Л.Оюун: “Стэнд бай” хөтөлбөрт хамрагдахад буруудах зүйлгүй
2016/10/02
Манай улс ОУВС-гийн “Стэнд бай” хөтөлбөрт хамрагдаж болзошгүй тухай мэдээлэлтэй холбогдуулж МУИС-ийн Бизнесийн сургуулийн Санхүүгийн хөтөлбөрийн зөвлөх, дэд профессор, доктор Л.Оюунаас тус хөтөлбөр хэрхэн хэрэгждэг, түүний сөрөг болон давуу тал, авах сургамжийн тухайд ярилцлаа.
-Юуны өмнө “Стэнд бай” хөтөлбөр гэж юу болох тухай сэдвээс яриагаа эхлэх үү?
-“Стэнд бай” хөтөлбөр нь ОУВС-гийн гишүүн орнуудад эдийн засгийн нөхцөл байдал хүндэрсэн үед хэрэгждэг. Хөтөлбөр бол тодорхой зорилготой, хугацаатай, нэлээд их хэмжээний мөнгийг бага хүүтэй олгодог юм.
-Эдийн засаг ямар түвшинд хүрсэн тохиолдолд хөтөлбөр хэрэгждэг гэж ойлгох вэ?
-Эдийн засаг хямарч их хүндэрсэн тохиолдолд дээрх хөтөлбөрийг авдаг. Хөтөлбөрийг авахын өмнө Засгийн газар “Стэнд бай” хөтөлбөрийн Монгол дахь төлөөлөгчтэй уулзана. Дараа нь ОУВС-гаас комисс ирж, эдийн засгийн нөхцөл байдлыг судалж, улмаар “Стэнд бай” хөтөлбөрийг авах түвшинд хүрсэн эсэхэд үнэлэлт дүгнэлт өгдөг. Үүний дараа хоёр тал зөвшилцсөний үндсэн дээр хөтөлбөр хэрэгждэг юм. Манай улс энэ хөтөлбөрийг өмнө нь хэд хэдэн удаа авч, амжилттай хэрэгжүүлсэн байдаг.
Одоогийн байдлаар эдийн засаг хямарсан уу гэвэл үгүй. Хүндэрсэн үү гэвэл хүндэрсэн. Эдийн засгийн өсөлтийн уналт манай улсад гарсан гэж ойлгох хэрэгтэй. Өмнө нь манай улсын эдийн засгийн өсөлт 17.8 хувьтай байсан. Түүнээс хойш өнөөх өсөлт маань буугаад энэ оны сүүлч гэхэд 1.5 хувьд хүрэх урьдчилсан төлөвтэй байна. ДНБ-ийн өсөлтийг өмнөх үетэй нь харьцуулахад хасах утга руу ороод, улмаар гурван улирал дараалан үргэлжилсэн бол хямарсан гэж эдийн засгийн онолд үздэг. Яг тэр үзүүлэлтэд бол манай улс хүрээгүй.
-“Стэнд бай” хөтөлбөрт хамрагдана гэхээр манайхны ихэнх нь цочирдож хүлээж авдаг. Хөтөлбөрт хамрагдсаны сөрөг тал юу байх бол?
-Хөтөлбөр хэрэгжиж байх хугацаанд хөтөлбөрт заагаагүй арга хэмжээг авч хэрэгжүүлж болдоггүй. Жишээлбэл, төрийн албан хаагчдын цалинг нэмэхгүй гэж тус хөтөлбөрт тусгасан бол тэр хугацаанд цалин нэмж болохгүй гэсэн үг.
-Давуу талаас нь дурдаач?
-Давуу тал бол бий. ОУВС-тайгаа хэлэлцэн тохиролцож унасан байгаа салбар байдаг юм уу эсвэл төсвийн орлогыг нэмэгдүүлэх тодорхой арга хэмжээнүүдийг авах болно. Тэгснээр хүндрэлээс гарах боломжтой болдгоороо давуутай.
-Хөтөлбөрт хамрагдах хугацааг хэрхэн тогтоодог вэ?
-Хоёр тал тохиролцсоны үндсэн дээр хугацааг тодорхойлно. Ихэнх тохиолдолд богино хугацааных байдаг. Дунд хугацааных байж болно. Урт хугацааны гэж байхгүй.
-Тодорхой хугацааны дараа эдийн засаг тогтворжлоо гэхэд үүнээс авах сургамж юу байх вэ?
-Урт хугацааны бодлоготой бай гэсэн сургамж өгнө. Богино хугацааны юм уу эсвэл улс төржсөн байдлаар асуудлыг шийдэж болохгүй. Монгол Улсын хөгжил нь урт хугацаатай байх ёстой. Түүнийг нь үе үеийн Засгийн газрууд хариуцаж байгаа он жилүүддээ хэрэгжүүлэх арга хэмжээнүүдийг авч явах хэрэгтэй. Урт хугацааны стратегигүй учраас тухайн цагтаа Засгийн газар нь янз янзын арга хэмжээг аваад, тэр нь үр дүн муутай байгаад байна.
-Тогтвортой хөгжлийн үзэл баримтлалд “Манай улс 2030 он гэхэд нэг хүнд ноогдох ДНБ-ийг 17.500 ам.долларт хүргэнэ” гэж тусгасан. Ийм огцом өсөлт үзүүлэх боломж бий юу?
-Одоогоос 4-5 жилийн өмнө олон салбарынхныг хамруулсан цогц судалгааг хийж байсан юм. Түүний нэг судалгаа болох “Монгол Улсын эдийн засгийн эрчимтэй хөгжлийг хангахад санхүүгийн зах зээлийн оновчтой бүтцийг тодорхойлох нь” гэсэн судалгаан дээр бид оролцож байлаа. Тэрхүү судалгаанд Монгол Улсын эрчимтэй хөгжлийг хангахад банк, санхүүгийн тогтолцоо ямар байх ёстой вэ гэдгийг дүгнэж, саналаа гаргасан. Гэтэл Засгийн газар өөрчлөгдөөд нөгөө судалгааны зөвлөмж алга болсон. Эндээс үзэхэд, манай улсад улстөржилт асар их байна, өмнө хийснээ үгүйсгэж байна, цоо шинэ арга хэмжээг гаргаж ирж байна. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын хөгжлийг тэгээс эхлээд байна. Өмнөх Засгийн газрын уламжлалт бодлого, уламжлалт чанар алдагдсан байгаагаас эдийн засгийн хөгжил үхэр тэрэг шиг удаан байна. Уг нь улсыг хөгжүүлэхэд дорвитой хөдөлгөөн буюу чанарын өөрчлөлт гаргах хэрэгтэй байна гэж хэлэх байна.
-Бид өмнөх “Супер цикл”-ийг ашиглаж чадаагүй. Ер нь ийм боломж дахин ирэх болов уу эсвэл бид өөрт байгаа бололцоог үнэлэхгүй байна уу?
-Уг нь манай улс нөөц баялаг ихтэй. Үүнийгээ зөв ашиглавал гарц бол бий. Гэтэл энэ боломжоо бид ашиглаж чадахгүй байна. Өөрөөр хэлбэл, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэхгүй байна. Түүхий эд чигээр нь тээвэрлэж байгаа нь эдийн засгийг урагшлуулахгүй байна. Тэгэхээр нөөцөн дээрээ түшиглэсэн нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн гаргах тал дээр дорвитой хөдлөх ёстой. Боловсруулах том үйлдвэрүүдийг байгуулаад эхлэхээр түүнийг дагасан үйлдвэрлэл хөгжинө. Ажлын байр шинээр бий болно. Иргэдийн орлого нэмэгдэж, амьдралын түвшин дээшлэх юм.
-Эдийн засгийн хүндрэлээс гартлаа манай улс уул уурхайн салбараа түших нь гарцаагүй. Гэхдээ бид ХАА, газар тариалангаас гадна өөр ямар салбарыг ирээдүйд түшиглэх ёстой вэ?
-Манай улс шиг хүн ам цөөтэй улсад боловсролын салбар бол маш чухал. Тиймээс энэ салбарт ихээхэн өөрчлөлт хийх хэрэгтэй. Уг нь манай улс өөрчлөлтийг хийхгүй биш хийгээд байгаа. Гэхдээ Монгол Улсыг аль салбар, тэдгээрийн боловсон хүчин авч явах вэ гэдэгт анхаарах хэрэгтэй. Дээрээс нь боловсролын салбарын хувьчлалын асуудал байна. Хувийн сургуулиуд бэлтгэж болох мэргэжлийг улсын сургуульд байлгах шаардлага байна уу, эсвэл хувийн сургуулиуд бэлтгэж чадахгүй, суурь лаборатори шаардагддаг мэргэжлүүдийг улс нуруун дээрээ авч явах зэрэг өөрчлөлтийг хийх хэрэгтэй.
-Одоо хоёул “Стэнд бай” хөтөлбөрийнхөө ярианд эргээд орьё. Хэрэв энэ хөтөлбөрт хамрагдвал улс юу хийх, ямар бодлого барьж ажиллах нь ерөнхий дүр зургаараа дээрх ярианаас харагдаж байгаа байх. Тэгвэл иргэн, айл өрх энэ хөтөлбөрийг хэрхэн хүлээж авах тухайд товч зөвлөгөө хэлэх үү?
-“Стэнд бай” хөтөлбөрт хамрагдана гэдэг бол улс өөрөө удирдаж чадахаа байхаар тусламж авч байгаа хэрэг. Цуг удирдалцаад өгөөч гэдэг утгаараа бол энэ хөтөлбөр ороод ирэг. Ороод ирвэл бидний өмнө тулгамдсан асуудлыг цэгцэлж өгч таарна. Нэмж хэлэхэд аливаа улс орны эдийн засгийн анхан нэгж нь аж ахуй нэгж, компани, өрх гэр, иргэдийн санхүү байдаг. Тухайн аж ахуй нэгж, иргэн өөрөө өөрийгөө ажлын байртай, ажил орлоготой байлгах нь олон улсын жишиг юм. Ер нь өндөр хөгжилтэй орнуудын иргэдийн эдийн засгийн боловсрол нь өндөр, нөөц баялагтай ч санхүүгийн боловсрол доогууртай иргэдтэй орон бол хөгждөггүй юм байна.
Олон улсын рейтинг тогтоодог “Стандарт анд пүүрс” байгууллагаас гаргасан судалгаанаас харахад хөгжилтэй орнуудын иргэдийн санхүүгийн боловсролын индекс 77-80 байгаа юм. Ингээд түүнээс доош буюу 40, 20 гэх мэтээр санхүүгийн индекс буурч байна лээ. Энэхүү индексийг тодорхойлохдоо тухайн орны иргэдээс нь хэдхэн асуулт асуудаг. Түүндээ санхүүгийн шийдвэрийг гаргаж чадаж байна уу гэж асуусан байгаа юм. Үүнээс үзэхэд, өөрийнхөө олсон мөнгийг удирдаж чадаж байгаа эсэхээс хамаарч хувь хүн, айл өрх цаашлаад улс орны хөгжил хамаарна гэж үзсэн байна. Хичнээн мөнгө оллоо ч үрээд байдаг иргэдтэй оронд ямар гоё хөтөлбөр хэрэгжлээ ч эдийн засаг саармагждаг. Тиймээс эдийн засгийн боловсролтой, санхүүгийн сахилга баттай бай. Энэ бол их том дотоодын хүчин зүйл юм.
Б.Туул
Гэрэл зургийг Т.Чимгээ
Эх сурвалж: “Монцамэ” агентлаг
Зочин · 2016/10/03
ene avgai dandaa hudlaa yari yumaa! bolimoor yumaa...
Зочин · 2016/10/02
Хөөрхий ядарсан ард түмэн хоолны мөнгөө хэдэн ам бүлдээ хүргэх гэж харинч нэг санхүүгийн тооцоог хийж байгаа байх шүү. Улсаа самарсан эрх мэдэлтнүүд өөрсдийнхөө мөнгийг болохоор яаж тийм сайн үржүүлж чадаад байгаа юм. Буруу нь ард түмэнд биш удирдаж буй сувдаг авилгачидад байгаа
Зочин · 2016/10/02
мэдрэл хог