Өнөөдөр “Чингэс” рестораны хоёр давхарын хурлын танхимд “УВЕРТЮРА” хамтлаг тун удахгүй тоглогдох “...ТӨГСГӨЛГҮЙ-ЭХЛЭЛ...” тоглолтынхоо талаар мэдээлэл хийлээ.

Монголиан поп опера “УВЕРТЮРА” хамтлаг байгуулагдсан цагаасаа өнөөдрийг хүртэл уран бүтээлээ хийж олны хүртээл болгосон билээ. Тухайлбал, МУСГЗ Ж.Бадраагийн шүлэг, Төрийн шагналт, Ардын жүжигчин Ц.Намсрайжавын аялгуу “Халуун элгэн нутаг”, Монгол улсын Төрийн шагналт, Урлагийн гавъяат зүтгэлтэн Б.Шаравын аялгуу Л.Өлзийтөгсийн шүлэг “Өнө мөнх орон”, Монгол улсын Төрийн шагналт, Урлагийн гавъяат зүтгэлтэн Б.Шаравын аялгуу Төрийн шагналт МУГЖ Д.Сосорбарамын шүлэг “Цагийн аяс”, уг дуугаараа 2010 онд “Mongolian music video awards”-аас шилдэг дебют хамтлагаар шалгарч байсан юм.

Түүнчлэн Монгол Улсын Хөдөлмөрийн Баатар, Ардын уран зохиолч, Төрийн шагналт яруу найрагч Д.Пүрэвдоржын шүлэг, Төрийн хошой шагналт, ардын жүжигчин, хөгжмийн зохиолч Л.Мөрдоржын алгуу “Дөрвөн цагийн тал” дууг Шуранхай хамтлагийн дуучин МУСТА Д.Үүрийнтуяатай хамтран дуулсан. МУАЖ Ш.Чимэдцэеэгийн шүлэг, Ш.Батсайханы аялгуу “Тэнгэр ээж минь өршөө” дууг МУАЖ Ш.Чимэдцэеэтэй хамтран дуулсан , Төрийн шагналт, яруу найрагч О.Дашбалбарын шүлэг, Хөгжмийн зохиолч, продюсер, хөгжмийн найруулагч МУСТА Б.Алтанхуягын аялгуу “Амьддаа бие биеэ хайрла”, МУУГЗ Т.Сэр-Одын аялгуу, Б.Цогнэмэхийн шүлэг “Тэнгэрийн хүү” жүжгийн дуу  зэрэг олон гайхалтай уран бүтээлүүдийг “Mongolian pop opera” стилээр дуулж амьдруулсаар дөрвөн жилийн хугацааг туулжээ.

 Ийнхүү “УВЕРТЮРА” хамтлагийн анхны бие даасан “...ТӨГСГӨЛГҮЙ-ЭХЛЭЛ...” нэртэй тоглолтын Ерөнхий зохион байгуулагчаар “Анир” дуу бичлэгийн студи, хамтран зохион байгуулагчаар “Төрийн банк”, Ерөнхий найруулагчаар Төрийн шагналт МУГЖ Д.Сосорбарам, Ерөнхий продюсерээр МУСТА Б.Алтанхуяг, Тайзны зураачаар “Гэсү дизайн”, Гэрэлтүүлэг “D Light”, Хөгжим техник “Тotal music”, “Art sound” нар ажиллаж байгаа аж. Энэхүү тоглолтын тайз 3D-ээр чимэглэгдсэн байх нь ээ.

Тус хамтлагийн тоглолтонд урилгаар МУАЖ Ш.Чимэдцэеэ, МУУГЗ Ч.Гансүх, МУГЖ Г.Эрдэнэ-Бат, ЦДБЭЧ-ын симфони оркестр, Найрал дуучид, Хөгжим бүжгийн колежийн симфони оркестр, Нийслэлийн Улаанбаатар чуулгын бүжигчид, Язгуур урлагийн “Хөсөгтөн” хамтлаг, Уртын дуучин МУСТА Л.Болормаа,  МУСТА Д.Үүрийнтуяатай нар оролцох юм.

“...ТӨГСГӨЛГҮЙ-ЭХЛЭЛ...” тоглолт энэ сарын 23, 24-нд УДЭТ-ын тайзнаа 18:30 минутаас үзэгчдийг угтан авч 19:00 цагаас тоглогдох бөгөөд тасалбарын үнэ суудлын байршлаас хамаарч Белтаж-2 20.000,  Белтаж-1 40.000, Партер 60.000-100.000 төгрөгний үнээр худалдаалагдах юм. Мөн 100.000 төгрөгний тасалбар худалдан авсан үзэгч бүр 2014 оныг дуустал Төрийн банкны “VIP” үйлчилгээгээр үйлчлүүлэх эрх, түүнчлэн “Flex Geм” аоробик, фитнес, бодибилдингийн 10%-ийн хөнгөлөлтийн эрхийн эзэн болох боломжтой.


Х.Даваа