Ипотекийн таван хувийн хүүтэй зээлийг зогсоохоор боллоо
2016/09/30
Монгол Улсын Их Хурлын дарга Миеэгомбын Энхболдод өнөөдөр /2016.09.29/ Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2017 онд баримтлах бодлого батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлсэн юм. Энэ үеэр тэрбээр ипотекийн зээлтэй холбоотой асуудлаар мэдээлэл хийв. Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан, “Ипотекийн зээлийн хөтөлбөрийг анх Монголбанк санаачилж, Засгийн газарт шилжүүлсэн. Шинэ Засгийн газар байгуулагдаад эргээд Монголбанкинд шилжүүлж байх шиг байна. Ипотекийн зээлийн хөтөлбөрийг Монголбанк цаашид үргэлжлүүлнэ гэсэн байр суурьтай байна” хэмээн мэдэгдэв.
Ипотекийн зээлийн хөтөлбөрт тав болон найман хувийн хүүтэй хоёр төрлийн зээл байгаа бөгөөд таван хувийн хүүтэй зээлийг улс орны эдийн засгийн нөхцөл байдал, зах зээлийн зарчмыг үндэслэн зогсоохоор болсон байна. Тодруулбал, Монголбанкнаас мөнгөний бодлогын хүүг 15 хувиар тогтоосон. Тус банкнаас гарч буй зээлийн хүү 2 хувь, үүн дээр арилжааны банкууд 3 хувийн хүүг нэмж 5 хувийн хүүтэй зээлийг орон сууц худалдан авч буй иргэдэд олгож байсан. Гэтэл бодлогын хүүгээ 15 хувь болгосон атал арилжааны банкууд ийм бага хүүтэй зээл гаргах нь зах зээлийн зарчимтай нийцэхгүй байгаа учраас ийнхүү зогсоох шийдвэр гаргасан байна.
Өнөөдрийн байдлаар таван хувийн хүүтэй ипотекийн зээлэнд хамрагдахаар хүсэлт, өргөдлөө гаргасан нийт 4000 гаруй иргэнд 90 орчим тэрбум төгрөг зарцуулахаар байгаа аж.
Харин найман хувийн хүүтэй ипотекийн зээлийг Засгийн газартай хамтран цаашид үргэлжлүүлнэ гэдгээ Монголбанкны Ерөнхийлөгч Т.Баяртсайхан мэдэгдлээ. Уг зээлийн хөтөлбөрийг 80 хүртэлх ам.метр талбайтай орон сууц худалдан авах иргэдэд үргэлжлүүлэн олгож, 80 ам.метрээс дээш талбайтай орон сууцыг зах зээлийн зарчмаар арилжааны банкны зээлийн хүүгээр худалдан авах нь зүйтэй гэсэн байр суурьтай байгаагаа илэрхийлсэн юм
Зочин · 2016/09/30
80 aa zuu bolgono ene ter gej soliorch suuhiin orond harin ene 5 huvi ene teree demjeed yavbal uug ni zugeer bsn yumsan