-“Арева Монгол” компанийн гаргаж авсан 2.7 тонн уран мал, хүнийг хордуулж байна-

Дорноговь аймгийн Улаанбадрах сум устах аюулд оржээ. Учир нь эл суманд үйл ажиллагаа явуулж буй дэлхийд хар мөртэй хэмээн данслагдсан Францын цуутай “Арева Монгол” гэгч компани уран олборлосноос болж эл нутгийн ихэнх оршин суугч нутгаасаа дайжихад хүрчээ.
Тус компани 2000 тонн ураны хүдрийг туршилтын журмаар олборлосон тухай мэдээлэл өнгөрсөн онд гарч байсан. Энэ байдлаас болж тус нутагт өрөөсөн нүд нь сохор, босч чаддаггүй ботго, мөн хоёр толгойтой тугал ч мэндэлж байв.

 

Энэ тухай нутгийн иргэд нь оны өмнөөс холбогдох албаны хүмүүст удаа дараа улам­жилж байсан боловч өнөөг хүртэл ямар ч арга хэмжээ авалгүй байсаар өдий хүрчээ.
Тодруулбал “Арева” ком­пани нь 1996 онд манай улсад орж ирсэн хэрнээ бүтэн 10 жил ямар ч үйл ажиллагаа явуулахгүйгээр үл барам таг чиг арван жилийн нүүрийг үзжээ.

Гэнэт л 2006 оноос эхэлж идэвхтэй үйл ажиллагаа явуулж эхэлсэн байна. Харин тус компаныхан өөрсдийн сул зогссон арван жилийг тайлбарлахдаа 1998 оноос хойш хайгуулын ажил хийж эхэлсэн гэдэг аж. Гэтэл тэд манай улсад хайгуулын 28 тусгай зөвшөөрөл эзэмшдэг тө­дийгүй Дорноговийн Сайн­шандын хотгорт 3568 ам км газрыг хамарсан 12 тал­бай, Сүхбаатар аймгийн Дарьгангад 7448 ам км газар бүхий 16 лицензыг эзэмшиж байгаа юм.
Түүнчлэн “Арева Мон­гол”-ын охин компани болох “Кожеговь” нь хайгуулын ажлыг гардан хийдэг бол уран олборлох, ашиглах асууд­лыг “Арева Майнс” компани нь хариуцдаг аж.
Хамгийн гол нь тэд яагаад Дорноговь аймгийн Улаанбадрах сумыг онилсон бэ гэвэл тус сум нь дэлхийд хоёрт орох ураны маш өндөр агууламжтай газар нутаг аж.

Гажигтай төл төрлөө гэхэд нүдээрээ үзсэн мөртлөө үзээгүй юм шиг ярьж байгаа хүмүүст бид яаж итгэх вэ дээ

Тус нутгийн малчин Л.Лхамдорж “Дээрх ком­пантай холбоотой мэдээл­лийг бид холбогдох албаны хүмүүс болон Зас­гийн газарт хангалттай мэ­дээл­лийг хүргүүлсэн. Тэд ч нөхцөл байдлыг газар дээр нь ирээд шалгадаг боловч шууд л гарсан дүгнэлтээ өөрчилж “Арева”-гийн талд гаргадаг. Тухайлбал тэдэнд бид “ийм ийм гажигтай төл төрлөө” гэхэд нүдээрээ үзсэн мөртлөө үзээгүй юм шиг ярьж байгаа хүмүүст бид яаж итгэх вэ дээ.
Яг үнэндээ бол “Арева” компани технологийн олбор­лолт нэрээр 2.7 тонн уран гаргаад авсан шүү дээ. Ямартай ч Засгийн газрын ги­шүүд манай суманд болоод байгаа үйл явдал дээр хоёр хуваагдаад байгаа гэсэн.

Тиймээс дахин ажлын хэсэг гаргаж энэ асуудлыг шалгахаар болоод байгаа. Бид ч зарим нэг гишүүдтэй уулзаж тодорхой мэдээллийг өгсөн. Түүнээс цөмийн энер­гийн газраас шалгалтын хүмүүс ирээд ч хэрэггүй байх.
Тэд бас л “Арева”-гийн талд дүн шинжилгээг гаргана биз. За даа бусад зүйлийг өмнө нь хангалттай ярьсан дахин давхардуулаад яах вэ. Эцэст нь хэлэхэд Дорноговь аймгийн Улаанбадрах сумын иргэд уранаас болж хордож үхжээ гэвэл Монголын ард түмэн гайхах хэрэггүй шүү гэдгийг хэлмээр байна” гэ­лээ.
Ямартай ч тус нутгийн малчин ардын хэлсэн үг болгон монгол хүний сэт­гэлийг сэрдхийлгэмээр мэ­­­дээ­лэл байсан нь тун харам­салтай.

Монголыг үе удмаар нь хордуулж буй “Арева”-гийн энэ үйлдлийг чухам ямар учраас манай төр Засаг тогтоон барьж дий­лэхгүй байгаа нь хэн хүний сонирхлыг татмаар бай­гаа юм.
Товчхондоо тус компа­нийн хаягдал шав­рын цэ­гээс нь цацраг ихээр ял­га­раад байж байгаа гэд­гийг шат шатандаа хүлээн зөвшөөрсөн мөртлөө юуны учир тэдний өмнө ийнхүү бөхөлзөхөд хүрэв гэдэг нь бас сонирхролтой дүр зураг.
Маш энгийнээр тайлбар­лахад “гүний ус ууж байгаа мал уушгинаасаа авахуулаад хордож, үхэж байхад малтай адилхан ус хэрэглэж байгаа бид ч эрүүл мэндээрээ хохи­рохыг үгүйсгэхгүй шүү дээ. Нөхцөл байдал ийм байхад хэдий болтол бид­нийг кальцийн дутагдал, ууш­гины хорт хавдартай гэж худлаа оношлох юм бэ.

“Арева” компани ямар их эрх мэдэлтэй байгаа нь тодорхой байгаа биз дээ” гэж өөр нэгэн эх сур­валж хэлэв. Тодруулбал “Ко­жеговь” компани ураны хай­гуул хийж, ураны шар нун­таг гаргаж түүний уршгаар Дорноговь аймгийн Улаанбадрах суманд 22 тугал үхэж, төл мал гажигтай гарсан гэх зэрэг гамшиг нүүрлэж эхэлсэн.
Холбогдох байгууллагууд нь газар дээр нь очиж, шинжилгээ хийсэн ч ямар ч хор байхгүй, харин тугалнууд кальцийн дутагдлаас болж үхсэн гэх дүгнэлтийг гаргаад байсан тул малчид ийнхүү дургуйцэж тэдэнд итгэхээ больсон юм.

Мал эмнэлгийн үржлийн газар гаргасан дүгнэлтээсээ буцав

Харин дээрх үйл явдлын үнэн мөнийг тогтоосон ганц газар нь Мал эмнэлгийн үржлийн газар байв.
Тэд энэ оны гуравдугаар сарын 11-нд дараах хариуг гаргаж байжээ. 2012 оны 11 сарын 28-наас 2013 оны 1 сарын 31-ны хоо­ронд Дорноговь аймгийн Зүүн­баян багийн малчин Д.Норсүрэнгийн үхэр сүргээс эмнэл зүйн тодорхой шинж тэмдэг­гүйгээр 19 тугал бэл­чээрт үхсэн.
Мал­чин Д. Норсүрэнгийн үхэр сүрэг байнга бэлчээрлэн явдаг бэлчээр, уст цэгүүдээс хөрс,ургамал, усны дээж, мөн ураны хайгуулын хаягдлын цэг гэж нэрлэгддэг зөөвчийн овоо, тал хонгорын шар дов зэрэг газарт байгаа хаягдлын цэгээс шаарын дээж удаа дараа авч цацрагийн болон хүнд элементийн агуулга тодор­хойлох холбогдох ши­н­­жилгээг цацрагийн лабо­­ратори, Геологийн төв лабораторид хийж дээрх материалууд цацраг болон хүнд металлын бохирдолтой болохыг тогтоов.

 



Үхсэн болон зориудаар задлан хийсэн тугалаас авсан эд, эрхтний эмгэг бие бүтцийн үлэмж ба би­чил шинжилгээний үр дүн­гээр цацрагийн болон хүнд металлын ужиг явц­тай хордлого мөн гэсэн эцсийн онош, дүгнэлт гар­сан болно” хэмээн олон нийтэд мэдээллэгддэг “11 11” төвөөрөө дамжуулан мэ­дээлж байсан.
Гэтэл тус газрынхан өөрсдийн гаргасан мэдээллээ хоёр хоногийн дараа үгүйс­гэж доорх тайлбарыг хийж байсан билээ.

Тухайлбал “Үхсэн болон зориудаар зад­лан хийсэн тугалаас авсан эд, эрхтний эмгэг бие бүтцийн үлэмж ба бичил шинжилгээний үр дүнгээр хүнд металлын ужиг явцтай хордлого мөн гэсэн онош гарсан бөгөөд одоогоор эцсийн хариу га­раагүй байгаа болно” хэ­мээн өөр­чилсөн билээ.
Уг нь тус газрынхан анх эл мэдээллийг гаргахдаа “Түгшүүрт мэдээ” хэмээн их л сүржин гарчиг өгч мэдээллийн “ 11 11” төвөөр дамжуулан олон нийтэд хүргэсэн.

Гэтэл яагаад тэд өөрсдийн гаргасан уг мэдээлэлээ өөр­чилөхөд хүрэв гэдэг нь бас л анхаарал татах асуудлын нэг. Тэгвэл тэдний гаргасан мэдээллийг өөрчлөх гэсэн хүсэлтэй холбогдох албаны хүмүүс ихээхэн нөлөөлсөн гэж зарим албаны хүмүүс нотлон хэлж байгаа юм.
Тухайлбал тус компа­нийнхан 400 тонн кон­цент­рацтай хүхрийн хү­чил шахахдаа ямар ч саар­магжилт хийлгүйгээр орхисон байгаа юм. Уг нь хууль дүрмийнхээ дагуу бол эл хүхрийн хүчлийг соруулж авах ёстой байдаг гэнэ.

Тус компанийнхан тур­шилт хийхдээ ямар нэ­гэн саарамагжуулалт хий­дэггүйгээс болж иймэрхүү нөхцөл байдал үүсээд байгаа юм байна.
Мөн бидний олж авсан мэдээлэлээр тэд одоогоор зөвхөн тус аймгийн нутагт л туршилтаар шар нунтаг олборлосон байдаг юм билээ.
Тиймээс тэд хайгуул хийхийн тулд өчнөөн олон сая төгрөг зарсан учраас эргэлт буцалтгүйгээр олбор­лолт хийхийн төлөө үхэн ха­тан зүтгэхээс өөр аргагүй байдалд орно.

Эрдэмтэд хүчилд уусган баяжуулах арга нь дэлхийд хамгийн хортой аргад тооцогддог гэдгийг нотлосон

Хамгийн гол нь тэдний хэрэглэж байгаа хүчилд уусган баяжуулах арга нь дэлхийд хамгийн хортой аргад тооцогддог гэдгийг “Цөмийн аюулгүй Монгол Улс” үндэсний хөдөлгөөний тэргүүн Л.Сэлэнгэ гуай хэлж байсан юм.
Л.Сэлэнгийн хэлсэн үгийг Шинжлэх ухааны академийн эрдэмтэд ч санал нэг бай­гаагаа илэрхийлж байсан юм. Тэгэхээр хүхрийн хүчил маш ихээр аюул дагуулдаг гэдгийг химичид удаа дараа нотолж байхад яагаад тус компанийнхан өөрсдийн буруутай үйлдлээ нуун далдаж өдий хүрэв гэдэг нь хачирхалтай.

“Арева Монгол”-ын ар талд хэн байгаа вэ

Гэтэл манай улсын эрх мэдэлтнүүд энэ талаар мэдэж байгаа хэрнээ мэдээгүй дүр үзүүлэн дэлхийд хамгийн хортой, зарим улс орнуудад эрс хориглосон хүхрийн хүчлийг газрын гүн рүү шахаж, шар нунтаг уран олборлох аргыг дэмжээд байгаа нь ямар учир шалт­гаантай юм бол гэж малчид хүртэл асууж байгаа нь өөрийн эрхгүй монгол хүн бүрийн сэтгэлийг айдаст ав­туулж хэрэг билээ.
Ямартай ч УИХ-аас гарсан ажлын хэсгийнхэн энэ бүх үйл явдлын учрыг тайлахаар өнөөдөр (өчигдөр) өглөө Улаанбаатараас тус аймгийн зүг мордсон.
Товчхондоо ажлын хэс­гийнхэн уран олбор­лосноос болж мал үхсэн үү гэдгийг тогтоох байх гэж нутгийн иргэд чих тавин хүлээж байна.
Хаа хаанаа хуйвалдаж “Арева”-гийн талд үйлчлээд байгааг нь холбогдох албаны хүмүүс анхааралдаа авах биз дээ. Товчхондоо “Арева Мон­гол”-ын арыг хэн гэгч нь хамгаалдаг юм бол.

Үргэлжлэл бий ...

Р.Саруул

Албан ёсны зөвшөөрөлтэй нийтлэв.