Б.Баяраа: Бид шавийнхаа бас ард түмнийхээ итгэлийн төлөө л тийм үйлдэл хийсэн
2016/09/05
"Өдрийн сонин"-ы №198(5463) дугаараас авч нийтлэв.
Зуны олимпийн наадмын эрэгтэй чөлөөт бөхийн 65 кг-ын жинд Г.Мандахнаран хүрэл медалийн барилдаанд ялж яваад, барилдаан дуусахад эргэлзээтэй ялагдал хүлээсэн билээ. Тус барилдааны шүүлтийг дасгалжуулагч Ц.Цогтбаяр, Б.Баяраа нар эсэргүүцэн дэвжээн дээр хувцсаа тайлан дургүйцлээ илэрхийлсэн юм. Энэ барилдааны талаар чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн шигшээ багийн дасгалжуулагч, олон улсын хэмжээний мастер Б.Баяраатай ярилцсанаа хүргэе.
-Монголын чөлөөт бөхийн тамирчдыг олон улсын тэмцээнд оролцуулахгүй гэж Дэлхийн бөхийн нэгдсэн холбооноос зарласан тухай яриа гарч эхэллээ. Энэ талаар та юу хэлэх вэ?
-Бид өнөөдөр хуралдана. Энэ хурлаар ярилцах болно.
-Та “Рио-2016” олимпийн наадмын чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн 65 кг-ын жингийн барилдааныг юу гэж харж байна вэ?
-Олимпод дэлхийн шилдэг тамирчид оролцдог. Шилдэг тамирчид өрсөлдөж шилдгийн шилдэг нь тодордог. Тиймээс би олимпийн алт, мөнгө, хүрэл медалийг нэг медаль гэж боддог юм. Энэ шилдэгт яах аргагүй манай тамирчин маань орж, олимпод финалдлаа. Хүрэл медалийн төлөөх барилдаан 5:55 минут хүртэл бидний гарт байсан. Бид хожсон. Гэтэл сүүлийн гурван секундэд идэвхгүй барилдлаа гэж сануулга өгсөн ч тэр нь шүүгчдээр дэмжигдээгүй мөртлөө үндсэн цаг дууссанаас хойш нөхөн торгууль өгсөн. Дүрэмдээ бол гурван шүүгчийн санал нэгдэн үндсэн цаг дуусахаас өмнө ялалт, ялагдлыг шийдсэн байх ёстой. Энэ бол шүүгчдийн алдаа.
-Шүүгчийн буруу гэх хүмүүс ч байна. Зарим нь арай эрт баярлачихсан ч гэх юм...
-Спорт бол цогц. Бяр чадал, тэсвэр тэвчээр, ухаан, хурд хүч гээд хүний чадавхийн дээд хэмжээг үзүүлж байдаг цогц зүйл юм. Үүнд үзэгчидтэйгээ харьцах, сэтгэл хөдлөлөө хуваалцах ч орно. Өөрийнхөө амжилтад бат итгэсэн тохиолдолд сэтгэл хөдлөлөө хуваалцах нь аль ч спортод байдаг. Сэтгэл хөдлөлгүйгээр спорт хөндий хоосон л зүйл болж хувирна. Мандахнаран гурван секундэд л гараа өргөж сэтгэл хөдлөлөө хуваалцсан. Гэхдээ энэ хоорондоо нуруугаа харуулаагүй, зугтаагаагүй. Өрсөлдөгчийнхөө довтолгооны зайнаас бултсан гэсэн ч хойноос нь эргээд хөөхөд нь яг урдаас нь л харж байсан. Тэр үед барьж аваад оноо авч чадаагүй байж тэр моментийг эсрэгээр нь ашиглаж л ялалт авсан шүү дээ. Тамирчны ялалтыг луйвардаж авч болохгүй.
- Та энэ шүүлтийг эсэргүүцэж байгаагаа илэрхийлсэн...
-Аль ч спортын шүүлтэд будлиан явагддаг. Энэ олон будлианы эсрэг тамирчин, дасгалжуулагчид чадлынхаа хэрээр л эсэргүүцдэг. Тамирчин хүний амжилт нөр их хөдөлмөрийн үр дүн байдаг гэдгийг бүгд л мэдэж байх учиртай. Мэдээж тэр барилдаан дээр бид тэгж эсэргүүцлээ илэрхийлнэ гэсэн юм бол байгаагүй. Үнэндээ бид дэвжээн дээр тамирчныхаа төлөө хийж чадах зүйл тэр л байсан. Дасгалжуулагч хүнд нүцгэн бие, өмссөн хувцаснаас өөр юу байхав дээ. Тиймээс өмссөн хувцсаа л тайлж эсэргүүцлээ илэрхийлсэн. Түүнээс бид хүн зодож, үг хэлээр доромжлолтой биш дээ. Ийм үйлдэл гаргасан бол энэ ёс зүйн алдаа болж хувирна. Бид шавийнхаа бас ард түмнийхээ итгэлийн төлөө л тийм үйлдэл хийсэн.
-Ц.Цогтбаатар дасгалжуулагч та хоёрын энэ эсэргүүцэл гадаадын олон хэвлэл мэдээллээр цацагдсан байсан?
-Дэлхийн бөхийн нэгдсэн холбоо энэ буруу шүүлтийн үйл ажиллагаанаас болж олимпоос хасагдах дээрээ тулсан. Энэ бугшсан, муу, муухай зүйлээсээ болж үзэгчдээ ч алдаж, олон тамирчны урмыг хугалж байгаа. Энэ бол эвлэрч болшгүй зүйл. Энэ асуудлын талаар Дэлхийн бөхийн нэгдсэн холбооны ерөнхийлөгч “Би энэ муу, муухай зүйлтэй тэмцээд ямар нэгэн шийдэлд хүрч чадахгүй байна” гэдгээ удаа дараа мэдэгдэж байсан. Мөн “Бүгдээрээ хамтраад энэ луйвар, буруу шүүлттэй тэмцье” гэсэн. Тиймээс бид энэ уриалгын дагуу дэлхий нийтэд, шүүгчдэд сануулга өгсөн гэж ойлгож байгаа. Бидний өөрсдийгөө золиослон байж хийсэн энэ үйлдэл маань ёс зүйтэй, боловсронгуй, булхайгүй, цэвэр шүүлттэй, спортын шударга өрсөлдөөний талбарт хүргэх болтугай. Энэ бүхнийг үзсэн үзэгчид, дэлхийн нийтийн хэвлэл мэдээллийнхэн биднийг дэмжиж, бидний талд байсныг би харсан, сонссон, мэдэрсэн. Барилдааны дараа тэр зааланд байсан бүх хүн Монгол гэл орилж байсан. Ер нь бокс болон чөлөөт бөхийн өмнөх барилдаануудад гарсан буруу шүүлт дээр үзэгчид тэр дундаа Бразилийн ард түмэн эсэргүүцлээ илэрхийлж байсан. Эндээс би Бразилийн ард түмнийг эсэргүүцлээ илэрхийлж, шударга зүйлийн төлөө нэгдэж чаддаг, мэдрэмтгий, спортлог ард түмэн байна даа гэж харж байлаа.
-Барилдааны дараа бусад орны тамирчид, дасгалжуулагчдын хандлага ямар байсан бэ?
-Герман, АНУ, Япон, БНСУ, Иран, Молдав, Болгар, Польш гээд олон орны тамирчид бидэнтэй ирж уулзсан. Тэд “Та бүхнийг дэмжиж байна. Санал нэг байгаа шүү. Зөв зүйл хийлээ. Бид яахаа мэдэхгүй үе зөндөө байсан, бидэнд тусалсанд баярлалаа” гэж хэлсэн. Биднийг дэмжсэн хүмүүсээр л хүрээлүүлж байгаад ирсэн.
-2016 оны Оросын улсын аварга шалгаруулах тэмцээнийг Чөлөөт бөхийн холбооноос томилогдож шүүсэн Б.Төмөрбаатар, Д.Сэрээтэр нар үймүүлсэн мөн шүүгчийн бүрэлдэхүүнд Азербайжанд суурьшсан узбек хүн багтсан байсан нь шүүлтэд муугаар нөлөөлсөн гэх мэдээллүүд байна. Энэ талаар та юу хэлэх вэ?
-Узбек, Казахстан, Дагестан гээд энэ орнууд хэл ч нэгтэй, сэтгэл ч нэгтэй. Тамирчид нь хамт сургууль төгсөж, нэг дор хүмүүжиж, чанагдсан нэг улс шиг л байдаг. Гэтэл ОХУ-ын аварга шалгаруулах тэмцээнийг манай хоёр шүүгч будлиулчихсан. Үүнд дургүйцлээ илэрхийлсэн Дагестаны баг тэр чигээрээ Оросын аваргыг орхисон. Мөн спорт сонирхогчид, тамирчид, дасгалжуулагчдын дургүйцлийг маш их хүргэсэн. Тухайн үед хэвлэл мэдээллээр хүртэл цацагдаж байлаа. Нэг буруу шүүлтийн ард олон хүний хөлс хөдөлмөр, зүтгэл, сэтгэл шингэсэн байдаг. Олимпийн өмнө Монгол гэдэг нэрийг баллаж, олон хүний өш хонзон, дургүйцлийг хүргэсэн. Тэр балаг нь биднийг хохироолоо гэж бидний мэргэжил нэгт хүмүүс харамсаж байна.
-Г.Мандахнарантай хүрэл медалийн төлөө барилдсан Узбекийн бөх Ихтияр Наврузов шөвгийн наймын барилдаандаа луйвар хийж, тухайн барилдааныг хянаж байсан гурван шүүгчийг хөөсөн...
-Эхний тойрогтоо ч, хоёрдугаар тойрогтоо ч тэр луйвардаж гарч ирсэн. Хоёрдугаар тойрогтоо Дэлхийн аваргын мөнгөн медальт Пуэрто-Рикогийн Фрэнклин Гомесын гарцаагүй авсан оноог нь луйвардаж гарч ирсэн. Шулуухан хэлэх юм бол манай тамирчинтай финалд гарч ирэхээргүй л байсан бөх.
-Хүрэл медалийн барилдааны дараа Г.Мандахнаран та бүхэнд сэтгэгдлээ хэрхэн хуваалцаж байв?
-Барилдааны дараа “Багш аа, энэ хүрэл медалийг бид авсан, чадсан. Бид олимпийн медальтнууд болж чадсан шүү. Та нартаа баярлалаа” гэж хэлсэн. Түүний хувьд олимп эхлэхээс өмнө түрүүлнэ гэж бат итгэлтэй байсан. Үзэгчид, Монголын ард түмэн ч ямар барилдаан хийснийг нь харсан. Маш хүнд барилдаануудыг хийхдээ өрсөлдөгчдөө оноо алдахгүйгээр л гарч ирсэн дээ. Энэ бол тухайн хүний сэтгэлийн хаттай бас маш том зорилго тавьсныг л харуулж байгаа юм. Нас нь 30 шүргэж байгаа гэхэд тэр олон барилдааны дунд ядарч, туйлдахгүй, барилдаанаас барилдааны хооронд сайжирч байлаа. Ачаалал хэрхэн сайн дааж барилдах ёстой вэ гэдгийг энэ хүн үзүүлж чадсан. Энэ нь өнөөх л сургалт, дасгалжуулалтыг чанартай хийж бэлтгэгдсэнд байгаа юм. Мөн тэр жинд аварга болсон ОХУ-ын бөхтэй хамгийн ойрхон үзүүлэлттэй барилдсан. Алтан медаль хүртсэн бөх бусад бөхчүүдийг илт давуу ялсан. Ганцхан Г.Мандахнарантай л ойролцоо барилдсан.
-Монголын чөлөөт бөхийн холбооны ерөнхийлөгч Д.Дагвадорж ажлаа өгч байгаа талаараа цахим хуудаснаа жиргэсэн байсан. Энэ талаар таны бодол?
-Эрэгтэйчүүдийн барилдааныг холбооны ерөнхийлөгчийг үзэж байгаа гэж бодсон. Гэтэл Г.Мандахнарангийн барилдааны үеэр холбооноос ямар ч хүн харагдахгүй байхад үнэхээр гайхсан. Тэр үед л явсныг нь мэдсэн. Ер нь чөлөөт бөхийн холбоо ганцхан Д.Дагвадоржтой холбоотой юм биш. Энэ хүн бол ерөнхийд нь удирдаад явж байгаа. Түүний дор маш олон хариуцлагагүй хүмүүс бий. Ганц жишээ хэлэхэд л хуурамч визний асуудал байна. Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд багаараа түрүүлж түүхэн амжилтыг гаргах боломжтой байсан. Гэтэл гол гурван тамирчин нь багштайгаа хамт хуурамч визний асуудалтай хүний нутагт шоронд сууж байлаа. Энэ бол Монголд байтугай Дэлхийн улс оронд гарч байгаагүй асуудал. Холбооны зүгээс тамирчдаа дэмжих, дэм болох үүрэгтэй байдаг. Хөлс, хөдөлмөрийг нь нураах биш. Бид тамирчдынхаа сайн сайхны төлөө эв найрамдалтай, хамтарч ажиллах ёстой. Цаашид өөрчлөгдөнө гэдэгт итгэж байна.
-Энэ удаагийн олимпод чөлөөт бөхийн шигшээ баг хэрхэн бэлдэв?
-Спортын бэлтгэл, сургалт, дасгалжуулалтын төлөвлөлт гэж байдаг. Энэ төлөвлөлт маань олон цикльд хуваагдаж тэр бүрдээ зорилтуудыг тавьж ажиллана. Сэргэлт, ачаалал авах гээд сургалт дасгалжуулалтын төлөвлөгөөг маш нарийн хийж байж техник тактик, биеийн ерөнхий болон тусгай хөгжил, сэтгэл зүй, эрчимтэй ажиллах зэрэг нь өндөр түвшинд хүрч очдог. Өндөр зэрэглэлийн тамирчны стандартад хүргэж ажиллах, түүнээсээ давж байж амжилтад хүрдэг. Энэ бүх зүйлийг дөрвөн жилийн турш хэрэгжүүлснээр манай баг тамирчдын амжилт сайжирсан. Шигшээ багийн тамирчид 22 жилд дэлхийн зургаан медаль авдаг байсан бол өнгөрсөн дөрвөн жилийн дотор л зургаан медаль хүртсэн. Мөн энэ хугацаанд манай баг тамирчид Ази тивийн шилдэг баг боллоо. Өнгөрсөн жилийн дэлхийн аваргын тэмцээнд 200 гаруй орноос АНУ, Япон, БНСАУ, БНХАУ-ын баг тамирчдыг ардаа орхиж багаараа дөрөвдүгээрт орлоо. Мөн Дэлхийн шилдэг багуудын тоонд орж Дэлхийн цомын тэмцээнд гурван удаа оролцсон. Энэ дөрвөн жилийн хугацаанд анхны хамгийн том амжилттайгаар олимпийн наадмыг угтлаа. Мөн Монгол Улсын түүхэнд анх удаагаа олимпийн зургаан эрхийг авч бүтэн багаараа оролцсон.
-Та хэзээнээс чөлөөт бөхийн дасгалжуулагч хийж эхэлсэн бэ?
-Би арван жил чөлөөт бөхийн шигшээ багийн дасгалжуулагчаар ажиллаж байна. Дасгалжуулагч хүн гуталчин, барилгачин хүмүүс шиг эд материалтай ажилладаггүй. Хүнтэй ажилладаг. Хэрвээ үйлдвэрийн гологдол гаргалаа гэвэл хүнээр гологдол гаргана гэсэн үг. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр хүнээр буруу бэлтгэл сургуулилт хийлгэвэл насаар нь тахир дутуу болгоно. Харин эсрэгээрээ үйлдвэрийн сайн бүтээгдэхүүн гаргавал тэр хүнийг амжилтад хүргэж чадна. Оюун ухаан, үзэл бодол, сэтгэлзүйн маш олон чанартай зүйлээр үйлдвэрлэл явуулна гэдэг чинь хариуцлага, судалгаа шинжилгээ шаардаж байдаг. Давуу талыг нь тогтвортой байлгах, сул талыг нь дэлхийн хэмжээний тамирчидтай эн зэрэгцүүлэх гээд өв тэгш хөгжүүлэх шаардлага гарна. Тиймээс тухайн хүнийг эхлээд хүмүүжүүлнэ дараа нь ур чадвар, тэсвэр хатуужлыг бий болгоно. Ийм зүйлийг л бид хийх ёстой байдаг.
О.АРИУНЦЭЦЭГ
Зочин · 2016/09/06
10 jil aliig ni alduullaa odoo Japan dasgaljuulagch av
Зочин · 2016/09/05
UNEN UNEN JINHENE UNENIIIG HELJ BNSHDEEEEE ED NAR L TAMIRCHDIIG TAMIRCHIN BOLGOJ BGAAA
Зочин · 2016/09/05
cool