24 баримт: МАНАН Монголыг “залгиж” байна
2016/09/21
Өрийн асуудлыг ялгаж салгахгүй бол монголыг өрийн дарамтанд оруулсан хариуцлагыг Ж.Эрдэнэбат үүрэх ёстой
Сүүлийн үед Монгол Улсын иргэн бүр өртэй болж байгаа талаарх мэдээлэл монголчуудын төдийгүй дэлхийн дахины сонорт хүрлээ. Тэгвэл энэхүү таагүй мэдээллийг судлаачид арай өөр өөрөөр тайлбарлаж байгаа бөгөөд үүнийг улс төрийн намууд ил болгож, хэн, хэний өрийг улсын өр хэмээн дэлхий дахинаа тунхаглаад байгааг зарлахыг хүсэв. Мөн өнөөгийн Засгийн газрын хийж хэрэгжүүлж буй ажил, улс төрд эрх барьж буй намуудын өнөөгийн нөхцөл байдал, өрнөж буй асуудлын талаар судлаач Ч.Ганхуяг “Бөмбөг дэлбэрвэл” аюултай нийтлэл бичжээ. Түүний нийтлэлээс онцлох 24 ишлэлийг хүргэж байна.
Баримт 1. Ардын намын улстөрчид эдийн засаг ярьж байна. Ингэхдээ буруу ярьж байна. Мордохын хазгай гэж энэ. Угаасаа ч МАН-д эдийн засгийн ухаан мэддэг хүн байхгүй, харин хулгай хийчихээд тэрийгээ эдийн засгийн “элдэв онолоор” тайлбарладаг баагийнууд л олон бий.
Баримт 2. Гэхдээ асуудал сунжирвал МАН дахь хүчирхэг фракц Ерөнхийлөгч асан Н.Багабанди, ЕТГ-ын дарга байсан С.Баяр болоод түүнийг ил далд дагагсдыг чиглэх болно. Ийм нөхцөлд МАН-ын Засгийн газар асуудалд хариуцлагатай хандах бүрт дотоод фракцуудын нэгнээ дарах зэвсэг болж хувирна. Ийм бол Ц.Элбэгдорж удтал найзалсан С.Баяр нарыг талбайгаас гаргах гэж оролдож байна уу ? гэсэн асуулт зүй ёсоор урган гарч байна. Энэ нь М.Энхболдын хаанчлалыг бэхжүүлж, МАН дахь Харвард-коммунистуудад үхлийн цохилт болох биш үү ?
Баримт 3. Одоо эцсийн найдвар гэж “хятадууд мөнгө өгөх юм гэнэ билээ. Тиймээс засгийн газар, парламентад хятад зүгийнхэн олон байх нь дээр, бидэнд мөнгө, мөнгө, мөнгө л хэрэгтэй…” гэлцэж байгаа нь нууц биш. Энэ бол нэг талаасаа арчаагаа алдсан, увайгүй бэртэгчин үндэстний байдаг л төрх. Нөгөө талаасаа УИХ, Засгийн Газрын өнөөгийн удирдах бүрэлдэхүүн ингэж хэлэх боломж олгож байна.
Баримт 4. Барууны үндэстэн дамнасан болон оффшор компаниудын увайгүй луйврыг хазаарлах оролдлогыг эсэргүүцсэн өнгөрсөн 10 жилийн үйл явц эцэстээ айж хулчийсан МАНАН-гийн айдсаас болж улс орноо хятадын өрийн хавханд оруулж байна.
Өрийн мөглөн
Баримт 5. Төв банкны Ерөнхийлөгч ба Сангийн сайдын тэнэг мэдэгдлийн дараа манай Засгийн газар Гректэй адил нөхцлөөр зээл авна гэж тэнэгтэв. х шалтгаан нь маш энгийн. АН-ынхан асар их зээл авч улс орныг өрөнд бариулж, өтөнд идүүлсэн гэх нэр хоч зүүх ердийн “хар пиар”. Гэтэл үүнтэй нь зэрэгцээд төгрөгийн ханш хоногт 100 төгрөгөөр унав.
Баримт 6. Хамгийн осолтой нь Монголын гадаад өр ДНБ-тэйгээ тэнцсэн гэх мэдээлэл. Үүнийг манай яруу алдарт намынхан ч, АН-ынхан ч олонтаа давтан баталсан. Гэтэл яахаараа парламент нь нэмж 4 тэрбум ам.долларын зээл авахын тулд өрийн босгыг ДНБ-ын 88 хувьд хүргэх тухай хуулийг хэлэлцэж байдаг юм ? Алт хэдийн 100 хувь болчихсон гээд байгаа биш бил үү ? Нэг бол парламент нь тэр чигээрээ мангуунуудаар дүүрсэн, эсвэл Засгийн газар тэр чигээрээ мангуу. Сангийн сайд нь урсгал дансны үлдэгдлээр төсвөө тооцож байгаа бол энэ ч үнэн л болж таарлаа.
Баримт 7. Ердийн пропорциор тооцоод үзэхэд Засгийн газрын гадаад өр ДНБ-ын 50 орчим хувь л байгаа. Яг үнэндээ цөөхөн хэдэн “үндэсний” компаниуд Засгийн газрын баталгаатай, баталгаагүй асар их өр тавьсан. Тэр нь улсын өрөнд бүртгэгдэж яваа. Хэрэв цэвэр Засгийн газрын гадаад өрийг салгавал ДНБ-ын 50 орчим хувьд л хүрнэ. Дотоод өр 13 орчим их наяд төгрөг.
Баримт 8. Үнэндээ МАН, АН-ын мангуунууд нэгийгээ муулахын тулд гэрээ түймэрдэж байгаа, харин цаана нь хэдхэн гэр бүл, хэдхэн улстөрчдийн “МАНАН” бүлэглэл энэ улс орныг сүйтгэж байгаа юм. Тэднийг олоход маш амархан, тэд бол Засгийн газрын баталгаагаар авсан асар их өр тавьсан хэдхэн компани, тэдний эзэд л байхгүй юу.Тэд улс орныг удирдаж байгаа, тэд л хэний ч санаанд оромгүй Засгийн газрыг томилсон. МАН-ын яруу алдар нь ялгадас болж, нийтээр үзэн ядаж эхэллээ.
Баримт 9. Энэ Засгийн газар ард түмнийх ч биш, МАН-ынх ч биш, тэднийх. Хэрэв үндэсний эрх ашгаа мэддэг бол Засгийн газар нэн даруй Улсын өрийн бүтцийг ялгаж салган зарлах , Засгийн газрын баталгаагаар асар их зээл авсан тэр компаниудыг зарлах ёстой. Үүний дараа л нэмж зээл авах тухай асуудал ярьж болно, хэрэв үүнийг ялгаж салгаж зарлахгүй бол улс орныг өндөр хүүтэй өрийн дарамтанд оруулсны хариуцлагыг Ж.Эрдэнэбат Ерөнхий сайд хариуцах болно.
Баримт 10. АН-ынхан үүнд нь баярлаад байх ч хэрэггүй, учир нь үүний дараа хоёр нам хоёул үнс нурам болно. Гэхдээ харамсалтай нь тэр үймээн бужигнаан дунд МАНАН амьд үлдэх магадлалтай юм. Хэрэв Засгийн газар энэ алхмуудыг хийхгүй бол үүнийг бид хийх болно. Ингэвэл “Голомт”, “Улаанбаатар”, ХХБ-тайгаа, Ц.Элбэгдорж, С.Баяр, сахал Эрдэнэбилэг, Т.Бадамжунай, Ч.Сайханбилэг, С.Баярцогт, П.Цагаантайгаа тэр хэдэн компаниудтайгаа сүйрэх болно гэдгийг харин амлачихъя.
Шинэчлэл ба МАН
Баримт 11. МАН шинэчлэгдсэн гэж байгаа боловч шинэчлэл гэдэг хэдэн нусгай бацаан, дүүргийн түвшний луйварчид парламентад орсноор хэмжигддэггүй юм. Үнэндээ МАН-д “түй” ч шинэчлэл явагдаагүй. Одоохондоо “хятад уяачдын” бүлэглэл, “Харвардын коммунистуудын бүлэглэл” гэдсэндээ хөлөө хийлцэж байна.
Баримт 12. Бялууны ихэнхийг М.Энхболд хүртсэн, чухам ингэх учиртайг би аль эрт “МАН-д болсон явдал” өгүүлэлдээ тодорхой дурдсан. С.Баяр удаалж байгаа. У.Хүрэлсүхэд өөрт нь амсуулснаас өөр юмгүй шахам. Сү.Батболд хоосон хоцорсон. Энэ “дөрвөн дээрэмчин” МАН-ын эрхийг барьдаг.
Баримт 13. М.Энхболд болон намын хуучин удирдлагад шигдэгсэд “хятад баримжаатай”, харин С.Баярын далд дэмжлэгтэй У.Хүрэлсүхийн залуучууд, Сү.Батболдын фракцид Харвардад төгссөн коммунист-комсомолчид дүүрэн бий. Үнэндээ бүх тулаан яг ийм шугамаар өрнөнө. Ж.Эрдэнэбат бол С.Баяр, М.Энхболдын тохиролцоогоор түр тавигдсан. Харин У.Хүрэлсүх, Сү.Батболд нар шаралхаж байгаа учраас өнөөх тогтвортой МАН чинь Засгаараа оролдож байна. Засгийг бол гурав дохидог, яг өнөөдөр гуравдахь нь хэрэгжиж байна.
Баримт 14. Ж.Эрдэнэбат хэр хэмжээндээ төсвийн шинэтгэл хийх гэж ноцолдсон боловч парламент бүгдийг нь нэг бүрчлэн нураан дэвсэллээ. Түүний дэргэд Н.Алтанхуяг хамаагүй хол алхсан байна. Одоо бол Ч.Сайханбилэгийн ЗГ, Ж.Эрдэнэбатын Засгийн газрын хооронд ямар ч ялгаа байхгүй.
Баримт 15. Намын 60 тэрбум төгрөгийн өрийг дарахын тулд хийсэн томилгоонууд нь Засгийн газрын нэр хүндийг унагаж, МАН-ыг боловсон хүчний чадавхиа барсан гэсэн дүгнэлтэд хүргэлээ. АН-ын Засгийн газрын хийсэн алдаанууд давтагдаж, улс орон нэр хүндээ алдаж, хамаг бурууг Ж.Эрдэнэбат, Чойжилсүрэн хоёрт наана. Одоо Засгийн газар юун дээр тогтож байна гэж үү? МАНАН дээр тогтож байна.
“Шинэчлэл АН”
Баримт 16. “Аливаад цаггүй нь үгүй, одоо тусгаарлах болсон” гэж Богдын лүндэнгээс эшлэж байгаад өгсөн ярилцлага бол “МАНАН”-г сүйрүүлэх эхний дохио байж болно. Хамгийн чухал нь Н.Алтанхуягт “баримтууд, тоонууд, мэдээллүүд” бий. Наад зах нь ямар ямар компаниуд Засгийн газрын баталгаагаар зээл авснаас эхлээд. “Голомт”-оор дамжсан ЕСБХБ-ны баримтуудаас эхлээд өөрийнх нь Засгийн газрынх нь хувь заяаг шийдсэн ХХБ-ны тэрбум ам.долларын бондод гаргасан Засгийн газрын баталгааны детектив өрнөлийн түүх хүртэл.
Баримт 17. Н.Алтанхуяг Засгийн газрын эмзэг цэгийг олж хатгаж байна. Өөрөө яг ийм байдалд орж байсан учраас юм юмнаас унадаг өнцөгдсөн суудалд дөрвөн жил тарчилсан мань эр одоо хариугаа авах таатай цаг гэж тооцож байна.
Баримт 18. Хэрэв Н.Алтанхуяг ахиад АН-ын дарга болбол асар их булай булхай нийгэмд цацагдаж, магадгүй ээлжит бус сонгууль эсвэл Үндсэн хуулийн шинэчлэл рүү орох байх. Түүний эргэн тойрон адгийн шаарууд хангалттай олон бий л дээ, гэхдээ бүлэг адгийн шаар нөгөө бүлэглэлийн авах юмгүй адгийн шааруудыг нидэрч байвал бид алгаа ташаад суухаас өөр яах билээ ?
Баримт 19. ЕТГ-ын дарга П.Цагаан гэнэт албаа өгөөд АН-д очсоноор Засгийн газрыг чиглэсэн шүүмжлэл таг гацаж, намын дотоод зөрчил нурамнаас гарч эхэлснийг л ажиглах ёстой. ЕТГ-ын дарга бол манай улсад дээрээс тавд ордог албан тушаал. Гэтэл үүнийгээ өгөөд гудамжинд хөсөр хэвтсэн нам руу зүтгэнэ гэдэг том эрх ашгийн төлөө л хийх алхам юм.
Баримт 20. Өөрөөр хэлбэл Ц.Элбэгдорж нэгд “Эрдэнэтийн 49 хувийг хулгайлсан булхайг гардаж хийсэн эзнээр нь даруулах” сонирхолтой байна, хоёрт өөрсдийн гадаад эздэд төлөх мөнгийг Засгийн газраас гаргуулахын тулд өндөр хүүтэй зээл рүү шахаж, Засгийн газрыг АН-ын дайралтад өртүүлчихгүй халхлах хүсэлтэй байна. П.Цагаан намын дарга болж чадахгүй ч генсек болох улстөрийн болон санхүүгийн ресурстай. Хэрэв намын даргыг мэдлээсээ “алдвал”, хэрэв “дайсан” Н.Алтанхуяг Ерөнхийлөгчид дэвшвэл АН-ын “тавдугаар цувааг” бүрдүүлж унагах зорилготой. Ц.Элбэгдорж МҮДН, МоАХ, Баабар нарын “Зүүн хойд Ази” фракцыг нэгтгэж П.Цагааны тулгуур болгохыг зорьж байна.
Баримт 21. Ц.Элбэгдорж илэрхий толгойлох болсон МАНАН энэ удаад АН-д бэхжиж чадвал 2020 оны сонгуульд АН-ын үнэмлэхүй ялалтаар Засгийн эрхийг авах, Үндсэн хуулийн өөрчлөлтийг гацаах, бүс нутгийн интеграциас улсаа холдуулж, барууны дөнгөнд лавхан суулгах замаар “ардчиллыг бэхжүүлэх” уриан дор ажиллах төлөвлөгөөтэй байгаа юм.
Баримт 22. Эрдэнэтийг одоо нэг их жаргаах нь юу л бол, Эрдэнэт өөрөө яг Монгол улс шиг болчихсон. Жилийн ДНБ-ийнхээ 40 хувьтай тэнцэх өртэй, энэ өрийг шахан гаргуулах болно. Өөрөөр хэлбэл Эрдэнэтийн орлого яаж ийгээд төрийн данс руу урсдаг байсан урсгал таг зогсож улс орон элгээрээ хэвтэх болно.
Цаг нь болсон бол…
Баримт 23. С.Зоригийг хөнөөсөн хэргийн шуугиан хаашаа эргэж нөлөөлөхийг хэлэхэд хэцүү байна. Булган өөрийн мэдүүлгээс үл хамаарч хоёр үзүүртэй зүү болох байв. Хэрэв “МАН ялбал…?” гэж хэн ч бодоогүй, ингэвэл С.Зоригийг хөнөөсөн хэргийн үзүүр буцаад эрх мэдлээ алдсан АН руу эргэчихнэ дээ гэж хэлэх хүн харин байсан юм, тэр ёсоор л болж байна. Энэ асуудал “Эрдэнэт”-ийн хувьцааг авах сэдлээр Ц.Элбэгдоржийн сэргээсэн тоглолт байж болно, учир нь шалгалтад Тагнуулын Ерөнхий газар идэвхтэй оролцоотой байна гэдэг гадаад хүчин зүйлсийг мухарлахад илүү дөхөмтэй.
Баримт 24. МАНАН-гийн гол цөм АН-д төвлөрч байна. Үүнийг Н.Алтанхуяг харж байгаа учраас тосч цохихоор тооцсон байна. Тиймээс одоо улстөрийн үйл явцын гол өрнөл эрх баригч МАН-д биш, харин “аллагын” зохиомжтойгоор АН-д өрнөх нь тодорхой болчихлоо.
24tsag.mn