Онцгойлон магтуулсан С.Бямбацогт одоо юу болов?!
2016/09/01
Хууль зүй, Дотоод хэргийн сайд С.Бямбацогт, Хууль зүйн Байнгын хорооны дарга Ш.Раднаасэд, ХЭҮК-ын дарга Ж.Бямбадорж нар өчигдөр мэдээлэл хийсэн.
Тэд Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүгийн хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд, Зөрчлийн хуулийн хэрэгжих хугацааг хойшлуулсантай холбоотойгоор дагалдах таван хуулийг хууль санаачлагчид буцаасантай холбогдуулан мэдээлэл хийхдээ буцаагдсан таван хуулийн нэг болох Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийг ойрын хугацаанд өргөн барьж батлуулах гэж байгаа тухайгаа мэдэгдэв. Үүнийгээ Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийг буцаасан явдал нь олон нийтээс нэлээд шүүмжлэл дагуулж байгаатай холбоотой хэмээн тайлбарлаж байв. Үнэхээр ч Ардын нам хүчирхийлэгчдийг хамгаалж байна гэх зэргээр ихээхэн шүүмжлэлд өртсөндөө бантсандаа ийм алхам хийж байгаа нь эрх баригчдыг бүр ч эвгүй байдалд оруулж байна.
Зөвхөн 2017 онд Н.Энхбаярыг Ерөнхийлөгчийн сонгуульд оруулахгүй гэхдээ Эрүүгийн хуулийн дагаж мөрдөх хугацааг хойшлуулж, энэ алхмаа хаацайлахын тулд бусад олон хуулийг ч золиосолж байна, эргээд олон нийтэд хүлээлттэй байсан Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хууль зэргээс болоод шүүмжлэлд өртөөд ирмэгцээ дахин өргөн барих нь гэж тайлбарлах хүмүүс байна. Хуулиудыг дагаж мөрдөх хугацааг хойшлуулж, санаачлагчид нь буцааж байгаа шалтгаан нь бэлтгэл ажилд цаг хугацаа хэрэгтэй хэмээж байгаа. Тэгвэл Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийг дахин өргөн мэдүүлж батална гэвэл бусад хуулиудыг ч буцаах хэрэг байхгүй, харин ч хуурмаг шалтгаанаа улам илчилж байна гэх эх сурвалжууд ч байна. Ер нь эндээс харвал АН парламентад олонх байхдаа хэлэлцэж баталсан хуулинаас МАН олонх байхдаа баталсан хууль нь илүү сайн, хэрэгтэй гэж үзээгүй л бол МАН-ынхан ингэж дуулиан шуугиан дэгдээж, намынхаа рейтингээр тоглон байж батлагдах бүх процессоо даваад эцсийн хэлэлцүүлгээ давчихсан хуульд ингэж гар дүрэх шалтаг баймааргүй. Тэгэхээр дээрх тайлбарууд үнэн болж л таарах нь.
Хууль зүйн сайд С.Бямбацогт өчигдөр хийсэн мэдээллийнхээ үеэр “Хуулийг сайжруулах шаардлага гарсан тул Ерөнхийлөгч санаачилж УИХ-д өргөн бариад, хэлэлцээд үндсэндээ батлаад явж байсан юм. Харамсалтай нь хууль санаачлагч руу буцахаар болсон тул Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга болон хууль санаачлагчийн төлөөлөлтэй уулзсан. Өнөөдөр Засгийн газрын хурлаар энэ хуулийг хэрхэн яаралтай батлуулах талаар танилцуулга хийнэ. Ингээд үүрэг чиглэл гарах юм бол ойрын үед УИХ-д өргөн барьж, батлуулах тал дээр анхаарна. Хэрэв амжвал ээлжит бус чуулганаар хэлэлцэж батална. Амжихгүй бол дараагийн чуулганаар оруулж хэлэлцээд яаралтай хэрэгжүүлэх талаас нь ажиллах болно” хэмээн төв чухал мэдэгдсэн. Нээрээ ч МАН-ын парламент дахь гишүүдээс энэ хуулиудыг буцаагдахад хамгийн их харамсах хүн нь С.Бямбацогт гишүүн байх ёстой байлаа. Учир нь тэрбээр өнгөрсөн оны арванхоёрдугаар сард Эрүүгийн хууль, Зөрчлийн хуулиудын ажлын хэсэгт багтаж эцсийн хэлэлцүүлэг хүртэл нь сөрөг хүчний зүгээс хамгийн их оролцоотой явсан гишүүн.
2015 оны арванхоёрдугаар сарын 03-ны өдөр Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулга болон холбогдох бусад хуулиудын төслийн эцсийн хэлэлцүүлгийн төгсгөлд тухайн үеийн УИХ-ын дарга З.Энхболд үг хэлэхдээ “Үүгээр Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгыг хэлэлцэж дууслаа. Хууль гарлаа.
Нийгэмд шударга ёсыг тогтоох, хүний эрх, эрх чөлөөг хангах чиглэлээр маш чухал хууль батлагдлаа. 13 жилийн дараа энэ хууль шинэчлэгдэн батлагдаж байна. Хуулийн төслийг анх оруулсан Х.Тэмүүжин сайд, гүйцээсэн Д.Дорлигжав сайд, шүүгч нар, прокурорын орлогч Г.Эрдэнэбат, олон хоног энэ зааланд хууль хэлэлцсэн ажлын хэсэгт баярлалаа. Ажлын хэсгийг 2015 оны зургаадугаар сарын 9-нд байгуулсан байна. Д.Ганбат гишүүн ажлын хэсгийн ахлагч, ажлын хэсгийн гишүүдэд О.Баасанхүү гишүүн, Ж.Батзандан, С.Бямбацогт, Р.Гончигдорж, С.Дэмбэрэл, Д.Лүндээжанцан, Ц.Нямдорж, Ц.Оюунбаатар, Х.Тэмүүжин нарын гишүүд орсон байна. Ардын намын олон гишүүн өглөө хуралд байсан. Түүнээс тунаж үлдэж Эрүүгийн хууль батлахад гавьяа байгуулсан бүлгийн дарга С.Бямбацогт, Д.Оюунхорол, Д.Хаянхярваа, Ж.Эрдэнэбат, Я.Содбаатар нарын гишүүдэд баярлалаа” хэмээж байжээ. Яг маргааш нь Зөрчлийн хуулийг батлахад ч мөн С.Бямбацогтын нэр онцлон дурдагдаж байжээ. Тэгвэл мань эр нам нь парламентын сонгуульд олонх болж, өөрөө Хууль зүйн сайд болмогцоо харин ч эсрэгээр нь өөрийнхөө гар бие оролцон батлалцсан хуулийн төслүүдийг ийнхүү буцаахыг нь буцааж, хойшлуулахыг нь хойшлуулж байгаа нь хачирхалтай. Нийгэм даяараа энэ удаагийн парламентын хамгийн том ажил боллоо, хүний эрхийн тал дээр ч үсрэлт хийж холбогдох хуулиудыг сайжруулж чадлаа хэмээн магтаж байхад ч С.Бямбацогт магтаалыг нь хүртэж байжээ. Гэтэл одоо С.Бямбацогт “Хариуцлага яривал өмнөх УИХ, Засгийн газар л буруутай” хэмээж байгаа нь 2012-2016 онд УИХ-ын гишүүнээр ажиллаж байгаагүй юм шиг л сонсогдож байгаа биз.
төрөө цэвэрлэе · 2016/09/02
МАН болон АН хооронд ялгаа байхгүй. Бямбацогтыг шударга л гэсэн, энэ нөхрийн хашаалсан том газар найрамдалд байна. 100 гаруй айлын газрыг мод тарина гэж аваад хашаалсан байх юм. Газар үнэд орхыг хүлээгээд сууж байгаа бололтой. Иймэрхүү бизнест төрийн албаа ашиглах сонирхолтой зальтангууд төрөөр дүүрсэн цаг үед бид амьдарч байна даа. Энэ нөхөрт МАН Баяр, АН ын баярцогтоос ялгарах юм алга
Зочин · 2016/09/01
МонголынТөрийн дээр МАН,АН гэх 2 нам сандайлж,энэ 2 намын дээр эрх ашиг хэтэвч нэгтэй олигархиуд завилцгаасны тод илрэл болжээ гэмээр .Тэд Н.Энхбаяраас"үнхэлцэгээ хагартал" айхдаа батлагдчихсан хуулиудыг буцааж ямар их ажил болж яарч сандарч,ялимгүй шалтаг тоочиж энэ нь өөрсдийг нь хичнээн муухай харагдуулж байгааг анзаарах тэнхээ тэдэнд алга бололтой.
Зочин · 2016/09/01
okay