Ардчиллын дууч, сэтгүүлч С.Цогтсайхан агсны 1998 онд бичсэн “Гурван монгол зодолдоно” нийтлэлийг хүргэж байна.

“ГУРВАН МОНГОЛ ЗОДОЛДОНО”

Монгол хүний судсаар уудам тал нутаг шиг эрх чөлөөт биеэ даасан цус урсана. Биеэ даасан буюу индивидуальный цус нь хэний ч хараат бус, хэнтэй ч эвсэж нөхөрлөхгүйгээр амьдрах чадварыг төрүүлнэ. Ингэж монголчууд уул уулын бэлд жалга дов бүхэнд ганц нэгээрээ нүүдэллэн амьдрах бөлгөө. Нүүе гэвэл тэмээтэй, саая гэвэл үнээтэй, идье гэвэл хонь ямаатай, явъя гэвэл морьтой өрх айл хэний ч гар харахгүйгээр өөрөө өөрийгөө болгож л орхино. Ийм амьдралаас хамтын хөдөлмөр, эв нэгдэл гэдэг ойлголт төрдөггүй. Яагаад гэвэл хамтрах, нэгдэх шаардлагагүй. Хэрэв монголчууд тариачин ард түмэн байсан бол өөр л дөө. Өргөн уудам тариан талбайг ганц өрх айл боловсруулж чадахгүй. Урт шуудуу ухаж усалгаа бордоог хийх бүл дутах тул заавал олуулаа хүчээ нэгтгэх шаардлага гарна. Хувь газраа бөөрөөр нь шахаж нийлүүлээд дундуур нь нэвт шуудуугаа ухаж усалгаа хийх нь хэн хэндээ ашигтай болно. Харин хэн нэгэн шуудуу далангийн усыг боож бохирдуулах гэвэл хамтын хүчнээс шийтгэл хүлээнэ. Энэ бол хамтын хүчээр босгосон хөдөлмөрөө хамт олноороо яг өөрийн хөрөнгө шиг хайрлаж байгаа хэрэг юм. Ингэхээр газар тариалан үйлдвэрлэл эрхэлдэг ард түмэн илүү хамтач, эв нэгдэлтэй байдаг байна. Нүүдэлчид бол амиа бодсон, аливаа хөдөлмөрийг үл ойшоосон, бүтээн босгох биш булаан эзэрхийлэхийг урьтал болгодог улс гэдгийг түүхээс харж болно. Нэгдэл байгуулаад малыг нь нийгэмчлэхээр мал нь хорогдоод өөрсдөө хар цайгаа ууж ядарч хоосорно. Нийтийн байр сууц бариад нэг орцонд хамтад нь оруулахаар орцны чийдэнг хагалж, ханыг нь хадаасаар сийчээд, цонхны шил, үүд хаалгыг эвдэн сүйтгэнэ. Олон зуун хүнийг хамтад нь нэг театрт оруулж кино, цирк үзүүлбээс сандлын бүрээсийг сийчиж эвдэж сүйтгэнэ. Нийтийн тээврийн хэрэгсэл нэл өмхий, бүтэн сандал нэг ч үгүй. Яагаад гэвэл энэ нь нийтийнх учраас. Хамт олноороо хамтдаа нийтийн гэсэн үг монгол хүнд хэзээ ч зохиж байгаагүй. Үндэснийх нь наадам хүртэл хувь хүний, индивидуальный чанартай. Бөх барилдах, сур харвах гэдэг нь хувь хүний л авьяас чадал болохоос хамт олны зүтгэл ерөөс биш. Нэг л хүн түрүүлдэг, нэг л хүний наадам. Хөлбөмбөг, сагс, волейбол, хоккей зэрэг хамт олноороо, багаараа оролцдог спорт Монголд хамгийн муу хөгжсөн. Яагаад гэвэл хамтдаа нэг баг болж чаддаггүйд учир нь байгаа юм. Хамтаараа, эв нэгдэлтэй нэг юмны төлөө зүтгэж чаддаггүй нүүдэлчдийн цусны зан чанар эндээс харагдана. Японд нэг том үйлдвэр дампуурахад олон ажилчин амиа хорлодог нь хамтын бүтээл амь настай нь адил үнэ цэнтэй болсныг илтгэнэ.

Монголд 1937 онд олон зуун мянган хүнийг хэлмэгдүүлэн алахад түүний гэр бүл, үр хүүхэд, хамаатан саднаас нь ямар ч гомдол санал гаргаагүй хэрнээ 1998 онд хэлмэгсдийн ар гэрт нэг сая төгрөг өгнө гэдэг сургаар өчнөөн мянган хүн өглөөний дөрвөн цагаас эхлэн оочерлон зогсож байна. 100.000 хүнийг буудаж алахад нэг ч хүн зулын гол болж шатаагүй байтал нэг сая төгрөг өгье гэсэн чинь гурван хүн зулын гол болно гэнэ ээ.

Бошигтод “Боржин” гэдэг дэлгүүр өгөөгүй болохоор хувийн өс авах үүднээс улс төрийн тэмцэл хийж байгаа нь үнэхээр гайхалтай. Тэр дэлгүүрийн төлөө хэчнээн хүн өлсгөлөн зарлаж, хэчнээн хүн зулын гол болох гэж хийрхэж байгаа нь хөөрхийлөлтэй. Монголд нэгдсэн нийлсэн эвлэсэн эелсэн юм гэж байдаггүй. МАХН, МҮАН, МСДН дотроо олон арван жигүүртэй. Эв эе гэж ярьсан хүнийг урвагч шарвагчаар нь дууддаг. Жишээ нь, эвслийн хоёр намын тэргүүнүүд уриалга гаргаж нэгдэх асуудал тавихад МСДН-ын гишүүд дарга Р.Гончигдоржийгоо урвагчаар нь гутаан доромжилно. Энэ бол нүүдэлчин монголын цусны зан, эвдэрч байж санаа нь амардаг төрөлхийн араншин юм. Богд Чингис хааны байгуулсан эзэнт төрийг манай өвөг дээдэс ямар гутамшигтайгаар эвдэлсэн билээ. МоАХ-ны тэргүүлэгч гишүүн асан Г.Бошигт өнөөдөр ардчилсан тогтолцоог үндсээр нь эвдэн устгаж, улс орныг УИХ-гүй, төр засаггүй байлгаж иргэний дайнд уриалж байна.

Монголын пүүс компаниуд ойрын хамаатан хэдхэн хүнээс бүрэлдэнэ. Бүгдээрээ дарга байх жишээтэй. Хэн нэгний удирдлага дор байх тун дургүй. Хүний мууг үзэх их дуртай. Хорооны даргаас муулахаас эхлээд Ерөнхийлөгчийнхөө нэр төрийг гутаахыг эрмэлзэнэ. Юу ч хийж бүтээх дургүй, залхуу хэрнээ “Намайг төр засаг тэжээх ёстой” гэж ойлгодог. Өлсөж цангахдаа хүрвэл өөрийнхөө олхио мууг биш, өнөөдрийн төр, засгийн мууг зүхэж ярина. Хүний өмнөөс амьдарч байгаа юм шиг загнана. Монголд мафи байгаа гэж хоосон хардана. Мафи байх нийгмийн үндэсгүй юм. Тэр чинь маш эвсэг хамт олон байдаг. Нэгнийхээ төлөө үхэж чаддаг, зорьсон хэргийнхээ төлөө хүнийг золиосолж чаддаг, дэндүү нэгдмэл, нэг хүн шиг, зүү орох зайгүй нягтарсан, өндөр зохион байгуулалттай бүлэглэл юм. Өчүүхэн Чечень улс Орос их гүрнийг айлгаж чадаж байгаа нь нэгдэж нягтарсны сүр хүч. Монголд мафи үүслээ гэж бодоход түүнийг цагдаагийн газар илрүүлэх гэж хүч зарахын хэрэггүй. Тэд чинь өөрөө өөрсдийгөө илчлээд өгнө. Мафийнх нь гишүүд бүгдээрээ босс болох гэж булаалдаад болохгүй бол хоорондоо буудалцаад, бие биенийхээ мууг үзэх гэж шар сониноор дүүрэн матаас бичиж хэвлүүлээд л сөнөж орхино. Энэ бол индивидуальный байхыг эрмэлздэг нүүдэлчин цус юм.

Ингэхээр Монгол оронд эвсэл, холбоо нэгдэл, нийгэмлэг, хоршоо, хөдөлгөөн, эвлэл, зөвлөл гэдэг ухагдахуун жинхэнэ ёсоороо тогтноогүй гэж ойлгож болно. Харин жигүүр фракц, бүлэглэл, сонирхол, нэг нутгийн гэсэн жижиг лоббийн үзэл бол байгаа. Нэг монгол унтаад л байна, хоёулаа болбол хэрэлдэнэ. Гурвуулаа болбол зодолдоно гэдэг үг өнөөдрийн улс төрийн намуудын өндөрлөгөөс тод харагдана. Москвагийн бараан зах дээр Монгол, Вьетнамын ганзагачид наймаа хийж байна. Вьетнамууд барааныхаа үнийг яг ижил хэлж байхад, манайхан нэг нэгээсээ хямд хэлээд өөрийн барааныхаа гүйлгээг бодно. Эцэст нь бүгдээр хохирно. Бидний хамтач үзэл гэдэг энэ дээ.

1998 он