УИХ-ын 2016 оны сонгуульд АН бүхэлдээ ялагдаж, парламентад 9 -хэн суудалтай үлдсэн билээ. Энэ бүхэнд цочирдсон улс төрч байсны нэг нь УИХ-ын гишүүн асан Н.Алтанхуяг. Шинэчлэлийн Засгийн газрын тэргүүн, Ерөнхий сайдаас огцорсны дараа тэрээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд л бэлдэж ирсэн нь нууц биш.

 

Тэгвэл УИХ-ын 2016 оны сонгуулийн үр дүн түүний төлөвлөгөөг туйлын хэцүү болгож орхисон билээ. Тэр ч бүү хэл П.Цагаан тэргүүтэй Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн багийнхан АН-ын удирдлагыг гартаа авахаар нэгэнт шийдэн, ажиллаж эхэлсэн нь түүнд бүр ч хүнд тусаж буй аж. Н.Алтанхуягийн гол хамтрагч байсан МҮДН фракцийн тэргүүн ЕТГ-ын дарга болсон нь түүнийг АН-д ганцаардуулах, хүчгүйдүүлэх бодлогын эхлэл ч гэж үзэх улс төрчид цөөнгүй байна. Энэ тохиолдолд Н.Алтанхуяг улс төрийн гэнэтийн алхам хийж магадгүй болжээ.

 

Эх сурвалжуудын өгүүлж буйгаар тэрээр Монгол улсын Ерөнхийлөгчийн 2017 оны сонгуульд МАХН-аас нэр дэвшихээр Н.Энхбаяртай ярилцаж буй гэнэ.Мөн Эх орон Намын суурин дээр Эх Орны Төлөө нэртэй нам байгуулах хувилбар ч бий ажээ. Аль ч шийдлийг нь сонгосон бай Н.Алтанхуяг АН-аас гарахаар өөр аргагүй нөхцөл байдал нэгэнт үүсч эхэлсэн байна.

 

Ч.Явуу

sonin.mn