандарт, шударга ёс байх ёстой. Тав тух, сэтгэл ханамж бий болгож байж л хэрэглэгч, үйлчлүүлэгч нарыг татдаг алтан дүрэм бий. Хэрэглэгчийг сэтгэл ханамжтай үдэж чадаагүй мөртлөө мөнгө авахыг урьтал болгодог байдал газар авчээ.
“Монголын хөдөө 1980, 1990 онд ийм л байс а н . Өөрчлөгдсөн зүйл огт алга. Бусдыг үл хүндэтгэсэн ямар ч стандарт дүрэм журамгүйгээр хэдий олон жил явах билээ. Цайны газрууд аяга таваг, халбага сэрээгээ олигтой угааж заримыг нь шинэчлэх хэрэгтэй” гэх хүнтэй ч таарч байв. “ Т эр цайны газар амттай сайхан хоолтой байдаг” гэх яриа олны дунд гартал нь үйлчилж чадах юм бол ашиг орлого нэмэгдэнэ. Айраг зарж байгаа малчид сайхан гэр бариад, хаяаг нь цэлийтэл шуучихаад, хананд нь Монголын алдартнууд айраг ууж байгаа зураг, адууны зураг өлгөөд, ширээ сандалнаас эхлээд монгол ахуйг мэдрүүлсэн орчин бүрдүүлчих юм бол хүмүүс тавтай тухтай удаан сууна. Үүнийхээ хэрээр орлого ч нэмэгдэнэ. Эсвэл айрагны сүүдрэвчиндээ томхон сандал ширээ хийлгээд, айрагны аяга саваа өөрчилж, хогийн цэг хүртэл байршуулж, ойр хавиа шороо тоос босохгүй болтол услаад зогсож байвал хэн бүхэнд сайхан сэтгэгдэл төрүүлнэ. Ядахдаа хог хаях цэг ойрхон байхгүйгээс болоод Монголын хөдөө, аялал жуучлалын бүс нутаг хогондоо дарагдчихаад байна шүү дээ. Аялагчдын олонх нь байгалийн сайхныг харах гэж хаа байсан холоос зорьж ирээд хог новш харж уур цухлаа барж байгааг аян замын хаанаас ч харж болно. Энэ бүгдийг өөрчлөх цаг нь хэдийнэ болжээ. Зам харгуй сайжрахын хэрээр дотоодын аялал хөгжиж байна шүү дээ.
Зочин · 2016/08/27
okay
xotiin irgen · 2016/08/27
deerxiig unshixad yamar unen bicheevee gej bodogdoj baina. Yag l goliig ni olood bichjee dee.