Орон нутгийн сонгуулийн санал хураалт болоход ердөө сар хүрэхгүй хугацаа үлдлээ. Аймаг, орон нутгийн засаглалын эрх мэдлийг гартаа авч чадах эсэхийг шийдвэрлэх эгзэгтэй энэ цаг үед том намууд орон нутгийн сонгуульд хэрхэн бэлдэж байгааг олон нийт анхааралтай ажиглаж байна.

Д.ЭРДЭНЭБАТ: АН ОРОН НУТГИЙН СОНГУУЛЬД МАШ ХАРИУЦЛАГАТАЙ ОРОЛЦОНО

 

АН-ынхан ҮЗХ-ын хурлаа хойшлуулан байж орон нутгийн сонгуульд бэлдэж байна. Уг нь тус нам ҮЗХ-ны хурлаараа намын дүрмийг шинэчлэхээс гадна даргаа сонгохоор төлөвлөж байв. Гэтэл их, бага хэмжээний маргаантай асуудлууд хурлын дараа гарч мэдэх учир дахин хойшлуулсан гэж тус намын гишүүд хэлж буй. Товлосон ёсоороо хуралдаж намын даргаа сонголоо гэхэд намын даргад өрсөлдөөд ялагдсан нэг нь ялагдлаа хүлээн зөвшөөрч чадахгүй мэдэгдэл хийх төдий л АН-ын нэр хүнд дахин унах эрсдэлтэй. Орон нутгийн сонгууль хаяанд тулсан иргэдийн санаа бодол АН руу бага ч болов эргэсэн энэ үед “АН-ынхан хоорондоо эвдэрэлцэж, фракциуд нь албан тушаалын төлөө дахин зодолдож эхэллээ” гэх мэдээлэл тарвал сонгуульд ялалт байгуулах горьдлого талаар болно. АН-ынхан МАН шиг асуудлаа дотроо шийдэж чадах биш. ҮЗХ-оор хоорондоо эвдэрэлцэж түүнийгээ ил гаргах магадлал өндөр. Тиймээс орон нутгийн сонгуулийн өмнө ямар нэгэн асуудал үүсгэхгүйн тулд ҮЗХ-ны хурлыг түр хойшлуулсан юм.

 

УИХ-ын гишүүн АН-ын даргын орлон гүйцэтгэгч, орон нутгийн сонгуулийн менежер Д.Эрдэнэбат намаа орон нутгийн сонгуульд хариуцлагатай оролцоно гэж мэдэгдсэн. Тэрбээр “Орон нутгийн сонгууль нь МАН-ын зүгээс хийсэн олон ухралтыг зогсоох сонгууль болох ёстой. Үүний тулд ардчиллын төлөөх бусад нам, ир­гэний хөдөлгөөнүүд, төрийн бус байгуул­лагууд нэгдэх хэрэгтэй. АН-ын сонгуулийн штабын гол зорилго үүнд тулгуурлана. Орон нутгийн сонгуулийн бүртгэлийн хугацаанд үл ялиг шалтгаанаар нэр дэв­шигчийг бүртгэхгүй байх, сон­гуулийн хороо­ны бүтцээ нэг талыг барьж байгуулах зэргээр Сонгуулийн тухай хуулийн зөрчих үйлдлүүд гарсан. Гэхдээ сонгуулийн штаб бүх нэр дэвшигчээ дэмжих, орон нутгийн сонгуульд зохион байгуулалттай орох бэлтгэлдээ орсон” гэсэн билээ.

 

Ямартай ч АН-ынхан сонгуулийн бэлтгэл ажилдаа орж нэр дэвшигчиддээ чиглэл өгч эхэлсэн байна.

 

МАН-ЫН УДИРДЛАГУУД ГИШҮҮДДЭЭ ҮҮРЭГ ДААЛГАВАР ӨГЧ ЭХЭЛЖЭЭ

 

Тэгвэл МАН-ынхан орон нутгийн сонгуулийн бэлтгэлдээ аль хэдийнэ орсон сурагтай. Тус намаас сонгогдсон УИХ-ын гишүүдийн олонх нь орон нутагт ажиллах нэрээр сонгуулийн сурталчилгаандаа орсон гэх мэдээлэл байна. МАН-ын удирдлагууд ч сонгуулийн бэлтгэл ажилтай холбоотой гишүүддээ үүрэг, даалгавар өгчээ. Гэхдээ УИХ-ын гишүүдээс илүүтэй Засгийн газрын гишүүд уг сонгуульд хоёр дахин илүү үүрэгтэй оролцох даалгаврыг авсан сурагтай байна. МАН-ын удирдлагууд Засгийн газрын гишүүдээ дор хаяж хоёр аймагт ажиллахыг үүрэгдсэн байна. Намын бодлогын дагуу УИХ болон Засгийн газрын гишүүд нь сурталчилгааны ажилдаа ч идэвхтэй үүрэг гүйцэтгэж байгаа гэнэ. Засгийн газраа дангаараа бүрдүүлж, УИХ-д олонх болсон эрх баригч намд давуу тал олон бий. Дээрээс нь аймгийн засаг дарга нараа өөрийн хүнээр томилсон тус намынхан төрийн албаны шугамаар сонгуулийн бэлтгэлээ хангаж байгаа нь тодорхой.

 

Орон нутгийн сонгуулийн сурталчилгаа хуулийн дагуу ирэх сарын 1-ны өдөр эхэлнэ. Гэтэл эрх баригчид "бяр" мэдрүүлж сонгуулийн сурталчилгаанаас өмнө бэлтгэл ажлаа базааж буй бололтой.

Т.Энхэлээ

24tsag.mn