“Gentlemen, We have run out of money; now We have to think!”
2016/09/09
Энэ үгийг У.Черчилл тэртээх он жилүүдэд Ливэрпүүлийн усан боомтын ажилчдын өмнө анх хэлсэн байдаг юм. Тэдгээр олон мянган ажилчин улс орноо сүйрлээ, биднийг харж үзэхгүй байна хэмээн гомдоллож, бослого тэмцэл өрнүүлсэн юм билээ.
Тэр үед нь мань эр тэдний өмнө гарч “Ноёд оо, Бидний мөнгө дууссан-Одоо бид бодох хэрэгтэй” гэсэн алдарт үгээ хэлжээ. Энэ бол У.Черчиллийн дэлхийд түгсэн үг. Дэлхийн дайнд хоёрдугаар фронт нээж оролцсон Англи гүрний нийгэм-эдийн засгийн байдал дайны дараа тун таагүй байх үед ард түмэндээ хандаж “Бидний мөнгө дууссан, одоо толгойгоо ажиллуул, ажил хий, хямралаас гарцгаая” гэсэн л үг.
Өнөөдөр монголчууд бид энэ үгийг МАН-ын эрх баригчдад зориулж хэлмээр байна. Үнэн хэрэгтээ 2012 оноос эхлэн Монгол Улс мөнгөгүй болсон юм. Эрдэс баялгаас орж ирсэн мөнгөө эрх баригч нам тэр үед халамж болгон тараачихсаныг бүгд мэднэ. Тийм учраас шинэхэн засаглагчид болох АН-ынхан ОУ-д бонд гаргаж мөнгө босгон дөрвөн жил зүтгэсэн. Мөнгөгүйг нь мэдсээр байж МАН-ынхан энэ улсыг энэ сонгуулиар авсан. Тийм болохоор өнөөдөр та нар битгий гоншгоно. Зүгээр л толгойгоо ажиллуул. Ажлаа хий. Та нарыг ард түмэн дүүрэн сонгосон. Та нарын гоншгонохыг бүтэн гурван сар, өдөр шөнө, өглөө оройгүй Монголын ард түмэн сонслоо. Одоо залхаж байна. Хусмаа чамласан хүүхэд шиг Ерөнхий сайд нь сонгогдсон өдрөөсөө эхлээд л “Монгол Улсын эдийн засгийн үндсэн үзүүлэлтүүд өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд тасралтгүй унаж, 2012 онд 17,3 хувийн өсөлттэй байсан эдийн засаг энэ оны эцэст 1,3 хувьтай гарахаар байна. Сүүлийн гурван жил дараалан нэгдсэн төсвийн орлого 1.2 их наяд гаруй төгрөгөөр тасарч ирлээ. Энэ оны эхний хагас жилийн байдлаар манай улсын нийт гадаад өр 23,5 тэрбум ам.доллар буюу өнөөгийн ханшаар 49,7 их наяд төгрөг боллоо. Энэ нь энэ оны хүлээгдэж буй ДНБ-ий 21 хувийг даваад байна” гэхчилэн ярьж амнаасаа өөдтэй нэг тоо, нэг сайн үг унагасангүй. Энэ нь гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдад бөөн болгоомжлол, итгэл найдваргүй мэдээ болж очлоо. Ер нь энэ Ерөнхий сайдаас юу ч хараад нэмэргүй юм байна гэсэн ойлголтыг өгөх шиг болов. Зэрэгцүүлээд Сангийн сайд нь бас нийгмийн сэтгэл зүйг тэр чигээр нь хямраасан мэдэгдлүүд хийдэг боллоо. “Монгол Улс олсон таван төгрөг тутмын дөрвийг өрөндөө төлж, үлдсэн нэг төгрөгөөр нь бусад бүх зардлаа санхүүжүүлэхээр байна. Монгол Улсын дархан хил, аюулгүй байдлыг хамгаалдаг цэрэг эрсээс эхлээд хүн ардынхаа эрүүл мэнд, боловсрол, соёл урлаг спортыг хөгжүүлж байдаг нийгмийн салбарт ажиллагсдын цалин хөлс, үйлчилгээний урсгал зардлуудыг ч санхүүжүүлэх боломжгүй болох нөхцөл байдалтай боллоо. Ер нь эдийн засгийн нөхцөл байдал амаргүй байна шүү, хүн ардууд аа” гэж ирээд бүх мэдээллийн сувгаар нүдээ бүлтгэнүүлэн ярихыг нь хараад айцгаах боллоо. Энэ мэдэгдэл нь цаашаа дуусаагүй юм шиг байна аа, маргаашийн сонин аваад харвал бас л байж байх бололтой. Ямар учиртай ийм мэдэгдлүүдийг мянга дахин давтаад байгаагийн цаад муу санааг бодох л асуудал гэж зарим судлаачид бичсэн байна лээ.
Тэгэхээр та нараас асуух юм байна. МАН-ынхаан, та нар чинь мөнгө байвал бид ажиллана, мөнгө байхгүй бол ажиллахгүй гэж гарч ирсэн юм уу. Тэгж сонгогдсон юм уу. Танай нам чинь сонгуулийн мөрийн хөтөлбөртөө “Бүх хүүхдэд мөнгө өгнө. Төрийн албан хаагчдын цалинг нэмнэ. Хүүхэдтэй эхэд цалин өгнө. Оюутнуудыг тэтгэнэ. Татварыг бууруулна. Мөнгийг бид төрөл бүрээр босгож улс орноо хөгжүүлнэ” гэж зурайтал нь бичиж ард түмэндээ тарааж байгаад бараг 100 хувь ялсан биз дээ. Ард түмэн бээр 65 хүний саналын эсрэг Жавхлан, Баасанхүү мэтийн хоёр, гурван амьтныг л байхаар зохицуулж сонгож өгсөн шүү дээ. Ухаантай ард түмэн рүүгээ ус цацахаа болиоч. Ямар ард түмэнтэй байна, тийм төртэй байна гэсэн муухай үгийг битгий бодитой харуулаач. Та нар татварыг хасах бус эсрэгээрээ найман төрлийн татварыг нэмж авахаар зэхэж байна. Цалинг нэмэх бус хасах гэж байна. Хүүхдийн мөнгийг ялгавартай өгнө гэлээ. Оюутнуудад юу ч хялайлгахгүй гэлээ. Сонгуулийн ерөнхий хорооны сүүлд тавьсан мэдээллийг сайтаас нь харахад нийт сонгогчдын цөөнгүй хувь оюутнууд байна лээ. Тэдний дийлэнх нь МАН-д саналаа өгсөн нь тодорхой. Тэд тэтгэмжгүй, “Сайн оюутан”-ы зээлгүй болох гэж та нарт саналаа өгсөн болж таарч байна уу. Сонгуулийн мөрийн хөтөлбөрийг чинь зүйл, заалт бүрээр нь сануулбал ер нь ард түмнээ амаар нь шороо үмхүүлсэн амлалт цадигаа алдсан их байна шүү.
Энэ бүгдийн эцэст нэг л үнэн та нарын үйлдлээс харагдаж байна. Энэ бол та нар “Бидэнд нэг ч төгрөг алга. Юу ч хийх арга алга” гэсээр цаг хугацааг авах. “Одоо толгойгоо ажиллуулъя. Ингэж сэтгэе. Тэгж гарц олъё” гэх ямар ч сэтгэл зүтгэл МАН-д алга. Тийм потенциалгүй, тийм боловсрол мэдлэггүй, тийм сэтгэл зүрхгүй гэдгээ хүлээн зөвшөөрч цаг алдалгүй ард түмнийхээ өмнө бууж өг. Бид энэ улс орныг цааш нь авч явж чадахгүй нь гэдгээ зарла! Сонгуулийн үеийн “Бид зүтгэнэ- Хамтдаа хөгжинө” гэсэн уриагаа “Бид ухарна-Та нар хөгжихгүй” гэсэн уриа болго.
Тэгэхгүй гэж байгаа бол одоо гоншгонохоо зогсоож дуугүй ажилдаа ор. Мөнгө бол мэдээж ховор байгаа. Түүнийг мэдэж байна. Гэхдээ мөнгийг АН-ынхан 2012 онд засаг авангуутаа яаж босгож улсын эдийн засагт оруулсан түүн шиг санхүүгийн гарцыг МАН олох ёстой. Энэ бол та нарын ард түмнийхээ өмнө хүлээсэн үүрэг хариуцлага. Та нарын гоншгонохыг сонсох гэж ард түмэн сонгоогүй. Мөнгө өөрөө орж ирэхгүй, мөнгийг босгодог. Нэг зүйлийг дахин сануулъя. АН засаг авахад мөнгө халгитал байсан юм уу. Мөнгө байсаар байтал нь нэмээд Чингис бонд босгосон юм уу. Үүнийг тэр үеийн Сангийн сайд байсан МАН-ын гишүүн Ч.Улаанаас асууя. Шадар сайд байсан Д.Тэрбишдагваас асууя. Та нар хамт засаг барьж байсан хүмүүс. Бондын мөнгөний дийлэнхийг МАН-ыг санхүүжүүлдэг том компаниуд авсан уу, үгүй юу гэдгийг энэ хоёр эрхмээс бас асууя. Өнгөрсөн дөрвөн жилд Монголд орсон мөнгөний гүйлгээг шалгавал их л сонин дүр зураг харагдана даа.
Тэгэхээр МАН-ынхан одоо битгий сөрөг хүчин царайл аа, эрх баригч царайл. Эмгэн шиг битгий үглэ, эрх баригчид шиг зангарагтай бай. Та нарыг сонгосон сонгогчдынхоо хоолны мөнгөнөөс татвар нэрээр битгий хумсал. Түүний оронд газрыг мөнгө болгох эдийн засгийн гарц ол. Дор хаяж хагас их наяд болох дутуу орхигдсон обьектуудыг иргэд, аж ахуйн нэгжүүдэд нээлттэй дуудлага худалдаагаар зар. Энэтхэгийн нэг их наяд доллар, Хятадын тэрбум юанийг яаж ашиглах хөтөлбөрөө иргэдэд танилцуул. Өмчийн ихэнхийг төрд байлгахаа боль. Долларын ханшийн өсөлтөд юу нөлөөлж байгаа талаар худлаа мэргэн царайлахаа больцгоо. Долларыг гозойтол худалдан авч байгаа тодорхой хэдэн ББСБ-ыг шалгачих, чаддаг юм бол. Тэгэхэд доллар яаж өсөөд байгаа багцаа мэдэгдэнэ. Ингэхгүй байгаа чинь Эрүү, Зөрчлийн хууль хойшлох ганц шалтгаан бол Н.Энхбаяр шүү дээ гээд үнэнийг хэлчих нэг ч хүн 76 дотор байхгүй худлаа ийм тийм гэж жүжиглэж байгаатай адилхан байна.
Эдийн засгийн хямралтай бол аль ч орны, ямар ч Засгийн газар нүүр тулдгийг, энэ нь цаг үе бүхэнд байсныг У.Черчиллийн хэлсэн үгнээс харж болно. “Gentlemen, We Have Run Out Of Money; Now We Have to Think!” буюу “Ноёд оо, Бидний мөнгө дууссан-Одоо бид бодох хэрэгтэй” гэж. Энэ нь дэлхийн бүх улс оронд тохиолддог хувь тавилан, туулаад гардаг бэрхшээл. Ганцхан удирдагчид нь толгойгоо ажиллуулах л хэрэгтэй. Ард түмэн ядуу байх нь Ардын намд ашигтай байдаг байсан цаг өнгөрсөн шүү. Ард түмэн хатуудаа хатуу. Аваад хаячихаж чадах л байх. Яг өнөөдөр Монголын ард түмэн юу хүсч байна гэвэл итгэл хүлээлгэн сонгосон МАН-ынхаа яралзтал ажиллахыг, мөрийн хөтөлбөрөө хэрхэн хэрэгжүүлж эхлэхийг нүд салгалгүй харж байна. АН-ынхан өөдгүй ч гэсэн, хэрэлдэж уралцсаар байгаад зам тавьчихдаг л байсан юм шүү дээ
Зочин · 2016/09/09
nice