Шинэхэн дэд сайд Ш.Лхамсүрэнгийн дүү согтуугаар хүүхдийн амь хөнөөсөн хэрэг юу болов?
2016/09/26
Засаг төрд алба хашиж, төр түмний төлөө зүтгэх хүний нэр хийгээд үйлдэл цэвэр байхгүй бол араасаа чамгүй асуудал дагуулдаг нь бичигдээгүй хууль юм даа. Тэгвэл Барилга, хот байгуулалтын дэд сайдаар томилогдон ажиллаж байгаа Ш.Лхамсүрэн гэж эрхэмтэй, түүний ар гэрийнхэнтэй холбоотой анхаарал татсан мэдээллүүд байх аж.
Шинэхэн дэд сайдын намтар мэдээллийг харахад Улаанбаатар хотод төрсөн. Эхнэр хүүхдүүдийн хамт амьдардаг. Нийслэлийн 10 жилийн тавдугаар сургуулийг 1992 онд, ШУТИС-ийг 2002 онд төгссөн. Монгол Японы төвд бизнесийн төлөвлөлт, менежментийн чиглэлээр 2010 онд, Солонгосын “Самсунг” академид манлайллын чиглэлээр 2011 онд мэргэжил дээшлүүлсэн. Ш.Лхамсүрэн “Мондулаан трейд” компанийн ерөнхий захирал, 2010-2014 онд “Нүүдэлчин групп” ХХК-ийн ерөнхий захирал, ТУЗ-ийн дарга, 2014 онд “Уул уурхайн үндэсний олборлогч” ХХК-ийн ТУЗ-ийн даргаар ажиллаж байсан. 2015 оноос “Мондулаан трейд” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан гээд цэвэр бизнесийн замналаар явж ирсэн харагдана. За харин карьер нь яг яаж улстөртэй холбогдсон нь тийм ч ил биш.
Түүний аав Б.Шүхэрт гуайн тухайд Монгол Улсын гавьяат эдийн засагчдын нэг гэдэг утгаараа салбартаа үнэ хүндтэй хүмүүсийн нэг. Б.Шүхэрт гуай хоёр хүүтэйгээ нийлж “Нүүдэлчин”групп байгуулж улмаар охин компаниудаар хүрээгээ тэлсэн байдаг. “Нүүдэлчин” группийн түүх 1998 оноос эхлэдэг. Анх дулааны зуух үйлдвэрлэл, түгээлтийн чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар “Мондулаан трейд” ХХК-ийг байгуулсан байдаг. Б.Шүхэрт эрхмийн хүүхдүүдтэйгээ хамтран байгуулсан Нүүдэлчин группын тухай бичээд байвал нэлээд юм болох байх.
Харин энэ удаа “Мон дулаан трейд” компанийн охин компани болох “Хишигтэн нүүдэлчин” компанийн гүйцэтгэх захирлаар ажилладаг Ш.Алтанхуяг гэгч нь 2012 оны дөрөвдүгээр сард 09-66 УНИ улсын дугаартай “Ланд круйзер” маркийн машиныг 70 хувийн согтолтын байдалтай байхдаа жолоодож яваад, хүүхдийн аминд хүрсэн гэх асуудлыг эргэн сануулж байна.
Хэрэг Баянгол дүүргийн VI хорооны нутаг, 25 дугаар эмийн сангийн урд замд болсон юм. Согтуу жолоочоос болж арван настай хүү амиа алдсан харамсалтай хэрэг гарсан юм. Хэргийн газраас харахад хүүг дайрсан газраасаа лав 15 орчим метр чирсэн нь тодорхой харагдаж байгаа талаар эх сурвалжууд хэлж байсан юм. Хачирхалтай нь, тэр машинд сууж явсан цагаан цувтай хүүхэн амиа алдсан хүүг хэд хэд өшиглөж байхдаа унах гээд урдах хүнээ түшиж байгаа нь шал согтуу байсныг нь гэрчилж байгаа талаар ч хэвлэлүүд бичиж байсан юм.
Уг нь хэргийг үйлдсэн Ш.Алтанхуягийн аав Монгол Улсын гавьяат эдийн засагч Б.Шүхэрт гуайн тухайд “Залуу үеийг халамжлан хүмүүжүүлэгч”, Алтангадас одон, санхүү банкны тэргүүний ажилтан, тэргүүний барилгачин, тэргүүний материал үйлдвэрлэгч зэрэг гавьяа шагнал авч байсан мундаг л хүн байдаг. Гэвчиг хүү нь ууж согтуурхсан үедээ хүүхдийн эрдэнэт амийг хөнөөсөн юм.
Шинжээчийн тогтоосноор ослын үед хүү 23 метр зайд машинд чирэгдэж улмаар газар дээрээ нас барсан байдаг. Түргэн тусламжийн машин хэрэг гарснаас хойш 15 минутын дараа ирэхэд хүү аль хэдийнэ амиа алдсан байсныг эмч хэлж байв. Хэрэг болоход машинд жолоочоос гадна гурван согтуу бүсгүй сууж явсан байдаг. Хэрэг гарсны дараа Цагдаагийн ахлах дэслэгч н.Лхагважаргал хэлэхдээ “Хэрэг одоохондоо мөрдөн байцаалтын шатандаа явж байгаа. Жолоочид хэрэг оноохгүй, дөрвөн жилээр эрхийг нь хасаад хэргийг хэрэгсэхгүй болгосон гэдэг бол ташаа мэдээлэл байна. Тийм зүйл байхгүй. Гэхдээ прокурор, шүүхийн байгууллагаас ямар ял оноох нь шийдэгдэнэ. Бидний зүгээс тэдгээр яллах эрх бүхий байгууллагуудад баримт бүрдүүлж, мөрдөн байцаалт хийж өгөх учиртай. Эрүүгийн хуулийн 215 дугаар зүйлийн дагуу хэргийг шалгана. Мөн бусад хууль тогтоомжийн үндэслэлээр хэрэгтэнд нэмж ял оноох боломжтой” гэсэн мэдээллийг өгч байсан байдаг. Эрүүгийн хуулийн 24 дүгээр бүлгийн 215.3-д “Энэ хэргийн улмаас бусдын амь нас хохирсон, эсхүл онц их хэмжээний хохирол учирсан бол тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг дөрвөн жил хүртэл хугацаагаар хасч хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэг зуун тавин нэгээс хоёр зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл 3-5 жил хүртэл хугацаагаар хорих ялаар шийтгэнэ” гэж заасан байдаг.
За харин шинэхэн дэд сайд Ш.Лхамсүрэнгийн дүү Ш.Алтанхуягийн тухайд ямар ял зэм хүлээсэн нь тодорхой бус байна. Амиа алдсан хүү ээж, эгч хоёртойгоо амьдардаг байсан гэх мэдээлэл бий. Хүүгийн ээж хөгжлийн бэрхшээлтэй, өрх толгойлсон эмэгтэй байсан. Ядарсан эмэгтэй хүүгээ золгүйгээр алдаж амьдралдаа ямар хүнд цохилт авсныг төсөөлөхөд ч бэрх.
Харин хэрэг үйлдсэн этгээдийн ах Монгол төрийн сайд болжээ. Шинэхэн дэд сайдыг тойрсон анхаарал татсан мэдээллүүдийг цувралаар хүргэнэ.
Эх сурвалж: Шуурхай.мн
Зочин · 2016/09/30
Алуурчин
Зочин · 2016/09/26
Novsh
Зочин · 2016/09/26
good