Д.Сосорбарам: . Миний хамгийн том зорилго бол “Увертюра” хамтлагийг дэлхийд гаргах
2013/10/16
Аливаа зкүйл төгсгөлтэй харин эхлэл бол зайлшгүй байх зүйл гэдэг. Харин Монголын урлагийг тэр дундаа бардын урлагийг хэзээ ч төгсдөггүй гэдгийг нотлон харуулахаар Поп опера чиглэлээр уран бүтээлээ туурвидаг “Увертюра” хамтлаг энэ сарын 23, 24-нд УДЭТ-т “Төгсгөлгүй эхлэл” ээ тавина. Энэхү тоглолтыг найруулж байгаа Төрийн соёрхолт, МУГЖ Д.Сосорбарам 19 цаг 00 минутад “Төгсгөлгүй эхлэх”-ээ мэдэгдлээ
-“Увертюра” хамтлагийн “Төгсгөлгүй эхлэл” тоглолт болох гэж байгаа. Та тоглолтын найруулагчаар нь ажиллаж байгаа юм байна. Энэ хамтлагийг байгуулагдсан цагаас нь хамтарч ажиллаж байгаа хүний хувьд дүгнэвэл?
-“Увертюра” хамтлагийн онцлог бол нэлээд өндөр зиндааны, том төвшний, мэргэжлийн хамтлаг. Хөгжмийн мэргэжлийн томчууд, жишээлбэл Б.Шарав гэх мэтээр дурьдаад байвал олон. Ийм хүмүүсийн дууг поп опера чиглэлээр дуулж байгаа учраас би мэргэжлийн гэж тодотгоод байна.
Үүгээрээ бусад хамтлагуудаас ялгарах өвөрмөц араншин, дүр төрхөө харуулж чадаж байгаа, энэ залуучууд. Би “Анир” студиын захирал н.Алтанхуягтай уран бүтээлийн тал дээр хамтарч ажиллаж байхдаа энэ залуучуудтай танилцсан. Хамтарч ажиллаад дөрвөн жил болж байна.
Ер нь бол хамтлаг мэргэжлийн өндөр төвшинд хүрэхийн тулд зөв дадал олж авах хэрэгтэй. Тэр зөв дадлыг нь бий болгохын тулд “Увертюра” хамтлагийг би өөрийнхөө урилгаар авч Герман, Япон руу авч явж байсан. Тэр орнуудад мэргэжлийн үзэгчид байдаг. Тэр үзэгчидтэй хамгийн түрүүнд нүүр тулгаж, харуулъя гэж санаад авч явсан юм.
Мэргэжлийн үзэгчдийн өмнө гарна гэдэг энэ залуучуудын өөртөө хандах хандлага, өндөр үнэ цэнийг дандаа өргөж явах үзэл тогтоход нөлөөлсөн. Тийм хандлага аль хэдийнэ тогтсон гэж би үзэж байгаа юм. Миний хамгийн том зорилго бол ардын урлагийг дэлхийн сонорт хүргэсний нэгэн адилаар “Увертюра” хамтлагийг үндсэн монгол хэлээрээ дуулуулж, дэлхийд гаргахад оршиж байгаа.
Тэгж байж гэмээнэ өнөөдрийн энэ даяаршлын эринд монгол хэл, дуу хуур, хөгжмийн найруулга, монгол найруулагчийн чадвар харагдах учиртай. Тийм эхлэл ч тавигдаж байна. Өнөөдөр монгол хэлээрээ, шүлэг найргаараа, хөгжмийн бүтээлээр бүтсэн дууг дуулж, дэлхийн тайзанд гарах боломж энэ залуучуудад нээгдсэн гэж ойлгож болно.
-Тоглолтын найруулагчийн хувьд ямар шийдлийг барьж авч байгаа вэ?
-“Төгсгөлгүй эхлэл” гэдэг тоглолтод хар, цагаан хоёрыг зэрэгцүүлж байгаа. Хар өнгө бол дарангуйлан эрхшээх, цагаан өнгө бол амирлуулан эрхшээх гэсэн хоёр талын туйл байдаг. Энэ орон зайн дунд манай хүүхдүүдийн бүтээлийн үйл явц зорилготой. Тэр зорилгод хүрэхийн тулд чиглэл авна.
Тэр авсан чиглэл дээрээ тодорхой хэмжээний үйлдлүүдээр илэрч гарч ирэх юм. Өөрөөр хэлбэл, дуучин хүнд жүжигчний авьяас шаардагддаг. Энэ хүүхдүүд надтай дөрвөн жил ойр байсан учраас бусдаас онцгойрон ялгарах онцлог нь жүжигчний мэдрэмж. Бид энэ тал дээр хичээллэсэн.
н.Алтанхуяг багш нь дуу, хөгжмийн тал дээр нарийн ажилласан бол драм, жүжигчний чиглэл дээр би бага сага зүйл зааж өгсөн. Тийм учраас энэ чадвараа өнөөдөр харуулах цаг болсон гэж бодож байна. Зураачаар би Дуурийн театрын зураач Есүй Ганбаагаа урьсан. Шинэ соргог сэтгэдэг хүүхэд байгаа.
Гэрлийн найруулагчаар “D Light” компанийн Даваа гэдэг залуу ажиллаж байна. Тайзны, хөгжмийн шийдлүүд нь өмнө нь манай Монголд хийж байгаагүй зүйлийг бүтээж байгаа гээд хэлчихэд болно. Бид 3D гэрэл ашиглана. 3D гэрлээр байнга нүдээд байхгүйгээр маш тодорхой нөхцөл байдлуудад, хэрэгцээтэй газар нь хэрэглэнэ. Мөн эргэдэг тайз ашиглана. Тийм л байна. Өөрийнхөө найруулгын янз бүрийн тавилыг урьдчилж хэлээд хэрэггүй байх. Ирээд үз, үзэхээ бэлд, урья. Би үзүүлэхээ бэлтгэе.
-Гэхдээ найруулгын талаасаа бага сагахан нууц дэлгээч. Хүмүүст сонирхолтой байх болов уу?
-Ер нь би энэ тоглолт, цэнгүүний талаар нэг зүйл бодож явдаг юм. Хүмүүс цэнгүүнийг цэнгээнтэй андуураад, холиод байх шиг байдаг. Цэнгээн бол дураараа дургихын нэр шүү дээ. Уувал ч уугаад, халвал ч халаад явчихна. Харин тайзных бол огт өөр. Тэнд гоо сайхан, соён гэгээрэл, бодол бясгалгал явж байдаг.
Миний найруулж байгаа бүтээлүүд дандаа хөтлөгчгүй явдаг. Энэ тоглолт ч гэсэн тийм байна. Гэхдээ дандаа зохиолтой байдаг гэдгийг хэлэх хэрэгтэй. “Увертюра” хамтлагийн “Төсгөлгүй эхлэл” гэдэг нэртэй энэ цэнгүүн яагаад ингэж нэрлэсний учир нь хамгийн сүүлд тайлагдана. Зохиол бол урьдын миний бичиж байсан зохиолуудаас огт өөр. Аливаа зүйлийг маш олон талаас нь харсан. Тогтсон биш. Ийм, тийм байх ёстой биш гэсэн сэжмээр бичигдсэн. Энэ ажил нэлээд даацтай эхэлсэн.
-“Увертюра” хамтлагийн дуунууд нэлээд гүн гүнзгий утга агуулгатай байдаг. Тийм учраас зохиол дуунуудын учир утгатай холбогдож байгаа байх?
-Зүгээр нэг драм явахгүй. Эхлэл, өрнөл, оргил, тайлал, төгсгөл гэсэн таван үйлдлүүдийг бүгдийг нь багцалж байгаа. Жишээлбэл, өрнөлд явж байгаа гурван дуу байлаа гэхэд хоорондоо драм, зөрчлөөрөө утга илэрхийлнэ. Эхнийх нь дараагийнхаа нөхнө. Дараагийнх нь эхнийхээ нөхнө. Дандаа тийм салшгүй уулзваруудтай байх юм.
-Тоглолтод хэдэн дуу дуулагдах вэ. Зэрэг зэрэг болж байгаа олон тоглолтоос юугаараа өөр байж чадах бол?
-Би онцлогийг нь түрүүнд хэлсэн. Тоглолтод 21 дуу дуулагдана. Энэ тоог яаж ойлгох нь хүмүүний асуудал. Би голдуу сондгой тоог их барьдаг. Монголчууд их бэлгэдэлтэй ард түмэн шүү дээ. Өсөхийн бэлгэдэл гэж байдаг. Тэр утгаараа 21 дуу сонгосон. Өнөөх “Төгсгөлгүй эхлэл” гэдэг нэрний агуулга ч энд байгаа.
Энэ тоо бол 22 гээд дуусахгүй, 20 гээд битүү болчихгүй, нээлттэй гэсэн үг. Түүнээс гадна энэ тоглолтод понаграмм огт ашиглахгүй. Бүх дуугаа амьдаар дуулна. Хөгжмийг 60 орчим хүний бүрэлдэхүүнтэй оркетер тоглоно. Алтанхуяг хөгжмөө удирдана. Тэр нь ч бас онцлог болж өгөх юм.
-Яагаад УДЭТ-ын тайзыг сонгосон юм бэ?
-Монголын урлагийн хоёр том байгууллага тэнд байна. Том том уран бүтээлчид тоглодог, агуу тайз. Бэлгэдэл энэ тэр гээд бүх зүйлээ бодсон ч энэ тайз агуу. Дээрээс нь эргэдэг тайзтай учраас миний найруулгад тохирч байгаа юм.
- Ардын урлаг нэгэн хэсэг “аниргүйдсэн” гэх тал бий юу?
- Үгүй энэ тал дээр санал нийлэхгүй Зах зээл эхлэсэн ч дайн болс он ч ардын н урлаг ардын дуу эгшиглэж л байсан. Хаана хэзээ гэдгээрээ л жаахан ялгагдах байх. 1993 онд анх ардын урлагын хамтлагыг баруунд гаргаж байлаа. Одоо ч сайхан сайхан хүүхдүүд юм хийж байна. тэдний нэг энэ хамтлаг. Хөсөгтөн, Домог Увертюура гээд дэлхийн энтэй дэлхийн чихнээ Монголыг гайхуулсан хамтлагууд байна. Харин эд маань өнөөдөр чиний хэлээд байгаачлан аниргүйдэх бус харин Монголын анирыг дэлхийн тайзнаа эгшиглүүлж байна
- Таны хамгийн том мөрөөдөл
- Агуу театруудтай эн зэрэгцсэн тэр хөгжмийн урлагийн бүтээлийг тайзнаа амьдруулж буй үр хойчдоо Москвагийн их театр шиг, Италийн театр шиг театр байгуулж өгөх. Энэ ажил маань ч эхэлж байгаа. Миний ганц хүний театр үйл жиллагаагаа явуулдаг хуучин Ард кинотеатрыг ирэх оноос буулгаж тийм гайхамшигтай театр болгох ажил эхлэнэ. Мөрөөдөл бол хязгааргүй