Эмоци продакшн үзэгчдэд шинэ тоглолтоо хүргэх гээд бэлтгэл ажилдаа орсон. Мөн тус продакшнд Шинэ үе продакшны гурван жүжигчин орж тоглохоор болсон. Энэ талаар Эмоци продакшнд орж тоглолтондоо бэлдэж байгаа СТА жүжигчин, дуучин Л.Сөрөлттэй ярилцаж албан ёсны хариултыг хүргэж байна.

Тоглолт эхлэхэд хэдхэн хоног үлдлээ маш завгүй, шургуу ажиллаж байна уу?

Хошин урлаг 2006 оноос 2016 он хүртэл 10 жил болсон байна. Намар цаг болж хүмүүс ажилдаа орж, хүүхэд бүр сургууль, цэцэрлэгтээ орлоо. Төр засагт маань өөрчлөлт орлоо. Хошин урлагт мөн л өөрчлөлт орлоо. Бид тоглолтоо хүргэхэд бэлэн болж байна. Тоглолтонд Эмоци продакшн бүрэн бүрэлдэхүүнээрээ тоглохоосоо гадна Л.Сөрөлт миний бие, жүжигчин Ц.Ганбаяр, Б.Отгонтуяа бид гурав урилгаар орж тоглохоор болсон. Бид бүгд нийлээд “Аз жаргалыг share л” тоглолтыг үзэгчдэд хүргэхээр зорин ажиллаж байна. Тоглолт энэ сарын 19-нд нээлтээ хийнэ.

Тоглолтын бэлтгэл ажил хэдэн хувьтай байна?

Бэлтгэл ажил 75-80 хувьтай явж байна. Шинэ тоглолтондоо зориулж “Хайрласан болохоор” дууг хийж, клипийг нь цацсан. Шинэ дуу хийж бид өөрсдөө дуулсан. Энэ дуугаа фэйсбүүк болон сошиалаар цацаад эхэлсэн. Үүнээс үзэхэд хүмүүсийн хандлага, үзэгчдэд хүлээлт үүсгэсэн байгаа нь харагдаж байна.

“Шинэ үе” продакшнаас яагаад гарав, албан ёсоор гарсан уу?

Энэ талаар цаг нь ирэхээр албан ёсоор мэдээлэл өгнө. Бооёо ах маань Аглуу ахтай хамтран өнгөрсөн хавар “Найзууд” шоу тоглолт хийсэн. Дахин тун удахгүй “Найзууд 2” тоглолтоо хийх гэж байна. Бид гурав “Найзууд” тоглолтод оролцоогүй. Бидний хувьд “Эмоци” продакшныхаа саналыг хүлээн аваад, тоглолт хийх гэж байна. Албан ёсоор гараагүй байгаа. Жүжигчин Г.Ундармаа эгч, Д.Хүрэлхүү ах нар “Х-Түц” продакшнд сайхан хамт олонтой ажиллаж байна. “Шинэ үе” продакшнд Л.Баттулга буюу Аглуу ах маань ажиллаж байна энэ бүгд үзэгчдэд хүлээлт үүсгэж байна. Ингэснээрээ маш том хариуцлага ирж байна. Хүлээлт үүсгэчихээд тоглолт хүргэх нь дагаад хариуцлага ирж байна. Үзэгчдийн урдаас барих бидний хувьд маш их хичээж ажиллах үлдээд байна. Залуу хүмүүстэй хамтарч ажиллаж байгаа их таатай байна. Бидний хувьд зүгээр л “Найзууд” тоглолтыг дахин тоглох гэж байна. Энэ хугацаанд “Эмоци” продакшны уран бүтээлчдийн урилгыг хүлээн авч тоглож байгаа гэдгийг хэлмээр байна.

Тоглолтоос гадна дуулах уран бүтээл дээр шинэ бүтээл гаргахаар ажиллаж байна уу?

Одоогоор бол дуугаа дуулах шинэ уран бүтээл гаргах цаг, зав байхгүй байна. Гол “Аз жаргалыг шэйрлэ” тоглолт дээр Сөрөлт миний бие юу үзүүлэх вэ гээд тоглолтондоо илүү анхаарч байна. Дуучин найз Түмэн-Өлзий дөнгөж сая яриад яаж байна гээд санаа зовсон ярьсан. Удахгүй хоёулаа шинэ дууныхаа ажилд орно гэж хэлсэн харин өөдөөс эхлээд тоглолтондоо анхаар гэсэн. Харин шинэ мэдээ дуулгахад сая сайхан мэдээ хүлээн авсанд баяртай байна. Хөгжмийн зохиолч Д.Цэцэрлэг багш, Л.Гаваасүрэн гуайн шүлэг нэг сайхан дууг хавар дуулсан. Харин өнөөдөр Д.Цэцэрлэг багш маань дөнгөж сая над руу ярьж “Ханьсахын жаргал” Батсайхан, Эрдэнэтунгалаг нарын дуулсан энэ дууг та хоёр дуулвал ямар вэ гэсэн санал тавилаа. Маш сайхан санал тавьсанд баярласнаа илэрхийлээд ямар ч байсан энэ тоглолтоо амжилттай хүргээд дууныхаа ажилд орно доо.

Танд баярлалаа. Амжилт хүсье.

М.Буянжаргал