Таны 1072 хувьцаа дэлхийн зах зээл дээр хэдэн төгрөгний үнэтэйг мэдэх үү ?
2016/08/27
Монгол Улсын иргэн та Эрдэнэс Тавантолгойн 1072 хувьцааг хуулийн дагуу эзэмших эрхтэй болоод зургаан жил болжээ. Таны 1072 хувьцаа өнөөдөр дэлхийн зах зээлд хэд орчмоор “үнэлэгдэж” байгааг та мэдэх үү.
Тавантолгойн орд маань 6,5 тэрбум тонн нүүрсний нөөцтэй гэдгийг дэлхийн томоохон шинжээчид албан ёсоор батлаад буй. Үүний 4,6 тэрбум тонн нь эрчим хүчний нүүрс. 1,8 тэрбум тонн нь коксжих нүүрс. Эрчим хүчний нүүрст тонн нь 15 ам.доллараар үнэлэгдэж байгаа учраас 4,6 тэрбум тонн нөөц нь 69 тэрбум доллар болно гэсэн үг. Харин коксжих нүүрс нь тонн нь 50 ам.доллараар үнэлэгдэж, 1,8 тэрбум тонн нь 90 орчим тэрбум ам.доллар болж буй юм. Эдгээр мөнгөн дүнг нийлүүлээд төгрөгт шилжүүлбэл өнөөдөр 318 их наяд төгрөг болно.
УИХ-ын 2010 оны долдугаар сарын 7-ны 39 дүгээр тогтоолоор Эрдэнэс Тавантолгойн нийт хувьцааны 20 хувийг буюу 3 тэрбум хувьцааг иргэдэд үнэгүй эзэмшүүлэхээр тогтож, 2,8 сая иргэнд тус бүр 1072 хувьцаа ногдсон. Өөрөөр хэлбэл, Эрдэнэс Тавантолгойн нүүрсний ордыг 15 тэрбум хувьцаагаар үнэлсэн гэсэн үг. Бид 318 их наяд төгрөгөө 15 тэрбум хувьцаандаа хувааж үзвэл нэгж хувьцааны үнэ 21200 төгрөг болж буй юм. Таны 1072 хувьцаа чинь одоогийн нүүрсний ханшаар тооцож үзвэл 22 сая 726 мянга 400 төгрөгийн үнэтэй байгаа гэсэн үг.
Үнэмшилгүй сонсогдсоор л байна уу. Гэхдээ энэ бол зүгээр л өнөөдрийн нүүрсний үнэ ханшид дүйцүүлэн үнэлж буй тооцоо. Магадгүй энэ ордыг эзэмшигч нь Монгол хүн өөрөө байж чадвал жил бүр монголчууд ногдол ашиг хүртэх боломж ч бий. Гол нь бид яагаад хувьцаагаа баялгийн санд төвлөрүүлж, ногдол ашиг авах зарчмаар гадныхан шиг амьдарч болохгүй гэж... Өнөөдөр та авч чадаагүй ч маргааш таны үр хүүхэд ашиг хүртдэг зарчим дэлхийн олон оронд үйлчилдэг. Австрали, Норвегийн иргэд ердөө л энэ баялгийн сангийнхаа ачаар толгой гэдгэр амьдарсаар байна. Бидний нүүрсэнд шунаад буй урд хөршийнхөн маань ч эдийн засгийн эрсдэлтэй нөхцөл байдал үүсэхэд ашиглана хэмээн баялгийн 9 санд мөнгө хадгалдаг гэнэ билээ. Харин бид олдсон хувьцаагаа тааралдсан луйварчинд боломж олдвол зарчихья гээд гүйгээд л байдаг.
Засгийн газраас таны хувьцаа эзэмшиж буйг баталгаажуулахын тулд 2012 онд 1072 хувьцааг 1 сая төгрөгөөр үнэлэн өндөр настан болон оюутнуудаас худалдаж авсан. Үнэндээ энэ бол сонгуулийн өмнөх ээлжит шоу хөтөлбөр ч байсан гэж болно. Өнөөдрөөр харвал нэг ёсны “луйвар” байсан мэт санагдана. Тавантолгойн ордоос иргэн бүр хувь хүртэх ёстой гэж 2007 оноос хойш гүйсэн МоАХ-ны хэдэн партизаны тэмцэл, Ерөнхийлөгчийн тухайн үед хэлж байсан “Ард түмнийхээ Тавантолгойг ард түмэндээ өгье” гэх үгийн ачаар та 1072 хувьцаатай болсон гэдгийг хэн бүхэн мэдэх биз.
Гэтэл Засгийн газар ердөө 932 төгрөгөөр нэгж хувьцааны үнийг тооцож авсан байгаа юм. Харамсалтай нь 1,5 сая орчим иргэн Засгийн газарт сая төгрөгөөр хувьцаагаа худалдахад бэлэн хэмээн 2012 онд өргөдөл гаргасан юм билээ.
Зөвхөн Засгийн газар 2012 оны зургадугаар сарын 6-наас дуусгавар болгон иргэдийн хүсэлтийн хүлээж авлаа хэмээн толгой эргүүлээд зогсохгүй, 2012 онд сонгуулийн өмнөхөн 1072 хувьцааг худалдаж авна гэх этгээдүүд ч гарсан. Харин Санхүүгийн зохицуулах хорооноос Иргэн та Засгийн газрын 2012 оны 181 дүгээр тогтоолын дагуу Эрдэнэс Тавантолгой ХК-ийн хувьцааны хоёрдахь зах зээлийн арилжаа эхлэх хүртэл захиран зарцуулахгүй байх нөхцөлтэйгээр хувьцаа эзэмшиж байгаа шүү гэдгийг анхааруулсаар байлаа.
Бид хуулийн дагуу 1072 хувьцааг Эрдэнэс Тавантолгой ХК-иас эзэмшиж байгаа нь үнэн. Мөн Эрдэнэс Тавантолгой компани үйл ажиллагаагаа тасралтгүй явуулсаар байгаа нь үнэн. Гэхдээ орлогоо өрөнд хураалгасаар л байна. 2011-2012 онд Сү.Батболдын Засгийн газар Эрдэнэс Тавантолгой төрийн өмчит компанийн Хятадад нийлүүлэх нүүрсний борлуулалтын орлогоос хэмээн 350 сая ам.долларыг урьдчилж авсан учраас тэр өрөө компани төлсөөр байгаа.
Тэгвэл энэ удаад ч мөн адил иргэдийг төөрөгдүүлэх гэсэн байдал буй болж 1072 хувьцааг авч байна гэх цуу тарааж эхэлжээ.
Санхүүгийн зохицуулах хорооноос өнгөрсөн сарын 14-нд мэдэгдэл гарган “ “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцаа нь Санхүүгийн зохицуулах хороо болон Монголын хөрөнгийн биржийн үнэт цаасны бүртгэлд бүртгэгдээгүй, хувьцааны арилжаа эхлээгүй байгаа бөгөөд хувьцаагаа олон нийтэд арилжаалах нь компанийн эрх бүхий этгээдийн шийдвэрээс гадна, компанийн хөрөнгийн болон бизнесийн үнэлгээ, өнөөгийн ба ирээдүйн үнэ цэнэ, бараа бүтээгдэхүүний зах зээлийн үнэ ханш, компанийн засаглал, удирдлагын зохистой байдал болон хөрөнгө оруулагчдын хүсэл, сонирхол, эрэлт хэрэгцээ зэрэг олон хүчин зүйлсээс хамаардаг учраас ихээхэн бэлтгэл ажил, цаг хугацаа шаарддаг, мэргэжлийн цогц үйл ажиллагаа тул “Эрдэнэс Тавантолгой” ХК нь эдгээр бэлтгэл ажлыг хангахаар холбогдох ажлуудыг эхлүүлээд байна.
Үнэт цаас эзэмших дансыг яаралтай нээлгэснээр “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцаа, түүнийг өмчлөх эрх нь баталгаажих, ингэснээр мөнгө болох мэтээр иргэдийг төөрөгдүүлсэн худал мэдээлэл тарааж, түүгээр далимдуулан үнэт цаасны данс нээж буй талаар иргэдээс мэдээлэл ирүүлэх боллоо. Үнэт цаасны арилжаанд оролцох, хувьцаа худалдах болон худалдаж авах зорилгоор Хорооноос тусгай зөвшөөрөл авсан үнэт цаасны компаниар дамжуулан үнэт цаасны дансыг нээлгэх эрх нь иргэдэд нээлттэй хэдий боловч зөвхөн “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааг эзэмшихтэй холбоотойгоор нэн даруй данс нээлгэх шаардлагагүй болохыг мэдэгдэж байна. Иргэн таны эзэмшиж буй “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааны хувьд Монгол Улсын Засгийн газрын 2010 оны 350 дугаар тогтоолын 2.3-т Монгол Улсын иргэд, аж ахуйн нэгжид эзэмшүүлсэн “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааг түүний хоёр дахь зах зээл нээгдэх хүртэл бусдад худалдах, шилжүүлэхгүй байхаар заасан болохыг анхаарна уу” хэмээн иргэдэд анхааруулга хүргэсээр байтал бие биенийхээ ам дамжсан цуу үгэнд итгэн хувьцаагаа арилжаалж, таван цаастай болно хэмээх итгэлтэйгээр бидний нэрлэж заншсанаар Урт цагааны гудамжинд урт дараалал үүсгэсээр л байгаа юм.
Та 1072 хувьцааг хуулийн дагуу эзэмших эрхтэй болж, үүнийгээ брокер диллерийн компаниар дамжуулан Үнэт цаасны төлбөр тооцооны төвд өөрийн нэр дээр үнэт цаасны данс нээлгэж, 1072 ширхэг хувьцааны бичилтээ хийлгэж баталгаажуулсан ч хуулийн дагуу зарж борлуулах эрх чинь үүсээгүй байгаа гэдгийг маш сайн ухамсарлах ёстой. Тэгэхээр танаас хувьцааг чинь худалдаж авах нэрийдлээр үнэт цаасны данс нээх нэгэн төрлийн жижиг бизнесийн заль хэрэглэж, хурдан хугацаанд хөлжих гэсэн хүмүүсийн л хурган заль явсаар... 2 сая иргэн дансаа нээлгээгүй байгаа учраас брокер, диллерийн компаниудад хөөрхөн мөнгө олчих боломж харагдсаар л байна. Танд данс нээсний хөлсөнд 5000 төгрөг авна гэж тооцохоор 10 тэрбум төгрөгийн орлогын зах зээл байгаа учраас нэг хоёр хүний хувьцааг сая төгрөгөөр худалдаж авлаа гэж цуу тараах юу ч биш.
Цагдаагийнхан “Хувьцаа эзэмшигч, хөрөнгө оруулагчдын эрхийг хамгаалах төв” ТББ-ын гүйцэтгэх захирал Э.Алтаншагай, үнэт цаасны “Стандарт Инвестмент” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Жаргал нарыг хувьцаа олгох нэрээр иргэдийг залилсан хэмээн Эрүүгийн хуулийн 161 дүгээр зүйлийн 161.2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн, шалгаж эхэлсэн. “Стандарт Инвестмент” болон “Хувьцаа эзэмшигч, хөрөнгө оруулагчдын эрхийг хамгаалах төв” ТББ-ын гүйцэтгэх захирал нар нь 2015 оны тавдугаар сард хамтран ажиллах гэрээ байгуулан үнэт цаасны “Новел Инвестмент” ХХК-ийн салбар төлөөлөгчийн газрыг байгуулжээ. Ингэхдээ Санхүүгийн зохицуулах хорооноос хууль журмын дагуу тусгай зөвшөөрөл авалгүйгээр үйл ажиллагаа явуулж байсан нь тогтоогдсон байна.
СЗХ-ноос эрх олгосон 60 гаруй байгууллагад “Новел Инвестмент” ХХК багтаагүй байсан аж. Тиймээс иргэд тухайн компани дээр 5000 төгрөгөөр нээлгэсэн данс нь баталгаажихгүй учраас компанийн удирдлагуудыг хууль бусаар орлого олсон хэмээн эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн тухай мэдээлэл өгсөн. Гэвч иргэдэд энэ мэдээлэл хангалтгүй байгаа бололтой.
Намуудын амлалтаас үүдэж мэндэлсэн 1072 хувьцааны хувь заяа ийн сонгуулиас сонгуульд өөрчлөгдөн хувьсч магадгүй, эсвэл “Эрдэнэс Тавантолгой” бол бидний өмч гэсэн үүднээс иргэн бүр хандаж, тус ордын 20 хувийг бид эзэмшдэг гэдгээ хуулиар баталгаажуулсан учраас шунаж, сувдаглах хэнбугайн ч өмнө эрхээ эдэлж үгээ хэлэх боломжоо хадгалсаар байхсан.
Эх сурвалж: www.assa.mn
Зочин · 2016/08/28
Bid tgd ene toon ashgiig haanaas yaj zuv hvrteh bolj bnaa.arga zamiig ni zaaj ugvul sain bh yum da.esvel hezee hvrtehee hvleeseer vhseer bh uu
мядаг · 2016/08/27
Баяраллаа хувьцааны хаа ашгийг хүртмэээр л бна дөө үнэхээр асуудал шүү нас барсан хүнийхаа хувьцааг үр хүүхдэд нь өвлүүлж болох боловуу эсвэл ээж аавд нь хувьцааны хаа нодол ашигийг хүлээсээр зарим нь хорвоогоос хальсаар бна шүү нэг юм бодсон нь дээрээ үнэхээ 22 000 000 хэдэн зуун мянга бол сайхан л юмд
33 · 2016/08/27
худлаа тоонууд бн. 1. 6,5 т\б тн бол таамаг нөөц, батлагдсан нөөц. 2. э\з тооцоог батлагдсан нөөцөөр тооцож хийдэг.3. олборлохоос худалдан авагчид хүргэх бүх зардалыг хаанаас хэн үнэгүй гаргах юм.4. Худлаа тоогоор ард түмний торгойг эргүүлэх хэрэггүй.5. 400 гаруй ся тн нөөцтэй уурхай баяжуулах үйлдвэр ДЦС. дотоод дэд бүтэцээ бүрэн байгуулсан Энержи Ресурс ХХК-ны үнэлгээ ОУ зах зээл ХонгКонгийн бирж дээр 60 сая ам доллар хүрэхгүй бн.харьцуулаад үз дээ
Зочин · 2016/08/27
nice