Сонгуульд үнэмлэхүй ялалт байгуулсан МАН-ыг төрийн эрх барьж эхэлснээс хойш гялайх мэдээ сонсогдохоо болив. Ерөнхий сайд, Сангийн сайд хоёр нь ээлжлэн гарч ирж “дампуурсан, хоосорсон, юу ч үгүй болсон” мэдээлэл хийсээр эцэстээ зурагтаар гарахад нь айдас төрөх болов.

 

Өдгөө энэ оны төсвийн тодотгол, ирэх жилүүдэд Засгийн газар хэрхэн ажиллах үйл ажиллагааны хөтөлбөрийг УИХ-аар хэлэлцэж байна. Наанаа л хэдэн шүүгч, дарга сайд нарын цалинг хасч, хүүхдийн мөнгийг ялгаварлан олгож, оюутны 70200 төгрөгийг зогсооно гэсэн “хэмнэлт” яриад байгаагаас, үнэндээ бол хэрэгтэй, хэрэггүй олон тэрбумын хөрөнгө оруулалтыг “зоочихоод” байгааг анхаарах хэрэгтэй.

 

Энэ нь нам доторх эрэмбээ бариагүй Засгийн газар байгуулснаас сайд болгон өөрийнхөө "ЗМ"-ний тодруулга хүссэнээр төсөв тодотгож, ирэх жилүүдэд олох мөнгө хөрөнгийг зарцуулахаар төсөв боловсруулжээ.

 

Гэвч өнөөдөр Монгол мөнгөгүй байгаа. Өр зээл, орлого зэргийн тоог маш товчхоноор хэлье гэвэл Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд 26.9 их наяд, төлөх зээл нь 22.3 их наяд төгрөг болоод байгаа юм. Тэгэхээр яг одоо 50 шахам их наяд төгрөг хэрэгтэй байна гэсэн үг. Гэтэл энэ Засгийн газар халамжийн бодлогыг нураан байж 10 шахам тэрбумыг Хэмнэх мэдэгдэл хийн, төсөл гаргаж иргэдийг бухимдлыг дээд цэгт нь хүргээд байгаа.

 

Тэгвэл эрх баригчид тун удахгүй их хэмжээний мөнгө оруулж ирэхээр аль хэдийнэ яриа хэлэлцээр нь явагдаад гэрээгээ бэлдээд эхэлсэн гэнэ. Тодруулбал, Тавантолгойг ашиглах гэрээг Хятадтай хийхээр болсон байна. Гэрээний дүн 50 тэрбум ам.доллар бөгөөд графикийн дагуу цуварч орж ирэх ажээ. Үүнээс гадна Сингапураас нэлээд хэмжээний хөрөнгө оруулалт орж ирэхээр болсон байна.

 

Ер нь Хятад улстай МАН-ын эрх баригчид нэлээд ойр харилцаатай. Одоогоос жилийн өмнө УИХ-ын дарга М.Энхболдыг МАН-ын даргын хувиар айлчлахад төрийн тэргүүний хэмжээнд хүлээж авсан тухай мэдээлж байсан. Тэр үеэр М.Энхболдын тавьсан эдийн засгийн дэмжлэг үзүүлэх, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг үнийн чадамжтай болгох саналуудыг нааштай хүлээн авахаа Хятадын тал илэрхийлж байсан. Мөн наадмын дараахан, АСЕМ-ын өмнөхөн Хятадын Ерөнхий сайд Ли Кецэн айлчилж, Монголын Засгийн газрын төлөх ёстой 38 тэрбум ам.дрлларын өрийг тэглэсэн тухайгаа мэдэгдэж, баталгаажуулаад буцсан удаатай. Тэгвэл одоо Хятад улс Тавантолгойг ашиглахаар болж, Монгол Улс, тэр дундаа МАН-ын Засгийн газар Орон нутгийн сонгуулийн өмнө халаасаа түнтийлгэж, нэр хүндээ өсгөх боломжтой болж байгаа бололтой.

 

Уг н ь өмнөх эрх баригчдын үед Тавантолгойн төслийг Хөдөлгөх гэж нэлээд оролдоод бүтээгүй байдаг. Тухайн үед 60 жилийн хугацаанд 60 тэрбум ам.доллар улсын төсөвт оруулах 3000 хуудас бүхий төсөл байгаа талаар УИХ-аас томилогдсон ажлын хэсгийнхэн мэдэгдэж байв.

 

Ийн эрх баригчид Тавантолгойг “хөдөлгөж” эдийн засгийн хямралаас гарахаар гэрээ хэлэлцээндээ бэлдээд эхэлсэн тухай дээр дооргүй яриад эхэллээ. Харин энэ талаараа ард түмэнд хэзээ мэдэгдэх бол. Учир нь Тавантолгой бол Үндсэн хуулийн “Монгол Улсад газар, түүний хэвлий, ой, ус, амьтан, ургамал болон байгалийн бусад баялаг гагцхүү ард түмний мэдэл, төрийн хамгаалалтад байна” гэсэн заалтын дагуу явж болох ганц том орд болоод байгаа билээ.

 

Б.Баяр