Засгийн газраас ирүүлсэн захиалгын дагуу Төрийн албаны зөвлөлөөс Боловсрол Соёл, шинжлэх ухаан, спортын яам, Эрчим хүчний яамдын Төрийн нарийн бичгийн дарга болон Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга, Увс, Говь-Алтай, Дорноговь, Хэнтий, аймгийн Тамгын газрын дарга нарыг тодруулах сонгон шалгаруулалтыг өчигдөр явуулсан.

Шалгалтын хариу өчигдөр гарсан бөгөөд Төрийн албаны зөвлөлөөс дээрх албан тушаалуудад шалгалт өгч эхний байдлаар тэнцсэн хүмүүсийн нэрсийг зарлахаас татгалзав. Учир нь “Төрийн албаны зөвлөлийн хуралдаанд шалгалтын хариуг танилцуулж, гишүүд баталгаажуулсны дараа энэхүү мэдээллийг олон нийтэд ил болгоно” гэх тайлбарыг өглөө.

 

Уг нь одоо тодроод байгаа яамдын Төрийн нарийн бичгийн даргын сонгон шалгаруулалтад тэнцсэн хүмүүсийн нэрсийг шалгалтын хариу харсан өдөр зарлаж байсан. Гэвч энэ удаа олон нийтэд нээлттэй мэдээлсэнгүй.

 

Жүжигчин Амараа "шангаа хүртэж", эгч нь ТНБД болох нь

 

Боловсрол Соёл, шинжлэх ухаан, спортын яамны Төрийн нарийн бичгийн даргад ЖүжигчинБ.Амарсайханы эгч Б.Баярсайхан, Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн даргад УИХ-ын гишүүн Ц.Цогзолмаагийн нөхөр Ч.Саранжав нар залрах нь гэх бор шувуу цахим ертөнцөөр нисч байсан билээ.

 

Тэгвэл Төрийн албаны зөвлөлөөс энэ удаагийн шалгалтад тэнцсэн хүмүүсийн нэрийг зарлахаас татгалзаж байгаа нь дээрх хүмүүс “захиалгаар” шалгалтад тэнцсэн тул олон нийтэд мэдээлэл өгөхөөс татгалзаж байна уу гэх хардлагыг төрүүлэв.

 

2016 оны УИХ-ын сонгуульд МАН үнэмлэхүй ялалт байгуулахад Жүжигчин Б.Амарсайханы гавьяа багагүй байсан. Түүний “Би юу хийчих вэ”, “Та нар юу хийчих вэ” гэх цуврал ведио, шторк МАН-ыг ялалтад хүргэхэд гол түлхэц үзүүлсэн гэдэгт өдгөө олон хүн санал нэгтэх байх. Түүний тухайд инженер Н.Нацагнямын хамтаар МАН-ын сонгуулийн сурталчилгаанд идэвхитэй явсан ч нийгэмд шуугиан тарьсан хоёр бичлэгээ “Ямар нэгэн намын захиалгаар бус өөрийн хүсэл зорилгоор хийсэн” гэдгээ удаа дараа мэдэгдэж байсан билээ. Тэгвэл Б.Амарсайханыг нийслэлийн Соёл урлагын газрын даргаар томилогдох нь гэх мэдээлэл цацагдаж байсан ч тэрбээр өөрөө бус эгчийгээ зөөлөн суудал руу зүтгүүлжээ.

 

Тиймээс ч Амараагийн эгч Б.Баярсайхан Боловсрол Соёл, шинжлэх ухаан, спортын яамны Төрийн нарийн бичгийн даргын суудалд тухлах нь гарцаагүй. Энэ удаагийн шалгалтад ч тэрбээр тэнцсэн байх. Үүнийг Төрийн албаны зөвлөл пүрэв газарт болох хуралдаанаар баталгаажуулж, Засгийн газарт хүргүүлснээр олон нийтэд ил болох буй за.

 

С.Бямбацогтын туслах асан З.Мэндсайхан Эрчим хүчний яамны ТНБД-ын сонгон шалгаруулалтад тэнцжээ

 

Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн даргад УИХ-ын гишүүн Ц.Цогзолмаагийн нөхөр Ч.Саранжавын нэр яригдаж байсан ч тэрбээр энэ удаагийн шалгалтад ороогүй гэдгийг албан бус эх сурвалж мэдээлэв. Ч.Саранжавын тухайд эрчим хүчний салбарт олон жил ажилласан туршлагатай боловсон хүчин бөгөөд Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн даргын албыг төвөггүйхэн удирдаад явах хүн гэдгийг ч тодорхойлох хүн олон байгаа. Гэвч тэрбээр эхнэрийнхээ нэрэнд хавчуулагдан энэ албан тушаалд томилогдохыг хүссэнгүй юу ямартай ч шалгаруулалтад ороогүй аж. Харин Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн даргын сонгон шалгаруулалтад Сангийн яамны Хөрөнгө оруулалтын газрын дарга, С.Бямбацогтын туслах асан З.Мэндсайхан тэнцсэн гэдгийг мөн албан бус эх сурвалж мэдээлэв. Түүний тухайд өмнө нь сангийн яаманд ажиллаж байсан ч төрийн албанд төдийлөн олон жил зүтгээгүй нөхөр аж.

 

Ямартай ч өчигдөр болсон сонгон шалгаруулалтад тэнцсэн хүмүүсийн нэрсийг маргааш болох Төрийн албаны зөвлөлийн хуралдаанаар баталгаажуулж, Засгийн газарт хүргүүлэх юм.

 

24tsag.mn