Ж.Эрдэнэбат шанзов эмээ, өвөөгөөс бусдыг нь дийлсэнгүй
2016/09/16
Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын Засгийн газар төсвийн алдагдлыг бууруулах төлөвлөгөө боловсруулснаа танилцуулсан нь дуулиан шуугиан болж байж сая нэг намжлаа.
Учир нь дээрх төлөвлөгөөний хамгийн чухал хэсэг нь найман төрлийн татвар нэмэх заалтууд байв. Тухайлбал, 2.5 сая төгрөгөөс дээш цалинтай бол 25 хувийн татвар авна. 100 сая төгрөгөөс дээш төгрөгийн хадгаламжтай бол хүүгээс нь татвар авах, автомашин болон архи, тамхины онцгой албан татварыг нэмнэ. Алт олборлогчид, ашигт малтмалын нөөц ашиглагчид, машины сэлбэг худалддаг хүмүүст ч шинээр татвар ногдох байлаа. Мөн 150 ам метрээс дээш байранд тансаг амьдарч байгаа хүмүүс улсад татвар төлөх болж байв. Харин хэдхэн хоногийн өмнө энэ засгийнхан “найман төрлийн татвар нэмж авахаа болилоо, ард түмнээ бодож байна” хэмээн нэг их ард түмнээ бодож, энэрч хайрласан шийдвэр гаргаснаа зарласан юм. Үнэндээ 150 ам.метрээс дээш байранд амьдардаг Н.Номтойбаяр, О.Содбилэг, Н.Учрал, Б.Чойжилсүрэн, Ж.Ганбаатар, Б.Дэлгэрсайхан зэрэг хөрөнгө мөнгөтэй хүмүүсээсээ л татвар авахаа больж байгаа хэрэг. 100 саяын хадгаламжтай, 2.5 саяас дээш төгрөгийн цалинтай хүн энгийн ардуудын дунд байхгүй. УИХ-ын гишүүд болон бусад өндөр албан тушаалтнуудын хөрөнгө, орлогын мэдүүлгийг харж байхад хэд хэдэн байртай, өч төчнөөн зуун саяын хадгаламжтай, үнэтэй машинуудтай юм билээ. Тэгэхээр найман төрлийн татвар авахаа болилоо гэсэн сүржин мэдээлэл ард түмэнд падлий ч байхгүй нь. Ард түмнийхээ үгэнд л орж ийм шийдвэр гаргалаа гэцгээж байна лээ. Энэ ядарсан олныг боддог, тэдний амьдралыг мэддэг хүн бол хамгийн хэрэгтэй хуулийг нь зогсоохгүй л байсан байх. Юу гэх гээд байна гэхээр, татвар энэ тэр гэсэн баахан шуугиан албаар үүсгэчихээд түүнийхээ дүйвээнд ирэх оноос хэрэгжиж эхлэх байсан Хамтын тэтгэврийн хуулийг татаад авчихсан юм. Юм хэлж чадахгүйгээр нь эмээ, өвөө нарыг дээрэлхэж байгаа хэрэг. Ажил хийдэггүй болохоор хэл ам гаргахгүй гээд гэртээ суугаа хөгшчүүдийг алаг үзэж эхэллээ. Тэдний зогсоосон Хамтын тэтгэврийн хууль хэрэгжээд эхэлбэл олон хүнд буян болж, амьжиргаанд нь дэм болох байлаа.
Одоогийн Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат өмнө нь Сангийн сайд байсан. Одоогийн Сангийн сайд Б.Чойжилсүрэн мөн л УИХ-ын гишүүн байсан. Аль аль нь өмнө нь УИХ-д сонгогдож засаг төрд ажиллаж байсан хуучин хүмүүс. Гэхдээ энэ хоёр төдийлөн анзаарагддаггүй байсан гишүүд. Байгаа байхгүй нь мэдэгддэггүй, юм дуугардаггүй болохоороо “хэлгүй Короллиа” гэсэн хочтой болоод амжсан хоёр. Хэлгүй Короллиа гэж “Халтар царайт“ хэмээх олон ангит киноны дүр гэдгийг уншигчид андахгүй мэднэ. Ийм гишүүдийг даруухан ч гэдэггүй. Тэгээд ч УИХ-ын гишүүн хүн даруухан байх ёстой билүү. Үгүй шүү дээ. Хичнээн мянган хүнийг төрд төлөөлнө хэмээн сонгогдож ирчихээд дуугүй суугаад байна гэдэг зөөлхөн хэлэхэд ажлаа мэдэхгүй байна гэсэн үг. Хатуухан хэлэхэд сул дорой хүний шинж. УИХ-ын гишүүн хүн бол ард түмнийхээ төлөө дуугарч, тэднийг үгийг төрд хүргэж, эрх ашгийг нь хамгаалан хууль санаачлан ажиллаж байх ёстой.
Өнгөрсөн УИХ-ын сонгуулиар нам нь олонх болж, мань хоёр гишүүн ч өндөр албан тушаалд очлоо. Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, Монгол Улсын Сангийн сайд Б.Чойжилсүрэн хэмээн дуудуулж байна. Одоо л тэд хэлд орж байна уу гэлтэй дуугарч эхэллээ. Гэхдээ тэдний яриаг сонсоод ард түмэн мэл гайхаж, цэл хөхөрлөө. Жаахан хүүхэд анх хэлд орохдоо жигтэйхэн худлаа ярьдаг даа. Яг түүн шиг амандаа орсон болгоныг ярьж өгч байна даа. Ялгаатай нь хэлд орж байгаа нялх хүүхдэд ийм үе байдаг гэдгийг анагаах ухаан ч хэлдэг, ард түмэн ч мэддэг. Худлаа ярьдаг үе нь ирчихэж гээд хүүхдүүдийн ярихыг өхөөрдөн сонсдог. Харин том хүн, тэр дундаа төрийн сайдууд нь ёс суртахуунгүй, увайгүй худлаа ярихыг сонсохоор хэлэх ч үг олдохгүй юм.
Тэдний ярьж байгаагаар бол Хамтын тэтгэврийн хууль хэрэгжвэл тэнгэрт одсон аав, ээжийнхээ үлдээсэн өв хөрөнгөнөөс үлдэгсэд нь сэжиглээд байгаа юм байх аа. Тэгээд “наад балай хуулиа болиулаад өгөөч” гээд хөгшид Б.Чойжилсүрэн сайдад зогсоо зайгүй хандаад байгаа гэнэ. Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын мэдэгдэж байгаагаар энэ хуулийн нөлөө хөгшдөд маш буруугаар эргэж байгаа гэлээ. Үсээн цайж, ясаан нимгэртэл хорвоогийн жаргал зовлонг хамтдаа туулсан хоёр хөгшин насны эцэст өөрийнхөө тэтгэврийг нэмчих гээд бие бие рүүгээ муухай хараад суух юм гэнэ. Ийм учраас Ерөнхий сайд маань настнуудаа бодоод хуулийг хэрэгжүүлэхээ больж байгаа юм байх.
Алив зүйлд тайлбар хэлж болно. Хуулийг хэрэгжүүлэхээ больж ч болно. Гэхдээ төрийн сайдууд ийм ёс зүйгүй худалч байж болохгүй. Монголчууд хэдэн мянган дамжин өвөг дээдэс, бурхны оронд зорин одсон хүмүүстээ чин хүндэтгэлтэй хандаж, сайн сайхан амьдарч яваагаа тэднийхээ буян хишиг хэмээн бэлгэшээж ирсэн ард түмэн.
Ж.Эрдэнэбат, Б.Чойжилсүрэн нар чадал чансаатай, өнгөлөг мөнгөлөг хүмүүсээс татвар авч, жаахан ч гэсэн мөнгө цуглуулчих чадал алга. Харин хөгшчүүдийг элдвээр хэлж байгаад нэг хуулийг зогсоож байх шиг байна. Үүнээс баахан мөнгө хэмнэх юм байх. Сулхан хүмүүс л хүч чадалгүй улсыг дээрэлхдэг юм. Ж.Эрдэнэбат шанзов тэргүүтнүүд эмээ, өвөөгөөс бусдыг нь дийлсэнгүй дээ.
Монгол төрийн алтан жолоог атгалцаж байгаа хүмүүс ийм ааш авир гаргаж, энэ мэт худлаа үнэн үг ярьж явах ч гэж дээ. Эдийн засгийн хямрал нөмөрч, улс орон хэцүү байгаа үед ийм сул хүмүүс Монгол Улсыг удирдаад авч явж чадах уу. Арай өөр сийрэг сэтгэдэг, чадвартай, мэдлэг боловсролтой хүн танай намд алга уу, МАН-ынхаан.
Зочин · 2016/09/17
чадалтай монготэй хумуусээс татвар авах гэж зориглон дуугарсан шуу харин ч !
Өвгөн · 2016/09/17
МАН-ын 65, ерөнхий сайд, сангийн сайд хоёр хэдэн хөгшчүүдээ "Тэтгэврийн зээлийн хүүг бууруулна, та нарыг жаргаана гэж чихэн дээр хятад цаасан цэцэг ургуулсаар хуурсаар одоо бүр дарамталж эхлээ юу даа. АН-ЫНХАН МУУ ХЭЛҮҮЛСЭЭр АДГИЙН НААД ЗАХ НЬ АВТОБУСНЫ АХИМ КАРТААР хөгшчүүдээ ҮНЭГҮЙ ЯВУУЛДАГ БАЙСАН. 9.17-ноос цахим карт уншуулахаар "Мөнгө чинь хүрэхгүй бна" гээд, зарим жолооч хохой шиг хөөж буулгах гээд байх болж ЕРӨНХИЙ САЙДАА ЭНЭ МОНГОЛЫГ ЦААШ НЬ АВЧ ЧАДАХГҮЙ БОЛСОН УУ
Зочин · 2016/09/17
Энэ засгийг унагах хэрэгтэй болдогсон бол дахин сонгууль явуулах юмсан. Ард түмэн минь энэ сонгуулиар бид юу хийчих вэ? Эрдэнэ сайд ер нь өндөр настан , ард түмний төлөө их юм хийснийг үгүйсгэх аргагүй. Нөхөн даатгал гэж их буянтай зүйл хийсэн. дараа нь хамтын тэтгэвэр гээчийг санаачилж энэ хуулийг батлагдах болов уу гэж мөн ч олон настангууд хүлээж байсан. Гэтэл энэ
Зочин · 2016/09/17
Юун ТРАНС ТОС. Наана чинь бид жолооч нарын алдаа гаргахыг хүлээж торгууль аван төсвөө бүрдүүлэх гээд,Энхрий хайрт Цэдэнбал, Сүхбаатар нарыгаа алдаршуулах гээд,хотын нохойнуудад СПИРИАЛ тавиулах гээд ,САЙН нэртэй хөтөлбөр болгоныг устгаж Муу тусмаа сайн хөтөлбөр гаргаж хэрэгжүүлэх гээд завгүй байхад чинь хүний эрүүл мэндийн асуудлаар манай намын бодлогод нийцэхгүй юм яриад байх юм. БАТЗОРИГ гишүүний нохойнуудад Спириал тавих эмч олдохгүй байна . Туслаач.
zochin · 2016/09/17
aimshig .aij baina ene humuusees yandaa
МАН ЗҮТГЭНЭ · 2016/09/16
МАН-ыхан ЗҮТГЭНЭ. Өөрсдөө БАЯЖИНА.ЗОРИЛГО нь ТЭР. АН-ыхан БҮТЭЭНЭ. Ард түмэн ХОЖНО. Үр дүн нь ИЛ. АН хийхийг нь хийнэ.Мөн чанар нь ЭНЭ. МАН нураахыг нь нураана.Угаас ЧАДАЛ нь тэр. Өглөө бүр санаж бай.
Зочин · 2016/09/16
okay
Зочин · 2016/09/16
Ичиг ичиг л гэж хэлье дээ. Өөр хэлэх үг үнэндээ алгаа. Ийм хүмүүсийг сонгосон ард түмэн бидний хохь нь болж байна даа.