Хар, хорын санаатай хүмүүс өөрийнхөө ахархан бодлыг гүйцэлдүүлэхийн төлөө хүний өөрийн гэлтгүй нялх үрсийг хохироож байгаа тохиолдол гарсаар байна. Зэрлэгшиж байгаа энэ нийгмийн золиос нь хүүхэд байх учиргүй гэдгийг нас биед хүрсэн та, би, бид бүгдээрээ ухаарч сэхээрэх цаг болсон. Хэчнээн хүүхдийн эрүүл мэнд, амь нас, сэтгэл зүй, амьдралаар наадаж байж ухаарах гэсэн юм бэ. Сүүлийн гурван жилд олны анхааралд орсон хэргүүдийн талаар жишээ авцгаая.

Долоон настай хүүг хөнөөсөн этгээдэд 15-25 жилийн ял төлөвлөөд байна

2016.09.06-ны өдөр ээжийг нь дэлгүүр явсан хойгуур бяцхан хүүг нь боомилж хөнөөгөөд, цахилгаанд цохиулсан мэт харагдуулан орхисон хэрэг гарсан. Долоо настай хүү 2016.09.07-ны өдөр нас барсан. Хүүг хөнөөсөн шалтгаан нь “бөгсний дон”. Өөрөөр хэлбэл махны ченж Б гэх эрийг өөрийн болгохын тулд эрхэлсэн тодорхой ажилгүй С гэгч өөрийн хамаатан Б-д 200 000 төгрөг өгч хөнөөлгөсөн. Бяцхан хүүг хөнөөх захиалга өгсөн, захиалгыг гүйцэтгэсэн хүмүүсийг саатуулаад байгаа бөгөөд тэдэнд Эрүүгийн хуулийн 91.2.11-д зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа юм. Эрүүгийн хуулийн 91.2.11.бүлэглэж, урьдчилан үгсэж тохиролцсон бүлэг, зохион байгуулалттай бүлэг, гэмт бүлэглэл хүнийг алсан бол арван таваас дээш хорин таван жил хүртэл хугацаагаар хорих, эсхүл цаазаар авах ял шийтгэнэ гэж заажээ. Өөрөөр хэлбэл хүүг хөнөөх захиалга өгсөн, хөнөөсөн этгээдэд 15-25 жилийн ял оноох юм.

Хүүхдээ хазсан эцэгт 4.5 жилийн ял оноосон ч тэр өнөөдөр эрх чөлөөтэй явна

Төрсөн хоёр үрээ хазаж тамласан хэрэг гарч мөн л олныг цочирдуулж байсан. Хэргийг Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 1-р шүүх хянаж иргэн Д-д 3.6 жилийн хорих ял оноосон. Д-д Эрүүгийн хуулийн 100.1 буюу байнгын тарчлаан зовоосон, 181.2.1 танхайн зүйл ангиар нийт 6 жилийн ялыг прокурорын байгууллагаас төлөвлөөд байсан юм. Харин шүүх хурлаас 4.5 жилийн ял оноосон юм. Ингэхдээ өмнө нь гэмт хэрэгт холбогдож байгаагүй гэдэг үндэслэлээр нэг жилийг нь хасжээ. Мөн хүүхдүүдийн ээжид хохирол гэж 1.5 сая төгрөг олгохоор болсон байна. Манай улсад сэтгэл санааны хохирлыг барагдуулах ямар нэгэн тогтолцоо байхгүй болохоор хүүхдүүдийн ээжийн 13 жилийн шаналал, гурван хүүхдийн төрөхөөсөө өдий хүртэл амссан гэр бүлийн хүчирхийллийг шүүхийн байгууллага 1.5 сая төгрөгөөр үнэлжээ. Тэгтэл өнөөдөр бяцхан хүүхдүүд бусдаас айдаг, шөнө унтаж байхдаа цочиж сэрдэг, амьдралдаа арилшгүй толботой болж үлдэж байна.

 

Хүүгээ заазуурдсан эцэг 7.6 жилийн ялаа эдэлж байгаа

Тавхан настай хүүгээ өдөр бүр зодож, тамлан согтуудаа заазуурдсан хэрэг 2013 онд гарсан. Энэ хэрэг түргэний эмчийн тусламжтайгаар олон нийтийн анхааралд орж шийдэгдсэн билээ. Энэ хэргийг үйлдсэн 46 настай Н.Довжинсүрэнд прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181.3, 100.1-т зааснаар буруутган 7.9 жилийн хорих ялыг төлөвлөөд байсан бөгөөд шүүхээс сэжигтэнд 7 жил 6 сарын хорих ялаар шийтгэсэн байна. Н.Довжинсүрэн өмнө нь шүүхээс таван удаа ял шийтгүүлж, арав гаруй удаа эрүүлжүүлэгдэж байсан юм. Архины хамааралтай энэ этгээд гарч ирээд ээж хүү хоёрыг дарамтлахгүй гэх газар үгүй.

Дөрвөн хүүхдийн ээж нөхрийнхөө гарт амь үрэгдэхдээ жирэмсэн байсан

Дөрвөн хүүхдийн ээж, таван сартай жирэмсэн бүсгүй архичин нөхрийнхөө гарт амиа алдсан. Архины хамааралтай уг этгээд том хүүг нь ална хэмээн хутгаар гарыг нь сийчиж байсан. Толгойг нь багажаар хагалж байсан балмад этгээд. Мөн эхнэрээ байнга зоддог байсан талаар эх сурвалжууд мэдээлж байгаа. Одоо энэ хэрэг мөрдөн байцаалтад байгаа болохоор энэ хэргийн талаар ам нээх хүн ховор байна. Гол нь эхийнхээ хэвлийд байсан үр алтан нарыг харж чадалгүй буцлаа. Дөрвөн үр ээжгүй үлдэж байна. Өөрөөр хэлбэл энэ хэргийн улмаас таван хүүхэд хохирч байна.

Гурван жилийн өмнө Төв аймгийн Батсүмбэр сумын "Үдлэг" дөрөвдүгээр багийн нутаг дэвсгэрт 37 настай Ж гэгч эмэгтэй гурван настай охиноо онц хэрцгийгээр хөнөөсөн хэрэг гарсан. Айлд зарцлагдаж байсан эмэгтэй гэнэт төрсөн охиноо хөнөөж, өнөөдөр ялаа эдэлж байгаа. Мөн дөрвөн настай хуруун чинээ охин хойд эхийнхээ гарт амиа алдсан хэрэг гарсан. Талийгаач охины эцэг Цогт, хойд эх Маралмаа нарт шүүхээс ял оноосон.

Энэ мэтээр дэгж дэрвэх насан дээрээ бусдын хорлолд өртсөн бяцхан үрсийн жишээ хөвөрнө. Энд зөвхөн олон нийтийн анхааралд өртөж, шийдэгдсэн хэргүүдээр л жишээлсэн. Үүний цаана ийм тохиолдолд гарсаар байгаа. Хар, хорын санаатай хүмүүсээс хүний өөрийн гэлтгүй бяцхан үрсийг хамгаалахын төлөө та бид бүгдээрээ тусалдаггүй юмаа гэхэд ядаж цагдаад дуудлага өгөөд баривчлуулдаг болмоор... Мөн ухамсар, ёс зүйгээ өөрөө дахин бодож та биднээс үр хүүхэд минь үлгэрлэдэг гэдгийг бодмоор....