Х.Энхжаргал даргаа, танай байгууллагаар гэм буруу нь тогтоогдсон Х.Түмэнбаярын хэрэг хэрэгсэхгүй болоод байгаад анхаарал тавина уу?
2016/09/30
Хүүгийн Түмэнбаяр гэж улсад онц их хэмжээний хохирол учруулсан хүнд холбогдох хэргийг Прокурорын байгууллага чухам яагаад хэрэгсэхгүй болгодогийн учир шалтгааныг Улсын Ерөнхий Прокурор Л.Энх-Амгалан та анхааралдаа авна уу гэсэн хүсэлт агуулга бүхий, уг чанартаа бол иргэний гомдлыг бид өчигдөр сайтдаа нийтлэсэн билээ.
Тэгвэл өнөөдөр Авлигатай тэмцэх газрын дарга Х.Энхжаргалд хандаж дараах нийтлэлийг оруулж байгаагаа тодотгоё.
Монгол Улсын үндэсний аюулгүй байдалд аюулын харанга дагуулаад удаж байгаа авлига, албан тушаалын хэргийг бүрэн халж чаддаггүй юмаа гэхэд улайм цайм төр улсыг үгүйрүүлэн ууж идэж, завшиж байгаа нөхдүүдийн хууль бус үйл ажиллагааг илрүүлбэл илрүүлсэн шиг илрүүлээд, мөрдвөл мөрдсөн шиг мөрдөөд, хүлээх хариуцлагаас нь бултах газаргүй болгоод өгөөч ээ гээд АТГ гэдэг байгууллагыг Монгол Улсын татвар төлөгчдийн мөнгөөр санхүүжүүлж, нийт ажилтан албан хаагчдыг нь цалинжуулж төдийгөөс өдийг хүрсэн билээ.
Түүнчлэн танай байгууллагыг авлига албан тушаалын хэргийн мөрөөр орж, илрүүлж, тухайн этгээдийн гэм бурууг хөдөлшгүйгээр тогтоож, улмаар тохирсон ял зэмийг нь хүлээлгэхэд онц чухал үүрэгтэй газар гэсэн ойлголт нийгэмд бий. Гэтэл та бүхний илрүүлсэн хэргийг Прокурорын байгууллага хэрэгсэхгүй болгож, үл тоомсорлож байгаагийн нэгэн бодит жишээ бол Хүүгийн Түмэнбаярт холбогдох хэрэг юм. Тэгэхээр АТГ-ын даргад хандаж өгүүлэхэд танай байгууллага Хүүгийн Түмэнбаярт холбогдох хэргийг 2013 оноос хойш гурван жил шалгаж, түүнийг гэм буруутайг мөрдөн байцаалтын шатанд тогтоон, нотолсон байтал Прокурор чухам яагаад хэрэгсэхгүй болгоод байгаа вэ гэдэг асуудалд анхаарал тавина уу.
Х.Түмэнбаяртай холбоотой хэргийн тухайд тэрбээр хэн нэгэн хувь хүнийг хохироосон гэхээсээ илүүтэй Монгол Улсыг хохироосон. Хохирогч нь Монгол Улс учраас түүний хэргийг хэрэгсэхгүй болгосныг хав дараад өнгөрөх боломж хаа хаанаа байсан харагдаж байгаа. Гэхдээ улсаа гэсэн сэтгэлтэй хүмүүс авлига албан тушаалын хэргийг тэвчдэггүй хүмүүс уг хэрэг явдлыг зүгээр хараад сууж чадахгүй байгаа тул уг асуудал хөндөгдөж байгаа гэдгийг энд тодотгоё.
Өмнөговь аймгийн ИТХ-ын дарга асан, “Тавантолгой” ХК-ийн захирал асан Х.Түмэнбаярт танай Авлигатай тэмцэх газраас 2013 оны 10 дугаар сарын 18-ны өдөр 201316000247 тоот дугаартай эрүүгийн хэрэг үүсгэж, Эрүүгийн хуулийн 150 дугаар зүйлийн 150.3-аар, 263 дугаар зүйлийн 263.2-т зааснаар тус тус буруутган шалгаж, улмаар гэм буруутайг нь тогтоож, прокурорын байгууллагад шилжүүлсэн байдаг билээ. Гэтэл түүнд холбогдох хэргийг Нийслэлийн прокуророос хоёр сарын өмнө хэрэгсэхгүй болгоод байна. Тэгэхээр энд АТГ-ын бүтэн гурван жилийн мөрдөн шалгаж тогтооосон үйл ажиллагаа тэгээд юу байсан бэ гэдэг асуудал гарч ирж байгаа юм.
Гол нь Х.Түмэнбаярын гэм буруутай үйлдлүүд мөрдөн байцаалтын шатанд тогтоогддог ч, прокурорын шатанд очихоороо хэрэг биш болоод замхардаг жишигтэй байдаг. Өмнө нь Өмнөговийн прокурор ч түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож байсан түүх бий.
Түүнийг Эрүүгийн хуулийн 150 дугаар зүйл. Бусдын эд хөрөнгийг завших, үрэгдүүлэх
150.3.Энэ хэргийн улмаас бусдад их буюу онц их хэмжээний хохирол учирсан бол эд хөрөнгийг хурааж, таваас дээш арван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
263 дугаар зүйл. Төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах
263.2.Энэ хэргийг давтан үйлдсэн,уг хэргийн улмаас их хэмжээний хохирол, хүнд хор уршиг учирсан бол тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг таван жил хүртэл хугацаагаар хасч хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс нэг зуу дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэсэн заалттай зүйл ангиар АТГ-аас хэрэг үүсгэн шалгаж, прокурор руу шилжүүлсэн байдаг. Уг нь Мөрдөн шалгах ажиллагаа ч, прокурорын хяналт тавих ажиллагаа ч Монгол Улсын хуулийн дагуу явагдаж байгаа. Гэтэл прокурорын хяналт түүнийг гэм буруугүй болгосон нь анхаарал татаж буй.
Хууль бусаар хөрөнгөжиж, хөлжсөн гэгддэг Х.Түмэнбаярын талаар АТГ-аас мэдээлэхдээ “Тавантолгой” хувьцаат компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа “Эрдэнэс Тавантолгой” компанийн МҮ-011943 тоот тусгай зөвшөөрөлтэй талбайд овоолго байгуулсан, хулгайгаар нүүрс олборлосон, улсад ойролцоогоор 200 тэрбум төгрөгийн хохирол учруулсан хэргээр шалгагдаж байгаа хэмээж байсан юм. Тэгэхээр энэ бол үнэхээр том хэрэг шүү дээ. Өдгөө бараг дампуурах дээрээ тулаад байгаа Эрдэнэс Тавантолгойн үйл ажиллагааг хүндрүүлэхэд гар бие оролцсон хүмүүсийн нэг бол Хүүгийн Түмэнбаяр байгаа юм. Учир нь Чалкогийн өрөнд нүүрсээ хямд үнээр тооцон өгч, улмаар өрсөлдөх чадвар гэж юмгүй боллоо гэгдэж ирсэн Эрдэнэс Тавантолгойн нүүрсийг хятадуудад дэндүү хямд үнээр хулгайгаар арилжсан хүнтэй хариуцлага тооцох нь хуулинд нийцэх учиртай.
Х.Түмэнбаяр “Тавантолгой” компанийн захирлаар ажиллаж байхдаа БНХАУ-ын 100 хувийн хөрөнгө оруулалттай “Пүшин Говь” ХХК-ийн ерөнхий захирал Ван Же Чантай Нүүрс худалдах, худалдан авах тухай гэрээ, мөн тус улсын “Шунфэнг” ХХК-ийн захирал Ли Зжи Зунгтай түрээсийн гэрээ гэхчлэн хэд хэдэн гэрээг байгуулсан байдаг. Улмаар Орон нутгийн “Тавантолгой” хувьцаат компанийн зүгээс “Тавантолгой Транс”, “Цон Лун”, “Сүн Фан”, “Пүшин говь”, “Зун гу мин” зэрэг арав гаруй компаниудад нэг тонныг нь 5-8 ам.доллараар нүүрс худалдахдаа “Эрдэнэс Тавантолгой” компанийн “МY-011943” тоот тусгай зөвшөөрөл бүхий талбайд хөрсний овоолгоо байршуулж, хулгайгаар нүүрс олборлосон нь илэрч, түүнийг хуулийн байгууллага шалгасан юм. Нэг тонн нүүрс “Цагаан хад” дамжин өнгөрөх цэг дээр 90 ам.доллар хүрч байсан үед, мань эр “Эрдэнэс Тавантолгой”-н нүүрсийг хулгайлж, зарахдаа тонныг нь арав ч хүрэхгүй доллараар Хятадуудад зарсан нь Монгол Улсын эдийн засгийн аюулгүй байдалд харшилсан үйлдлүүд гэдгийг энд дахиад тодотгон хэлье.
Тэрбээр “Эрдэнэс-Таван толгой” компанийн талбайгаас хулгай хийснээс гадна “Таван толгой” хувьцаат компанийн санхүүгийн тайланг хуурамчаар гаргаж байсан асуудлаар буруутгагддаг. Мөн уурхайд ямар ч тендер зарлалгүйгээр өөрийнхөө “Уран ухаан” компанид жилд 30-40 тэрбум төгрөгийн шатахуун нийлүүлэх гэрээ хийж асар их ашиг олж байсан түүхтэй. Түүнчлэн уурхайн 600 тэрбум төгрөгийн өртөгтэй хөрс хуулалт, тээвэрлэгч компаниудад давуу эрх олгох гэх мэт ашигтай гэрээнүүдтэй түүний нэр холбогддог.Тавантолгой компанийн захиралаар ажиллаж байх үедээ Тавантолгой тосгонд хувийн клонкоо байгуулж, хямд үнэтэй дизель түлшийг хөрс тээвэрлэдэг 6 компанид шахдаг байсан. Тодруулбал, хөрс хуулалтын ажил явуулж байсан бусад аж ахуй нэгжийн тээврийн хэрэгслүүдэд компанийнхаа талбай дээр суурилуулсан өөрийнхөө хувийн колонкоор дамжуулж шатахуун түгээж байсан бөгөөд энэ аргаараа тодорхой байгууллага, аж ахуй нэгжүүдэд их хэмжээний хохирол учруулсан байж болзошгүй гэдэг асуудлаар хуулийн байгууллагад шалгагдаж, гэм буруутай нь тогтоогдсон ч, өдгөө хэрэг нь хэрэгсэхгүй болжээ.
Тэгэхээр АТГ-ын дарга Х.Энхжаргал та танай байгууллагаар шалгагдаж, гэм буруу нь тогтоогдсон хүн гэмгүй болж хувираад байгаа асуудалд анхаарал тавина уу. Энэ нь эргээд танай байгууллагын үйл ажиллагаатай холбогдож байгааг хэлэх байна.
Хүүгийн Түмэнбаярт холбогдох хэргийн талаар бид үргэлжлүүлэн мэдээлэх болно…
Эх сурвалж: Шуурхай.мн
Зочин · 2016/09/30
Prokuroruuud. abilga. absan. baih. magadlaltai. hynalt. tabsan. prokuroriig. yaealtai. baribchlah. heregtei