МАН Засгийн эрхийг барьсан даруйдаа өшөө авах их ажиллагааг эхлүүллээ. Эрх барьсан юм чинь энэ зэргийн хүчийг мэдрүүлэх нь зүйтэй гэж тус намынхан үзэж буй бололтой. Үүний тод жишээ нь сүүлийн үед болж буй шил дараалсан баривчилгаа, шалгалтууд.

 

УИХ-ын гишүүн асан, Эдийн засгийн хөгжлийн сайд асан Н.Батбаяр болон Хөгжлийн банкны захирал асан Н.Мөнхбатыг “Чингис” болон “Самурай” бондын зарцуулалтаар АТГ-аас шалгаж эхэлсэн. Хотын дарга асан Э.Бат-Үүлийг С.Зоригийн хэргээр шалгаж буй гэх мэдээлэл байгаа ч үнэндээ дахин төлөвлөлтийн мөнгөнөөс 104 тэрбумыг үр дүнгүй зарцуулсан гэх үндэслэлээр шалгаж эхэлсэн гэх. Хамгийн сүүлд л гэхэд Түлш эрчим хүчний дэд сайдаар ажиллаж байсан Д.Доржпүрэвийг баривчилжээ. Мөн МИАТ-ын дэд захирал Т.Батчулууныг Эрүүгийн цагдаагийн газраас шалгаж байгаа гэх.

МАН-ын хувьд ингэж тооцоо бодох шалтгаан бий гэж үзэж буй бололтой. Учир нь 2012 оны сонгуулийн дараа МАН-ын “шошго” бүхий олон хүн шоронгийн хаалга татсан. АН л энэ “дайн”-ыг эхлүүлсэн учраас МАН энэ удаа өшөөгөө авах ёстой гэж буй аж. Өнгөрсөн жилүүдэд АМГ-ын дарга асан Д.Батхуяг, Нийслэлийн Засаг дарга асан Ц.Батбаяр, Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга асан Ц.Болд, Увс аймгийн Засаг дарга асан Э.Цасчихэр, Говьсүмбэр аймгийн Засаг дарга асан Ж.Баянмөнх, Орхон аймгийн Засаг дарга асан Д.Оюунбат нар шүүхээс ял шийтгүүлж байв. Мөн Хөвсгөлийн Засаг дарга асан Л.Цэрэнжав, Дорнодын Засаг дарга асан Ц.Жанлав, Говь-Алтайн Засаг дарга асан Ш.Амгаланбаяр, Булганы Засаг дарга асан М.Оюунбат, өдгөө УИХ-ын гишүүн болоод байгаа Өвөрхангайн Засаг дарга асан Д.Тогтохсүрэн, Архангайн Засаг дарга асан Ё.Баатарбилэг нар ч АТГ болон ЭЦГ-аар шалгуулаад амжсан байдаг. Мөн Газрын тосны газрын дарга асан Д.Амарсайхан Хорих 461 дүгээр ангид амь насаа алдсан харамсалтай хэрэг ч гарч байлаа. Түүнчлэн МАН-ын засаглалын үед бизнес нь сэргэсэн гэх олон бизнесмэнийг барьж хорьсон байдаг.Энэ утгаар нь харвал улс төрийн өшөө авалт явагдах нь.

 

МАН-ын хувьд ингэж тооцоо бодох шалтгаан бий гэж үзэж буй бололтой. Учир нь 2012 оны сонгуулийн дараа МАН-ын “шошго” бүхий олон хүн шоронгийн хаалга татсан. АН л энэ “дайн”-ыг эхлүүлсэн учраас МАН энэ удаа өшөөгөө авах ёстой гэж буй аж.

 

Эх сурвалжийн мэдээлж буйгаар их баривчилгаа цаашид ч эрчимтэй үргэлжлэх бөгөөд аймгуудын Засаг дарга нарыг шил дараалан баривчлах гэнэ. Цаашилбал, АН-ын лидерүүд болох З.Энхболд, Н.Алтанхуяг, Н.Батбаяр, Н.Золжаргал, С.Эрдэнэ, Х.Баттулга нарын хүмүүсийг “Чингис”, “Самурай” бонд, Хөгжлийн банк, төмөр зам, томоохон тендерүүд, халамж, даатгалын мөнгө, их хэмжээний мөнгө хэвлүүлсэн зэрэг асуудлаар хэрэг үүсгэн, улмаар хариуцлага үүрүүлнэ гэх.

 

Гэхдээ МАН-ынханы их баривчилгаа орон нутгийн сонгуулийн өмнө эрчимтэй явагдаж буй нь олон нийтийн анхаарлыг ихээхэн татаж байна. Тус намынхан сонгуулийн өмнө өрсөлдөгчөө ямар ч хамаагүй аргаар дарж, харлуулах нь орон нутгийн сонгуульд ялалт байгуулахад нь түлхэц болно. Сүүлийн үед МАН-ын Засгийн газрын шийдвэрүүд ард түмний дургүйцлийг төрүүлж байгаа нь АН-д ялалт байгуулах том боломжийг нээж буй. Тиймээс ч АН-ын рейтинг өсч МАН-ынх эсрэгээрээ буусан үзүүлэлт гарсан. Тэгэхээр МАН-ынхан их баривчилгааг явуулаад ч болов АН-ыг муухай харагдуулж орон нутгийн эрх мэдлийг гартаа атгахаар улайрч буй бололтой.

24tsag.mn