Эдийн засгийн хөгжлийн сайд асан Н.Батбаяр Засгийн газрын тогтоолыг өөрчилсөн үү?
2016/09/30
Санхүү эдийн засаг, томоохон бүтээн байгуулалтыг санхүүжүүлэх дэмжих зорилгоор улс орнуудын Засгийн газар бонд гаргадаг. Яг л энэ жишгээр өнгөрсөн дөрвөн жилд Монгол Улсын Засгийн газар "Чингис", "Самурай" бондыг гаргасан ч тухайн үед өндөр албан тушаал хашиж байсан хэд, хэдэн нөхдүүд болон одоо УИХ-д сууж буй улстөрчдийн халаасанд хэдэн арван тэрбумаараа орчихсон гэдгийг бид олонтаа дурдаж байсан.
Угтаа бол "Чингис бонд"-ын 1.5 тэрбум, "Самурай бонд"-ын 600 сая ам.доллар, ‘‘Кредит Свисс" банкнаас 300 сая ам.доллар, БНХАУ-ын Хөгжлийн банкнаас 162 сая ам.долларын зээлийг тухайн үед Хөгжлийн банк авсан байдаг.
Товчхондоо бондын эргэн төлөлт ирэх оноос төлөгдөхөөр цаг нь тулчихаад байгаа учраас хуулийнхан энэхүү бондын мөнгөнөөс завшсан байж болзошгүй хэмээн Эдийн засгийн хөгжлийн сайд асан Н.Батбаяр, Хөгжлийн банкны захирал Н.Мөнхбат нарын хүмүүсийг сэжигтнээр татаж мөрдөн байцаалтын ажиллагаа явуулах болсон билээ.
Уг нь дээрх нэр бүхий хоёр эрхэмд өнгөрсөн 2014 оноос эхэлж АТГ-ынхан удаа дараа шалгаж байсан ч тодорхой ахиц гаралгүй өнөөдрийг хүрсэн юм. Ахиц гараагүй шалтгаанаа хуулийн байгууллагын зарим албан тушаалтан тайлбарлахдаа "Эрх баригч нам Засгийн газрын хувь заяаг атгаж байсан учраас энэ асуудлыг шалгахыг хатуу хориглодог байсан.
Уг нь бид тухайн үед Хөгжлийн банктай холбоотой хэд, хэдэн асуудлыг мөрдөн шалгаж зарим нэг зүйлийг ил болгож олон нийтэд мэдээлж байсан ч дээрээс өгсөн үүрэг зааврын дагуу хэргийг эцэс болголгүй өнөөг хүрсэн.
Харин одоо бондын мөнгөтэй холбоотой асуудлыг Засгийн газар болон Хууль зүйн дотоод хэргийн яам анхаарах болсон учраас энэ удаад ахиц гарна" хэмээж байсан юм.
Ямартай ч ХЗДХ-ийн дэд сайд Б.Энхбаяраар ахлуулсан ажлын хэсгийнхэн Хөгжлийн банканд шалгалт оруулж хэд хэдэн ноцтой баримт илрүүлсний үр дүнд өнөөдөр ийнхүү Н.Мөнхбат, Н.Батбаяр нарын хүмүүст Эрүүгийн хэрэг үүсгэж сэжигтнээр татан шалгах болсон нь энэ аж.
Тодруулбал, бидэнд олдсон мэдээллээр сайд асан Н.Батбаярыг Засгийн газрын тогтоолыг өөрчилж бондын хөрөнгөөс завшсан байж болзошгүй гэх баримтыг мөрдөгчид илрүүлээд байгаа аж.
Тодруулбал, АТГ-аас Н.Батбаярыг бондын олголт, зарцуулалттай холбогдуулан албаны эрх мэдлээ хэтрүүлсэн, төсвийн хөрөнгийг үрэгдүүлсэн гэх үндэслэлээр, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2, 264 дүгээр зүйлийн 264.2, 150 дугаар зүйлийн 150.3-т зааснаар сэжигтнээр тооцох болсон.
Ингээд түүнийг өнгөрсөн лхагва гарагт цагдан хорихоор болсон ч тэрбээр, "зүрхний өвчтэй тул гадуур байцаагдъя" гэсэн хүсэлтээ тус газарт ирүүлсэн гэх мэдээлэл байгаа юм.
Өөрөөр хэлбэл, Н.Батбаяр Эдийн засгийн хөгжлийн яамыг удирдаж байх үедээ "Чингис", "Самурай" бондуудын нийт 2.1 тэрбум ам.долларын захиран зарцуулалтыг хариуцаж, "Гудамж төсөл", 'Гэр хорооллын дахин төлөвлөлт" болон "888" гэх олон төсөл хөтөлбөрүүдэд санхүүжилт хийсэн байдаг.
Ямартай ч энэ мэтээр бондын мөнгийг захиран зарцуулсан албан тушаалтнууд хийгээд Хөгжлийн банкны захирал Н.Мөнхбат, сайд асан Н.Батбаяр нарыг шалгаж байгаа нь үүний араас маш олон УИХ-ын нэр бүхий гишүүн асангуудыг ч давхар шалгана гэх мессежийг хуулийнхан өгөөд эхэлчихлээ.
Яг үнэндээ өнгөрсөн хугацаанд дээрх бондын мөнгөний зарцуулалтын талаарх тайлангууд тодорхой хэмжээгээр мэдээлэгдэж байсан ч уг тайланг нь хангалтгүй байна гэж албаны хүмүүс олонтаа хэлж байсан юм.
Ямартай ч энэ удаад эдгээр бондоос УИХ, Засгийн газрын гишүүдээс хэн нь ямар зориулалтаар хэчнээн тэрбум төгрөгийг хэзээ, ямар төсөл хэрэгжүүлэхээр авсныг нь ил болгохоор хуулийнхан ханцуй шамлан орж буруутай этгээдүүдийг зарлах нь цаг хугацааны л асуудал болон үлдлээ.
сониуч · 2016/10/02
Хөгжлийн банк Сонгуулийн өмнөхөн маш олон төсөлд тэрбум тэрбумаар нь зээл гаргасан гэсэн. Үүнийг шалгах хэрэгтэй. Авсан аж ахуйн нэгжүүдээс сонгуульд зориулж их мөнгө авсан байх. Авсан нөхдүүдийн зарцуулалтыг шалгах хэрэгтэй. юм гарна.
шаабар · 2016/09/30
сайн шалгах нь зөв. Аливаа төсөл хөтөлбөр бүрээс 10 хувийг нь авилгал болгон авдаг жишиг хууль мэт тогтсон байсныг олон хүн мэднэ дээ. Тиймээс Хонконгийн туршлагаар ажиллах нь үр дүнтэй байж мэднэ. Тэгэхгүй бол маш олон хүн баривчлах шоронд суулгах хэрэг гарч магадгүй. Тэр туршлагыг АТГ -ынхан сайн мэднэ дээ.
Зочин · 2016/09/30
хулгайчууд
Зочин · 2016/09/30
okay