Б.ЗАЯА

С.Зориг агсны амиа алдсан хэргийн мөрдөн байцаалтын талаар өнгөрсөн долоо хоногт Нийслэлийн прокурорын газраас мэдээлэл өгөв. Прокурорын мэдэгдэлд С.Зориг агсны хамтран зүтгэгч Э.Бат-Үүлээс хэд, хэдэн удаа шинжилгээ авч байсан бөгөөд ажлын хэсгээс дахин шинжилгээ авах шаардлагатай байгааг өөрт нь мэдэгдэж байсан боловч тодорхой шалтгааны улмаас хойшлуулсаар ирсэн гэсэн байв. Мөн талийгаачийн эхнэр Б.Булганыг сулласан нь эрүүл мэндийн шалтгаантай болохоос хэрэгт холбогдолгүй гэсэн үг биш. Түүгээр зогсохгүй хэргийн холбогдогчид илэрсэн, прокурорт шилжүүлэхэд бэлэн болж буйг онцолжээ. Ээдрээт хэрэг гарсан, эргэж сэдэрсэн тохиолдлуудад төр засаг, түүний аппаратуудыг хэн, хэн толгойлж байсныг эргэн санацгаая.

1998.10.02:

С.ЗОРИГ АМИА АЛДАВ

-Монголд засаглалын хямрал нүүрлэж, МҮАН-аас Ерөнхий сайдад Да.Ганболдын нэрийг долоон удаа, Г.Ганхуяг, Э.Бат-Үүл, Р.Амаржаргал нарын нэрийг хэд, хэдэн удаа дэвшүүлсэн ч Ерөнхийлөгч Б.Багабанди буцаагаад байв. С.Зоригийг Ерөнхий сайдаар томилуулахаар яриа, хэлэлцээ ид өрнөж, тодорхой хүрээнд асуудал аль эрт шийдэгдчихсэн байсан гэдэг. Гэвч 1998 оны аравдугаар сарын 2-ны шөнө алуурчид гэрт нь отож байгаад онц хэргийгээр хөнөөсөн юм.

Ерөнхийлөгч

Н.Багабанди

Ерөнхийлөгчийн ТГ-ын дарга

С.Баяр

Ерөнхий сайд

Ц.Элбэгдорж

ЦЕГ-ын дарга

Д.Мөрөн

Ерөнхий прокурор

Н.Ганбаяр

НЦГ-ын дарга

Д.Ганболд

 

2015.12.11:

Б.БУЛГАНЫГ БАРИВЧИЛЖ, О.СОДБИЛЭГ МЭДЭГДЭЛ ГАРГАВ

-С.Зориг агсны эхнэр Б.Булганыг хэрэгт яллагдагчаар татаж баривчлаад нэг сар болсон үе. 2015 оны арванхоёрдугаар сарын 11-нд Ш.Отгонбилэг агсны хүү УИХ-ын гишүүн О.Содбилэг “...Нэгэн нөлөө бүхий хүн бурхан болж одсон аавыг минь өөрийгөө хамгаалж үг хэлэхгүй учраас С.Зориг агсны хэрэгт холбож, өөрийн малчин, тогоочоороо С.Зориг агсныг захиалгаар алуулсан гэсэн улс төрийн зорилготой зохиол бичигдэж аавыг минь дахин хэлмэгдүүлэх гэж байна гэж хэлсэн...” гэв.

Ерөнхийлөгч

Ц.Элбэгдорж

Ерөнхийлөгчийн ТГ-ын дарга

П.Цагаан

Ерөнхий сайд

Ч.Сайханбилэг

ЦЕГ-ын дарга

Р.Чингис

Ерөнхий прокурор

М.Энх-Амгалан

НЦГ-ын дарга

Ч.Болдбаатар

 

2016.09.11:

Э.БАТ-ҮҮЛИЙГ СЭЖИГТНЭЭР ТАТАВ

-С.Зориг агсны хамт­ран зүтгэгч асан Э.Бат-Үүлийг хэрэгт сэжигтнээр татсан тухай тэрээр өөрийн биеэр мэдэгдэв. Тэрээр “...Нийслэлийн цагдаагийн газрын дарга Д.Ганболд намайг хэргийн газарт дагуулж очсон. Тэнд Ц.Элбэгдоржийг ирэн­гүүт хамт байгаад цуг явсан. Гарахдаа мал­гайгаа мартсан. Гэтэл 2000 оны сонгуулийн өмнө малгайны асуудлаар хэрэгт холбогдуулсан. Тэр сонгуульд МАН үнэмлэхүй ялалт байгуулсан. 16 жилийн өмнө сэжигтнээр тат­сан тогтоолыг нэг мөр­дөн байцаагч нууцын зэрэг­лэлд оруулж сэжигтнээр татах нь...” гэв.

 

Ерөнхийлөгч

Ц.Элбэгдорж

Ерөнхийлөгчийн ТГ-ын дарга

Ц.Баярсайхан

Ерөнхий сайд

Ж.Эрдэнэбат

ЦЕГ-ын дарга

Р.Чингис

Ерөнхий прокурор

М.Энх-Амгалан

НЦГ-ын дарга

Ч.Болдбаатар