МУ-ын улс төрийн үйл явцад эрх тэгш оролцож сонгуульд эрх тэгш өрсөлдөх ёстой 1,5 сая гаруй эмэгтэйчүүдийн төлөөллийг гаргаж ирэхийн тулд улс төрийн намууд, хэвлэл мэдээлэл, олон нийтийн хандлагыг өөрчилж эрх тэгш орчинг бүрдүүлэх зайлшгүй шаардлагатай байна.

Манай улсад эмэгтэйчүүд анхнаасаа ардчиллын үйл явцын нэгээхэн хэсэг байсаар ирсэн ба 1996-2008 оны хооронд эмэгтэйчүүдийн улс төр дэх оролцоо нэмэгдсээр ирсэн боловч 2008 онд бараг хоёр дахин багасжээ. 2005 онд Улсын Их Хурал 25 тоот тогтоолоор Мянганы Хөгжлийн Зорилтуудыг баталсан ба үүнд улс төр болон шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог 30 хувиар нэмэгдүүлнэ гэж заасан. 2008 онд сонгуульд нэр дэвшигчдийнхээ 30 хувийг эмэгтэй гишүүд байлгах квот тогтоон хуулийн төсөл боловсруулснаар энэхүү зорилт бага зэрэг урагшилсан боловч сонгуулийн өмнө уг хууль батлагдсангүй. 2012 оны сонгуулийг угтаад квотыг нь 20 хувь болгон өөрчилсөн хуулийн төсөл боловсруулагдаж 2011 онд 2011 онд батлагдсан УИХ-ын сонгуулийн хуульд нэмэлт өөрчлөлт /27.2 зүйл/ болон орсон байна. 2012 оны сонгууль холимог системээр явагдаж 26 дүүргээс 48 суудал мажоритар системээр сонгогдож 28 суудал хаалттай намын жагсаалтаар буюу пропорционал системээр сонгогдсон. Сонгуулийн системд орсон энэхүү өөрчлөлт болон квот тогтоосны шууд үр дүнд 2012 оны сонгуулиар парламент дахь эмэгтэй гишүүдийн тоо гурав дахин нэмэгдсэн байна. Монголд хамгийн сүүлд болсон 2012 оны сонгуулиар УИХ-ын 76 суудлын 10 нь эмэгтэй гишүүдэд ногдож дараа нь 2012 оны сүүлээр нэг эрэгтэй УИХ-ын 76 суудлын 10 нь эмэгтэй гишүүнээр солигдсоноор нийт 11 эмэгтэй гишүүн парламентын 14,2 хувийг эзлэх болсон гэж сонгуулийн ерөнхий хороо мэдээлсэн юм.

Хүйсээр ялгаварлан гадуурхах уламжлалт хандлага нь одоо хэрэгжиж буй жагсаалтаар сонгох сонгуулийн системд нөлөөлж нэр дэвшигчдийг сонгох үйл явцыг хайхрамжгүй болгож буй нь эмэгтэй нэр дэвшигчдэд бэрхшээл сорилтуудыг үүсгэж байгаа юм.

Манай улсад өнөөдөр санхүүгийн бэрхшээл бодитоор тулгарч байна. Эмэгтэйчүүд ихэнхдээ төрийн үйлчилгээний салбарт буюу боловсрол эрүүл мэндийн чиглэлээр түлхүү ажиллаж байхад эрэгтэйчүүд бизнесийн салбарт давамгайлж байна. Эрэгтэйчүүд ажлаасаа чөлөө авч сонгуулийн ажлаа эхлүүлэх юмуу кампанит ажилд зориулах нөөц бололцооны хувьд эмэгтэйчүүдээс хамаагүй илүү байдаг.

Бүх нэр дэвшигчдийн хувьд кампанит ажлын санхүүжилт том асуудал боловч хязгаарлагдмал нөөц бололцоотой эмэгтэйчүүдэд илүү хүнд асуудал болдог. Ихэнх улс төрийн намууд нэр дэвшигчдэд санхүүгийн туслалцаа үзүүлдэггүй ба нэр дэвшигчид өөрсдийгөө санхүүжүүлэх ёстой гэж үздэг. Ийм тохиолдолд бага цалинтай, банкнаас зээл авах шаардлагатай эмэгтэйчүүд санхүүгийн хувьд эрх чөлөөтэй эрэгтэйчүүдтэй өрсөлдөх болдог. Фокус бүлгийн ярилцлагаас эмэгтэйчүүд нам доторх лобби бүлгүүдэд нэгдэх шаардлага гардаг ба намын удирдлагад таалагдаж жагсаалтад бичигдэхийн тулд намын удирдлагын ашиг сонирхлыг дэмжих хэрэгтэй болдог гэсэн байна.

Мөн сүүлийн үеийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл тэр дундаа цахим хуудас, сайтуудад эмэгтэй нэр дэвшигчдыг хов жив, цуу ярианд өрөмтгий байдаг нь нийгмийн хандлага сонгуульд өрсөлдөх хүсэлтэй эмэгтэйчүүдийн зоригийг ихэд мохоодог байна. Иймээс хэвлэл мэдээлллээр дамжуулан нэр дэвшигч эмэгтэйчүүдийг буруу, ташаа мэдээлэл дамжуулах бус харин нийгмийн сайн дурын үйл ажиллагаа, ажлыг мэдээллэх мөн нэр дэвшигч эмэгтэйчүүд илтгэл тавих, хэвлэл мэдээллээр өөрсдийгөө зөв илэрхийлэх чадвар зэргийг нэмэгдүүлэх эмэгтэйчүүдийн улс төрд оролцох эрх, түүний үр ашиг, тэдний ололт амжилтын тухай иргэдэд боловсрол өгч, нөлөөллийн үйл ажиллагаа явуулах шаардлагатай байна.

М.Буянжаргал