Уран зургийг, яруу найрагтай хослуулсан утга уянга, ухаарлын үзэсгэлэн нээлтээ хийлээ
2016/09/16
Яруу найрагч, сэтгүүлч У.Баярсайханы "Хамгийн түрүүнд бодолдоо дурлана" яруу найргийн ном, зураач Г.Цэнгүнжавын "Ур" уран зургийн үзэсгэлэнгийн хамтарсан нээлт өчигдөр Чин Ван М.Ханддоржийн өргөөнд болов.
Уран зургийг, яруу найрагтай хослуулсан уг үзэсгэлэн яг л ус загас мэт эв найртай элгэмсэг дотно, нэг л тийм яруухан харагдана. Шүлгэнд тохируулж зурсан зургийн хажууд жаазанд яруу найрагчийн шүлгийг бичээд зүүсэн нь их гоё чамин шигтгээ мэт харагдав.
Яруу найрагч У.Баярсайханы аж ахуйн амьдралд ойрхон тэрлэсэн шүлгэнд нь зориулж зургаа зурсан зураачийн бүтээл яах аргагүй содон бас сонихон харагдаж байв. Монголд анх удаа ийнхүү уран зураг, яруу найргийг хослуулан үзэсгэлэн гаргаснаараа ихээхэн онцлогтой гэдгийг уран бүтээлчид ярив. Ийнхүү нэг нь бийрээр ертөнцийг зурдаг бол нөгөөх нь сэтгэлийн их хөг аялгуулгаар ертөнцийг дуулдаг гэдгээ тайлагнав. Уран зураг, яруу найраг бол нэг зүйлийн хоёр далавч юм. Зураач, яруу найрагч хоёр фэйсбүүкээр танилцаж, уран бүтээлээ хамтдаа эхлүүлж байсан нь их сонирхолтой санагдав.
Тэдний үзэсгэлэнгийн нээлтэд Монголын зохиолчдын эвлэл болон яруу найрагч залуугийн төрүүлж өсгөсөн ээж Б.Янжин, хайртай гэр бүлийнхэн нь дотны андууд болон эрдэм номынх нь их багш, УЗНАД сургуулийн захирал Ш.Цэнд-Аюуш нар хүндэтгэлтэйгээр хүрэлцэн ирэв. Мөн уригдаж залагдаж ирсэн зочдын дунд олны танил эрхмүүд ч цөөнгүй харагдав.
Тухайлбал, хөгжмийн зохиолч “сахал” Пүүжээ, Монгол Улсын гавьяат тамирчин Н.Баярсайхан нар харагдав. Үзэсгэлэнг нээж ҮДБЭЧ-ын морин хуурч, уртын дуучин Б.Мөнхбаатар хоёр уртын дуугаа шуранхайлуулж, хуурын татлагаар мялаалга өргөв. Харин уг арга хэмжээг хөтлөн явуулах хүндтэй үүргийг Соёлын гавьяат зүтгэлтэн, нэвтрүүлэгч Ш.Ёолк “үүрэв”.
Яруу найрагч У.Баярсайханы хувьд уран бүтээлийн олз омог арвинтай. Тэрбээр 2009 онд анхны яруу найргийн ном болох “Бөгтөр сарны зүүд” номоо өлгийдөн авч “Хүү нь тандаа очно” нийтийн дууны цомог гаргасан бол араас нь залгуулаад “Их л холын амраг” нэртэй нийтийн дуучдын тоглолтыг Монгол бөхийн өргөөнд нижгэр хийж байв. Харин 2014 онд “Танихгүй танил” нэртэй шигшмэл ярилцлагын номоо хэвлүүлсэн бол “Хамгийн түрүүнд бодолдоо дурлана” ном нь яруу найргийн хоёр дахь ном нь ажээ. Гавьяа шагналын хувьд Ган үзэгтэн, Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан, хойд бүсийн “Тулах багана” яруу найргийн наадмын эзэн. Түүний шүлгээс асар их тайтгарал, амар амгалан байдал, хөдөө өссөн болоод ч тэрүү, ахуйн соёл, адуу малны үнэр ханхийнэ. Тиймээс аж байдал буюу амьдралд ойрхон ойлгомжтой, тийм нэг сайхан энгийн хэрнээ хийморлог шүлэг тэрлэж онгодоо хөглөхийг илүүд үздэг бололтой. Түүний хувьд дууны шүлгүүд олонтой төдийгүй “хит” болсон олон дуутай хүн.
У.Баярсайхан: Охиндоо Б.Нар-Сар хэмээх нандин нэр хайрласан
Ингээд яруу найрагч, сэтгүүлч У.Баярсайхантай уран бүтээлийнх нь талаар цөөн хором хөөрөлдлөө.
-“Хамгийн түрүүнд бодолдоо дурлана” яруу найргийн номын нээлтээ хийсэнд баяр хүргэе. Сэтгэгдэлээсээ хуваалцахгүй юу?
-Баярлалаа. Миний яруу найргийн номын хувьд хоёрдахь ном болж байна. Би ном бичнэ гэж бодоогүй явсан. Шүлэг биччихээд нүүр номондоо оруулчихаад явж байсан.
-Зураач Г.Цэнгүнжавтай хэзээнээс эхлэн уран бүтэээлийн дөрөө харшуулж эхлэв ээ?
-Бид хоёр өмнө огт уулзаж байгаагүй. Фэйсээр танилцсан хоёр. Нэг өдөр чатаар холбогдоод “чиний шүлэгүүд таалагддаг. Энэ удаад чиний шүлэгнээс гурвыг сорчилж аваад зураг зурчихлаа. Манай урлан дээр ирж үзнэ үү” гэсэн. Тийм сайхан зүйл дуулаад баяртайгаар явж очсон. Хамгийн түрүүнд “Наадам хурдан болоосой” гэсэн зургаа зурсан байсан. Дараа нь “Сарыг сартайд нь”, олон адууны зургийг зурсан байсан. Би хөдөө өссөн болохоор адуу маланд их ойр. Тэгээд л би миний шүлэгнээс сонгоод арван зураг зурчих, би яруу найргийн номоо гаргая гээд сэтгэл санаа нийлж уг үзэсгэлэн гаргалаа. Шинэлэг зүйл нь уран зургийг хослуулсан даа. Миний шүлэг болоод энэ уран зургийн үзэсгэлэн масс талдаа илүү хүрэх байх гэж бодож байгаа шүү.
-Номоо хэвлүүлэх ивээн тэтгэгчээ хэрхэн олов?
-Энэхүү номыг ном үзэсгэлэнг ивээн тэтгэсэн аймгийн алдарт уяач, цагдаагийн хурандаа А.Эрдэнэбаяр ах, "Хүчит чулуут" ХХК-ий захирал Б.Батзаяа андад чин сэтгэлийн талархал дэвшүүлэх нь зүйтэй байх.
-Дууны яруу найргийн хувьд?
-Нийтийн дууны шүлэг бичиж байгаа. Одоо Д.Намсрайноровын “Хүсэл” гээд дууны шүлгийг бичсэн. Өнгөрсөн долоо хоногоос клипжүүлж байгаа гэсэн сурагтай. Мөн Э.Төрмандахын “Болзоо” гээд дууны шүлгийг бичсэн. FM-ээр сайн явж байгаа дуу юм билээ.
-Сая танд хөгжмийн зохиолч Г.Пүрэвдорж ах сайхан санал тавилаа гэсэн?
-Тийм. Хоёулаа поп дуу хийе гэсэн санал тавилаа. Одоогоор хэнтэй хийх вэ гэдгээ ярилцана даа.
-Гэр бүлээ танилцуулна уу?
-Манай гэргийг Б.Дэлгэрмөрөн гэдэг. Манай охиныг Б.Нар-Сар гэдэг. Одоо нэг нас хоёр сартай гүнж байна.
-Охиндоо ямар өвөрмөц утгатай нэр хайрласан юм бэ?
-Охиноо ээжийнхээ хэвлийд олдсон цагт нь би өөрөө бодож байгаад энэ нэрийг өгсөн юм. Эрэгтэй ч байсан эмэгтэй ч байсан Нар-Сар гэж нэр хайрлана гээд дотроо бодоод хэнд ч хэлээгүй. Тэгээд л төрсөний дараа би нэрээ хайрласан даа. Утга учир нь хамгийн тунгалаг гэрэл гэгээтэй байхыг бэлгэдсэн. Их өвөрмөц нэр.
О.Сайхан
Зочин · 2016/09/16
okay