Хууль, эрх зүйн зохицуулалтын хүрээнд нэн тэргүүнд тусгай зөв­шөөрөл олгож буй өнөөгийн практикийг нээлттэй болгож, шударга, ил тод байх зарчимд ний­цүү­лэн өөрчилнө хэ­мээн УУХҮ-ийн сайд Ц.Дашдорж “Discover mongolia-2016” чуулга уулзалтын үеэр мэдээллээ.

Хоёр өдөр үргэлжлэх уул уурхайн салбарт хө­рөнгө оруулагчдын 14 дэх удаагийн уулзалтад “Оюутолгой”, “Энержи Ресурс” тэргүүтэй уул уур­хайн бүтээгдэхүүн экс­порт­логчид гадаад зах зээлд өрсөлдөх чадвараа нэ­мэг­дүүлэхийн тулд дэд бүтцийн асуудлыг яаралтай шийдвэрлэх шаардлагатайг санууллаа.

 

ӨСӨЛТӨӨС ХҮРТЭХ БОЛОМЖИЙГ БООМИЛСОН ӨРСӨЛДӨӨН

 

Өчигдрийн хурал­даа­наар нүүрсний экспорт­логчдын дунд өрнөж байгаа үнийн өрсөлдөөний та­­лаар хэлэлцлээ. БНХАУ коксжих нүүрсний хэрэглээний 90 хувийг дотоодоосоо хан­­гадаг. Үлдсэн 10 хувийг Австрали болон Монголоос импортолдог. Тэгэ­хээр коксжих нүүрс экс­порт­логч зарим компаниуд гол хэрэг­лэгч болох урд хөр­шид нийлүүлэх үнийг хямд­руулж, биет хэмжээгээ нэмэг­дүүлсэн нь оны эхэн үеийн коксжих нүүрсний өсөлтөөс хүртэх өгөөжийг бууруулсан хэмээн “Энержи Ресурс” компанийн гүйцэтгэх за­­хи­­рал Г.Батцэнгэл ярилаа. Бид хэнтэй өрсөл­дөж, хаана байгаагаа ойлгох хэрэгтэй гэдгийг цаг ху­гацаа харуулсан. Тий­мээс дэд бүтцээ шийд­вэр­лэх, зах зээлийн өр­сөл­­дөөнд шударга орол­цох учиртайг оролцогчид хэлсэн юм.

Оюутолгойн нийт зардлын 25-30 хувийг эрчим хүчний импортод зар­цуулж байгаа аж. Тий­мээс үүнийг зогсоохын тулд Тавантолгойн ца­хилгаан станцыг барих ажлыг эрчимжүүлж ашиглалтад оруулснаар 200-300 сая ам.долларыг дотоодод шингээх нөхцөл бүрдэх юм. Мөн Гашуунсухайт боомтыг олон улсын ангилалтай болгох хэрэгцээ шаардлага байгааг “Эрдэнэс Монгол” компанийн ерөнхий эдийн засагч Ч.Отгочулуу онцоллоо. “Эрдэнэс Монгол” компанийн хувьд стратегийн шинэчлэл хийхийн зэрэгцээ олон улсын зах зээлээс бонд гаргахаар судалж байгаа гэнэ. Түүнчлэн “Moody’s” агентлагаар зээлжих зэрэглэлээ тогтоолгохоор хамтран ажиллаж байгаа аж.

 

ТЭВЧЭЭР ШАЛГАСАН ОН ЖИЛҮҮД

 

Хуралдааны үеэр “Эрдэнэ ресурс деве­лопмент” компанийн ерөнхийлөгч, гүйцэтгэх захирал Петер Акерли Монголд хөрөнгө оруулалт хийсэн 20 жилийн туршлагаасаа хуваалцсан юм. Тэрээр “Уул уурхайн салбар зах зээлийн нийгэмд шилжих үе буюу 1995 оноос идэвхтэй хөгжсөн. Тухайн үед алтны олборлолтод илүү анхаарч байсан ч экспорт төдийлөн их байгаагүй. Харин ашигт малт­малын хуулийг шинэ­­чилсэн нь энэ салбарт хөрөнгө оруулалт орж ирэх боломжийг бүрдүүлж, гадныхан сонирхож эхэлсэн. Монгол Улсын бизнесийнхний төлөвшил их сонирхолтой” хэмээн мэдээлэл өгсөн юм. Хэдийгээр алтны экспорт өсч, тэр хэрээр гадны хөрөнгө оруулалт нэмэгдэж байсан ч үр дүн гараагүй учраас олон компани нутаг буцсан түүх бий. Үүнд манай улсын Засгийн газраас татвартай холбоотой гаргасан шийдвэр шууд нөлөөлсөн хэмээн хөрөнгө оруулагчид хэлдэг. Гэвч тэвчээртэй хүлээн одоог хүртэл үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж ч бий. Тэдний нэг нь “Эрдэнэ ресурс девелопмент” ажээ.

 

ФРИЙДЛАНДЫН ҮЕ БУЮУ ОЮУТОЛГОЙ

 

2001 оноос хойш Оюутолгой хөдөлгөөнд орж эхэлсэн бөгөөд энэ үеийг Фрийдландын үе хэмээн нэрлэдэг байна. Тэр жилээс хойш геологи хайгуулын ажил хийх компаниудын тоо өсч, идэвхжиж эхэлжээ. Гэтэл 2006 онд Монголын Засгийн газар гэнэтийн ашгийн татвараа нэмсэн бөгөөд дэлхийн аль ч оронд байгаагүй жишгээр өсгөсөн нь хөрөнгө оруулалтыг сааруулах шийдвэр болсон байна. Мэдээж үүнийг дагаж гарах сөрөг нөлөөлөл ар араасаа цуварсан гэдгийг мэргэжилтнүүд хэлж байлаа. Ингээд 2009 онд Оюутолгойг ашиглахаар болсон ч дэлхий даяар санхүүгийн хямралд орсон нь хөрөнгө оруулалтад нөлөөлөх хүчин зүйл бол­сон билээ. Харин 2011 онд манай улсын эдийн засгийн өсөлт 17.3 хувьд хүрч гадны хөрөнгө оруу­лагчдад таатай боломжийг бүр­дүүлсэн байдаг. Сүүлийн гурван жилд хөрөнгө оруу­лалт саарч байгаа шалт­гаан нь хууль эрх зүйн болон татварын орчин, засаглалын тогтвортой байдлаас шууд хамааралтай. Тиймээс энэ удаад шинэ Засгийн газар ямар шийдвэр гар­гахыг хөрөнгө оруулагчид анхааралтай ажиглаж байгааг “Эрдэнэ ресурс девелопмент” компанийн ерөнхийлөгч, гүйцэтгэх захирал Петер Акерли хэллээ. Бид хөрөнгө оруу­лагчдыг татахын тулд хууль эрх зүйн орчноо сайжруулах хэрэгтэй гэлц­дэг ч дэд бүтцээ хөгжүүлэх нь урт хугацаанд үр дүнтэй болохыг мэргэжилтнүүд онцолж байна. Манай улсын хувьд одоогоор ашиглаж буй томоохон ордоос гадна илрүүлж амжаагүй олон орд байгааг мар­таж болохгүйг мөн са­нууллаа. Бо­ломжийг ашиг­­лан ордуудыг эргэл­тэд оруулснаар эдийн засагт эерэгээр нөлөөлөх юм. Мөн энэ салбарыг хөгжүүлэхийн тулд бүх талын хамтын ажиллагаа чухал гэдгийг хурлын төлөөлөгчид анхааруулсан. Уул уурхайн салбарыг хөгжүүлэх төлөвлөгөөг боловсруулахдаа монгол гэрийн бүтцийг ашиглах нь үр дүнтэй арга болно хэмээн тэрээр хэллээ. Тухайлбал, лицензийн тогтолцоог сайн зохион байгуулж үр дүнг нь зөв тодорхойлох учиртай. Тиймээс хайгуулын сал­барын хөгжлийг орхиг­дуулж болохгүй ажээ. Ийнхүү салбарын тул­гамдсан асуудлыг энэ удаагийн хурлаар хэлэлцсэн. Уул уурхайн салбарынханд “Үнээ” биш “Шар” унагах өрсөлдөөн хэрэгтэй болжээ.