Өнөөдөр" Уртын дууны баяр" боллоо
2013/10/10
Дундговь аймгийн Дэрэм сумын харьяат МУ-ын хөдөлмөрийн баатар ардын жүжигчин 20 дугаар зууны манлай уртын дуучин Н.Норовбанзадын нэрэмжит “Норовбанзад сан”-гийн арван жилийн ой энэ онд тохиож байгаа юм.
Энэ ойн хүрээнд өнөөдөр Н.Норовбанзад, Н.Банзрагч нарын “гэр музейг” байгууллаа. Үйл ажиллагаа гурван томоохон хэсгээс бүрдсэн юм. Тодруулбал, 12.00 цагт Н.Норовбанзад, Н.Банзрагч нарын гэр-музейн нээлтийг хийсэн .
Нээлтэд ССАЖ-ын сайд Ц.Оюунгэрэл, тус сангийн тэргүүн Б.Дэлгэрмаа нар оролцлоо.
Үргэлжлүүлэн 13.00 цагаас СУИС-д Норовбанзадын нэрэмжит уртын дууны тэнхимийн нээлтийг хийж СУИС-ийн захирал, Норовбанзад Сангийн удирдах зөвлөлийн гишүүн Э.Сонинтогос, Төрийн шагналт, хөгжмийн зохиолч Б.Шарав нар улаан тууз хайчилсан юм. Мөн “Хобби” сургуулийн захирал, “Соёл урлагийн дээд хүндэтгэл “Норовбанзад” шагналын эзэн Д.Оюунцэцэг “Уртын дуу,түүний хатан хаан Норовбанзад” сэдвээр СУИС-ийн оюутнуудад 10 минутын лекц уншсан юм.
Уг үйл ажиллагааны хамгийн сонирхолтой хэсэг бол Улсын их дэлгүүрийн хоёр давхарт 14:00 цагаас болсон “Уртын дууны баяр” байлаа.
Энэхүү баярт Ардын жүжигчин Ш.Чимэдцэеэ, СТА уртын дуучин Б. Батмэнд, Үндэсний дуу бүжгийн чуулгын гоцлол дуучин Г.Энхбаатар, Соёмбо чуулгын уртын дуучин Э. Болормаа нар ая дуугаа эгшиглүүлэн уртын дууны гайхамшгийг мэдрүүлсэн юм.
Энэ үеэр эдгээр уран бүтээлчдээс гадна Н.Норовбанзадын шавь МУГЖ Ж.Дүнжмаагийн шавь Дундговь аймгийн гуравдугаар арван жилийн зургаадугаар ангийн сурагч Б.Үржинханд мөн үзэгч олондоо ая дуугаа өргөлөө.
Н.Норовбанзадын гарын шавь МУАЖ Ш.Чимэдцэеэгээс сэтгэгдлийг асуухад “Би хөдөөнөөс арван хэдэн настай жоохон годойсон хүүхэд хотод орж ирж байлаа. Тэгээд энэ Улсын эрдмийн дуу бүжгийн чуулга гэж байсан тэр байрны коридорт ангиа олохгүй төөрж байсан юм. Багшийн минь зааж сургасан тэр сэлүүрээр өдийг хүртэл энэ том далайд сэлж байна гэж боддог. Багшийн маань гэр музей нээгдлээ. Миний багшийн маань хань Н.Банзрагч гэж хүн байсан их сайхан, тайван хүн байсан. Тэгээд ийм сайхан хоёр хүний гэр музей нээгдэж байхад би шавь хүний хувьд баярлахгүй байхын арга алга маш их баяртай байна. Ингээд аливаа зүйлийн эхлэл гэдэг бол 50 хувь гэж хэлдэг л дээ. Тэгэхээр одоо бол эхлэл болох энэхүү ажил хийгдэж байгаа юм. Дараа түүний шавь нар түүнд хайртай дэлхийн ард түмэн нэмэрлэсээр энэ гэр музей бол 100 хувь боллоо гэж үзэж байна” гэлээ.