АН Үндэсний зөвлөлдөх хороо /ҮЗХ/-ны хурлаа товлосон ч байнга хойшлуулж ирэв. Энэ нь фракцууд тохиролцож байгаатай холбоотой. ҮЗХ хуралдахгүй удах тусам хор найруулагдаж, олон хувилбар гаргаж, тэр нь өөрчлөгдөж буйн илрэл юм.

АН-ын ҮЗХ-ны хурлын сүүлийн тов энэ сарын 16-нд гэж гарсан. Гэтэл фракцууд намын даргад энэ удаа сонгогдсон хүн ирэх арванхоёрдугаар сард болох Их хурал хүртэл тамга атгана. Их хурлаар намын даргыг дахин сонгож баталгаажуулна гэлцэн талцаж буй. Тиймээс нэр дэвшигчид нь одоо биш ирэх арванхоёрдугаар сард зүтгээд үзье хэмээн чаргууцалдаж байгаа гэсэн мэдээлэл бас дуулдаж байгаа.

Энэ удаагийн ҮЗХ-ны хуралд экс намын дарга Н.Алтанхуягийн нөлөө тун бага гэлцэж байна. Тэгэхээр намын даргын сонгуульд түүний ойр хавиас зүтгүүлэх боломж бас хомс гэнэ. Харин намын ерөнхий нарийн бичгийн сунгаанд Боловсрол, шинжлэх ухаан, соёл, спортын дэд сайд асан Б.Ургамалцэцэг, ТЕГ-ын дарга асан Б.Ариунсан нарыг зүтгүүлж буй мэдээ байна.

“Шонхор” фракцийн зүгээс шууд намын даргад хүнээ тавина хэмээн С.Эрдэнэ, Д.Ганхуяг нарыг боломжтой гэж тулгаж буй сурагтай. П.Цагааны хувьд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж санал болгон хүч түрэн зүтгүүлсэн гэх. МҮДН фракц УИХ-ын гишүүн, одоо АН-ын даргын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж буй Д.Эрдэнэбатыг суудалд нь бэхлэх бодолтой байгаа гэсэн мэдээлэл эртнээс дуулдсан. Гэтэл П.Цагааныг намын даргын марафонд нэгдэнгүүт зөрүүлээд өөрийн фракцийн Ц.Баярсайханыг Ерөнхийлөгчийн зөвлөхөөр илгээсэн нь тэдний дунд ямар тохироо хийгдэв гэдэг талаасаа ихэд сонин.

Намын даргын сунгаанд “Нэг ардчилал”-аас Лу.Гантөмөр, Х.Тэмүүжин нар горилж байгаа. Гэхдээ шанс багатай. Элдэв яриа хэлцэлд тэднийг ерөнхий нарийн бичгийн даргын эсвэл нарийн бичгийн даргын сонгуульд хүч үз хэмээн хойш нь шидэж байгаа гэлцэх. Харин МоАН нэгдлээс Лу.Болд, Г.Батхүү, А.Бакей, Ц.Оюунгэрэл нар тохироонд оролцож байгаа ажээ. Тэдний ард С.Баярцогт, Ч.Сайханбилэг нар нууц байдалд яриа хэлцэлд орж яваа сураг бас дуулдаж байна.

Ч.ЗОТОЛ

Эх сурвалж: www.polit.mn