Сонгуулиас сонгуулийн хооронд төр засгийн бодлого шийдвэр хувьсан өөрчлөгдөх нь бараг л ёс уламжлал мэт. Яг үүний нэгэн адил улстөрчид хийгээд төрийн тамгыг атгагч түшмэдийн хувь тавилан ч дөрвөн жилээр хэмжигдэх нь жирийн үзэгдэл болж хувирав.

Янз нь тамга атгасан дөрвөн жил нь зол уу, зовлон уу гэдэгт эргэлзэх нь их юм. Яг ийм үзэгдэл өдгөө Монголын улс төрд идэвхжиж байна.

Жишээ нь, өнгөрсөн долоо хоногт баривчлагдсан Түлш, эрчим хүчний дэд сайд асан Д.Доржпүрэв. Тэрбээр өнгөрсөн УИХ-ын сонгуулиар Ардчилсан намаас Төв аймагт нэр дэвшиж, ялагдал хүлээсэн. Намаа удаа дараагийн сонгуульд ялагдаж явахад Төв аймгийн Ардчилсан намын буурийг сахиж, тооныг нь өргөж явсан чамлахааргүй том нөхөр. Харин өнөөдөр тодорхой бус шалтгаанаар сэжигтэн болж хувирлаа. Учрыг нь ухваас бондын Чингис бондын мөнгөнөөс санхүүжүүлсэн гуравдугаар цахилгаан станцын санхүүжилтээс хувь хүртсэн гэх яриа дуулдаж буй. Гэхдээ үнэнийг нь хэн ч мэдэхгүй. Гол нь, өнөөдрийг хүртэл түүний талаар Авлигатай тэмцэх газраас тайлбар өгч, баривчлах үндэслэлээ учирласан нь үгүй. Уг нь баривчилж хорих нь бүү хэл баривчилж хорихоосоо урьтан тайлбар үгийг харамгүй унагаж, учир шалтгааныг нь ил тод зарладаг ёсон өнгөрсөн дөрвөн жил Авлигатай тэмцэх газрын бичигдээгүй дүрэм болчихоод байсан. Харин энэ удаад ажиллаж ирсэн нээлттэй хаалганы бодлогоо хааж орхив бололтой.

Тэгвэл Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал асан Н.Мөнхбатыг тойрсон тодорхой бус мэдээллүүд. Түүнийг тус банкнаас гардан зохион байгуулж, зах зээлд гаргасан Чингис бондын зарцуулалтыг хууль бусаар захиран зарцуулсан тухай мэдээлэл яригдаж байгаа. Гэхдээ төдийгөөс өдий хүртэл нотлогдсон зүйл бас л байхгүй. Ажиллаж байхад нь ч, ажлаа өгснөөс нь хойш ч шалгасаар байгаа. Бүр УИХ дахь МАН-ын бүлгээс байгуулсан ажлын хэсэг ч шалгаж байсан. Харин сүүлийн үед “Баривчилсан, баривчлаагүй” гэдэг хоёр өөр утгатай мэдээлэл хэвлэлд шил дараалан гарч олны дунд эргэлзээ үүсгэсэн.

Сүүлийн мэдээллээр хажуу бөөрөнд нь УИХ-ын гишүүн, Эдийк засгийн хөгжлийн сайд асан Н.Батбаярыг түүнтэй хамаатуулан шалгаж байгаа гэдэг мэдээлэл гарсан. Одоогоос гурван жилийн өмнө Монгол Улсын түүхэнд байгаагүй их мөнгөн дүнтэй Чингис бондыг босгож, дэлхийн зах зээлээс санхүүжилт татаж чадсан гавьяа энэ хоёр хүний нэр дээр бичигддэг. Гэтэл өнөөдөр нөхцөл байдал эсрэгээрээ. Гэхдээ шалгаж байгаа тухай мэдээлэл нь бас л нууцлаг.

Харин олон нийт энэ бүхнээс үүдэн нэг дүгнэлт хийж байна. Тэр нь “Баривчилгаа ойрын үед эрчимжих байх. Тийм жамтай юм” гэж. Сонгуулиас сонгуулийн хооронд хүний амьдралын хэмнэл, хууль хүчнийхний онилсон намын батлахын өнгө ингэж хувирдагт иргэд дасчихаж. “Орон нутгийн сонгууль ч эхэллээ дээ” гэх олны яриа үүнийг нотлох биз ээ.

 

Г.ОТГОНЖАРГАЛ

/ҮНДЭСНИЙ ШУУДАН/