НИТХ-ын төлөөлөгч Д.Баттулгатай ярилцлаа.

 

-НИТХ өчигдөр гурав дахь хуралдаанаа хийж, Засаг даргын мөрийн хөтөлбөрийг хэлэлцлээ. 2012 оны өдийд таны даргалж байсан ИТХ юу амжуулсан байлаа?

 

-Сонгуулийн дараа эрх баригчдын 100 хоног гэдэг тогтсон ойлголт байдаг. Сонгуулийн өмнө эрх баригчид олон түмэнд таалагдах амлалт өгч, ажил хийх гээд байдаг. Харин сонгуулийн дараах, зуу хоногт эрх баригчид олны дэмжлэг хүлээхгүй байсан ч заавал хийх ёстой ажлаа эхэлдэг, хийдэг. Энэ үед сөрөг хүчин ч эрх баригчдыг шүүмжлээд байдаггүй. Зуу хоног гэдэг эрх баригчдын гарааны цэг болдог л доо. 2012 оны сонгуулийн дараа бидний зуу хоногт хийсэн ажлыг яривал нэлээд их цаг орно.

 

Тоймлоод хэдхэн зүйлийг ярихад, ажлаа аваад хориод хоногийн дараа ИТХ-ын тогтоол гаргаж зөвшөөрөлгүй баригдсан барилга, байгууламжийн үйл ажиллагааг зогсоосон. Зөвшөөрөлгүй барьсан барилгууд маш их байсан. Бизнес эрхлэгчид биднийг маш их эсэргүүцэж байсан. 2016 он гэхэд зөвшөөрөлгүй барилгын ажил нэлээд цэгцэрсэн.

 

Мөн 2012 оны наймдугаар сарын сүүлээр Засаг даргын өргөн барьсны дагуу Замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зарим арга хэмжээний тухай томоохон шийдвэрийг гаргаж байлаа. Ингээд есдүгээр сарын 1-нээс замын нэгдүгээр эгнээгээр автобус явж, дугаарын хязгаарлалт үйлчилж эхэлсэн. Хүүхдийн автобус, ажилчдын автобус явж, зогсоолын асуудлыг шийдвэрлэсэн шүү дээ. Иргэдийн эсэргүүцэлтэй маш их тулгарч байсан.

 

-Зөвшөөрөлгүй олгосон газрыг бас цэгцэлсэн байх аа?

 

-2012 оны есдүгээр сарын сүүлээр газрын харилцааны асуудал болоод барилгажилтад гарч байгаа зөрчлийг цэгцлэх ажлыг эхлүүлсэн. Газрын харилцаан дээр гарч байгаа зөрчлүүдийг арилгая гээд нэг хэсэгтээ газар олголтыг зогсоож ч байлаа. Газрын наймаа, газрын мафи гэж ярьдаг байсан үе одоо өнгөрсөн. Ер нь нийслэлд барилга яаж барих вэ, ямар шаардлага тавигдах вэ, орон сууцны хажууд барилга барих бол оршин суугчдын саналыг авч байя гээд ажлаа эхэлсэн. Иймэрхүү цогц арга хэмжээг эхний зуу хоногтоо аваад эхэлчихсэн байсан.

 

-Тэгвэл энэ удаагийн нийслэлийн удирдлагууд хэр их ажил амжуулсан бол?

 

-Юу амжуулсныг хэлж мэдэхгүй байна. Бүтцийн асуудлаа ярих шиг боллоо. Баахан хүмүүсийг ажлаас халлаа. 2012 онд ажилд орсон, Ардчилсан намтай хамтарч ажилласан гэдэг утгаар олон хүнийг ажлаас нь халсан байна лээ. Чингсийн талбайг Сүхбаатарын талбай болгож өөрчилсөн. Нохой, муурны асуудал багагүй хугацаанд яригдах шиг боллоо. Тэгээд өнөөдөр л (өчигдөр) Засаг дарга мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлж байх шиг байна. Яг хотын хөгжилд хэрэгтэй том ажил эхлүүлсэн үү, үгүй юу гэдэгт иргэд хариу өгөх байх. Бидний хийсэн ажилтай харьцуулахад тэнгэр газар шиг зөрүүтэй байгаа. Өөрөөр хэлбэл, бидний тогтоосон стандарт, жишгийг МАН эхний зуу хоногтоо дааж чадсангүй.

 

-Баар, цэнгээний газруудыг 00:00 цагаас хойш ажиллуулахгүй гэснээ буцах шиг боллоо. Нохойд спираль тавих асуудал бас багагүй хугацаанд яригдсан. Яг шийдвэр гарсан ажил байна уу?

 

-Нохой, муур хөнгөлнө ч гэл үү, тийм зүйл яригдаад байсан. Сүүлд тийм зүйл байхгүй ээ л гэсэн. Баар, цэнгээний газрыг 00:00 цагт хаана л гэсэн. Дараа нь болилоо л гэнэ. Энэ мэт нэг дарга нь нэг юм ярьдаг. Нөгөө дарга нь өөр юм ярьдаг. Гурав дахь дарга нь тэр хоёрын ярьсныг цуцалчихдаг. Ерөөсөө нэгдсэн бодлого алга. Дарга нар нь энд, тэнд өөр өөр юм яриад, нэг нь нөгөөгийнхөө ярьсныг үгүйсгэж, цуцлаад л явж байна. Удирдлагын нэгдмэл чанар гэж байдаг шүү дээ. Удирдлагын нэгдмэл чанар алдагдах нь хотын хөгжилд хортой.

 

-Өнгөрсөн жилүүдэд цахимаар газар өмчлүүлдэг байсан. Нийслэлийн шинэ удирдлагууд цахимаар газар өмчлүүлэхгүй боллоо гэсэн. Харин Засаг даргын мөрийн хөтөлбөрт цахимаар газар өмчилнө гээд заачихсан байна лээ. Ямар учиртай юм бол?

 

-Цахим газар өмчлөлийг зогсоолоо гэсэн. Тэгснээ Засаг дарга Ардчилсан намын бүлгийн хурал дээр “Бид ярьж байгаад цахим газар өмчлөлийг арай өөрөөр хэрэгжүүлнэ” гэж ярьсан. Чухам бодлогыг нь тодорхойлж чадахгүй юм. Хэлж, ярьж байгааг нь ч үнэн худлыг мэдэхгүй байна.

 

-Цахим газар өмчлөлийг жаахан өөрчлөөд хэрэгжүүлэх нь гэж ойлгосон. Засгийн газрын түвшинд “Сайн оюутан” хөтөлбөрийг өөрчлөөд Боловсролын зээл болгохоор болсон. Өмнөх дөрвөн жилд хэрэгжиж байсан ажлыг зогсоож байгаад нэрийг нь өөрчлөөд байх шиг?

 

-Нийслэлд ч ялгаагүй. Бидний тогтоосон стандарт, жишгийг дааж чадсангүй гэж ярьсан шүү дээ. Засаг даргын мөрийн хөтөлбөрийг харахад Ардчилсан намын үед хэрэгжүүлж байсан мөрийн хөтөлбөрийн гол, гол зүйл, заалтын нэрийг өөрчилж, өөриймсүүлсэн нь харагдаж байна. Нэрийг нь өөрчилчихөөр АН-ынх биш болчихдог юм уу. Тиймэрхүү байдлаар хандсан зүйл заалт их байна. Уг нь өнөөдөр улстөржих биш ажил хийх цаг нь шүү дээ. Дөрвөн жилийн дараа эднийг Ардчилсан намын үйл ажиллагааг үргэлжлүүлсэн гэж хэн ч ярихгүй. Дөрвөн жилийн дараа МАН ийм ажил хийсэн л гэж ярина. Үүнийг ухаарч ойлгоосой.

 

-Нийслэлийн Засаг даргын “Аз жаргалтай хот” мөрийн хөтөлбөрийг танай намын бүлэг буцаах санал гаргасан. Шалтгаан нь юу байв?

 

-Нэгдүгээрт, 2016 оны НИТХ-ын сонгуулийн мөрийн хөтөлбөрт тусгасан 25 төсөл, үйл ажиллагаа Засаг даргын мөрийн хөтөлбөрт тусгагдаагүй буюу өөр байдлаар туссан байна. Өөрөөр хэлбэл, сонгуулийн амлалтаасаа ухарч, ард иргэдээ хуурсан үйлдал гаргалаа. МАН-ын сонгуулийн мөрийн хөтөлбөрт орсон “Нэг өрх-нэг орон сууц”, залуу гэр бүлд зориулсан нэг өрөө орон сууц барих эрх зүйн орчинг бүрдүүлэх, хямралын улмаас зогссон үйлдвэрлэл, үйлчилгээг сэргээх, үндэсний үйлдвэрлэгчдийн 400-гаас доошгүй автобус тролейбусаар парк шинэчлэл хийх зэрэг амлалтууд Засаг даргын мөрийн хөтөлбөрт тусгагдаагүй. Энэ амлалтуудаа мөрийн хөтөлбөртөө оруулаач гэсэн шаардлага тавьсан.

 

Хоёрдугаарт, аливаа мөрийн хөтөлбөр хэрэгжих, хэрэгжиж дууссаны дараа үнэлж дүгнэх боломжтой байх ёстой. Гэтэл Засаг даргын мөрийн хөтөлбөр хэмжих хэмжүүр, дүгнэх аргагүй. Жишээлбэл, ногоон байгууламжийг нэмэгдүүлнэ гэсэн. Энэ жил хэд байсныг ирэх жил хэд болгож нэмэгдүүлэх нь тодорхой биш. Гэх мэт шалтгаанаар Засаг даргын мөрийн хөтөлбөрийг буцаах нь зүйтэй гэсэн дүгнэлт гаргасан ч олонхиороо хүлээж авсангүй.

 

-Өнгөрсөн жилүүдэд хэрэгжүүлээд эхэлчихсэн байсан ажлууд ирэх жилүүдэд хэрэгжих болов уу. Засаг даргын мөрийн хөтөлбөрт туссан уу?

 

-Төрийн бодлогын залгамж чанар гэж байх учиртай. Гэтэл залгамж чанар байгаа ч юм шиг, байхгүй ч юм шиг. Байна уу гэхээр байхгүй. Байгаа юу гэхээр нэрийг нь өөрчлөөд тавьчихсан байх жишээтэй. Жишээлбэл, өнгөрсөн жилүүдэд нийслэлийнхний дэмжлэгийг хүлээсэн бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор зэрэг ажлуудыг үргэлжлүүлэх эсэх нь тодорхойгүй. Бичил бизнесийг дэмжих төсөл, жуулчдыг татах “Найрсаг Улаанбаатар ” зэрэг төсөл хөтөлбөрийн нэрийг өөрчилсөн, эсвэл хэрэгжих эсэх нь бас л тодорхойгүй байгаа юм. “Гэр хорооллын дахин төлөвлөлт”-ийг “Гэр хорооллын зөв шийдэлтэй төлөвлөлт” гэх жишээтэй. Бичил бизнесийг дэмжих зээлийг “Итгэлийн зээл” болгоод өөрчилчихсөн. Яаж хэрэгжих нь ч тодорхойгүй. Үүнийг залгамж чанар гэх эсэхийг мэдэхгүй юм.

 

-Та “Гэр хорооллын дахин төлөвлөлт”-ийн төслийг удирдсан. Энэ төсөл зогсчихлоо. Газраа чөлөөлсөн иргэд одоо хаачих вэ?

 

-Хууль, эрх зүйн үүднээс “Гэр хорооллын дахин төлөвлөлт”цаашид үргэлжлэх ёстой. Яагаад гэвэл хот, компани, иргэн гурав гурвалсан гэрээ байгуулсан. Түүнээс Баттулга, Бат-Үүл хоёр гэрээ байгуулаагүй. Хотыг Бат-Үүл, Баттулга хоёр төлөөлж байсан нь үнэн. Одоо Сандуй, Сундуй (Сундуйн Батболд) хоёр төлөөлж байгаа. Төрийн залгамж чанараар энэ хоёр гурвалсан гэрээний үүргээ биелүүлэх ёстой. Харин Баттулга гэдэг хүнтэй гэрээ байгуулсан бол долдугаар сарын 1-нээс эхлээд хэрэгжих боломжгүй болно. Баттулга биш хотын удирдлагатай гэрээ байгуулсан учраас цааш нь хэрэгжих ёстой. Иргэд хохирч үлдэх ёсгүй.

 

-Энэ төсөл яагаад зогсчихов оо?

 

-Миний харж байгаагаар энэ хүмүүс яаж үргэлжлүүлэхээ мэдэхгүй байна. Бэрхшээлийг яаж зохицуулж, даван туулахаа тодорхойлж чадахгүй байх шиг. Бидний хийсэн ажлыг яагаад зогсоосныг өнөөг хүртэл гайхаж байна. Өнгөрсөн сард НИТХ-ын тогтоол гаргасан. Дараа нь зургадугаар сарын 10-ны үеэр хотын төсвөөс 20 тэрбум гаргаад арилжааны банкууд 60 тэрбум төгрөгийн санхүүжилт хийхэд бэлэн байсан. Нийтдээ 80 тэрбум төгрөгийг бага хүүтэй зээлээр босгочихсон байсан. Үүнийг дахин төлөвлөлт хийж байгаа компаниудад олгосон бол олон айл орон сууцтай болох боломжтой байсан. Түрээсийн байранд амьдарч байгаа 300-400 айл байрандаа орчих боломж байлаа. Гэтэл яагаад зогсоочихов.

 

-Гэр хорооллын дахин төлөвлөлт хамгийн их мөнгө зарсан ч үр дүн гараагүй төсөл гэж ярих хүн олон байна?

 

-Бүх ажил хариуцах эзэнтэй. Зураг төслийг Ерөнхий төлөвлөгөөний газар хийснийг Хөрөнгө оруулалтын газар хянадаг. Хувийн компаниуд ажлын зураг хийх гэхчилэн бүх шат дамжлагадаа хариуцах эзэнтэй. Харин үр дүнгүй гэдгийг хэн тогтоодог юм бэ. Үр дүнгүй гэдгийг хэн нэгэн албан тушаалтан ярьдаггүй. Аудит шалгаж тогтоодог юм. Эсвэл шүүх шинжээч томилдог.

 

-Тухайлбал, гэр хорооллын дахин төлөвлөлтөд 104 тэрбум төгрөгийг үргүй зарцуулсан гэж Гэр хорооллын дэд бүтцийн газрын дарга М.Ганбаатар мэдэгдсэн шүү дээ.

 

-Би энэ ажлын журмыг боловсруулж хурлаар батлуулж байсан. Тэр Ганбаатар гэдэг хүн хаанаасаа гараад ирсэн юм бэ. 2008-2012 онд газар чөлөөлөлтийг жинхэнэ будлиулсан хүн шүү дээ. “Бэрэн”-гийн газрыг чөлөөл гэж байгаад цахилгаан, дулааны шугамыг шулуун шугамаар тавьдгийг ч энд, тэнд нь чөлөөлчихсөн. Бүр андуураад Ногоон нуур хавийн газрыг чөлөөлчихсөн. Тухайн үед тэр хүнийг шалгуулах байсан ч хийх ажлаа бодоод орхисон хэрэг.

 

Гэтэл тэр хүн ийм сонин, сонин юм яриад байгаа нь гайхшралыг төрүүлж байна. Би энэ ажлыг цааш нь үргэлжлүүлмээр байна. Тиймээс өөрийнхөө мэдлэг, чадвараа зориулахад ч бэлэн байна. Товчхон мэдээлэл өгөхөд, 24 байршлын 75 хэсэгчилсэн талбай бүхий 1500 га газар бий. Үүн дээр 38 компани үйл ажиллагаа явуулж байсан. Бид дөрвөн компанийн эрхийг бүрэн, хоёр компанийн эрхийг хэсэгчлэн цуцалсан.

 

Өнгөрсөн гурван жил 9787 айлын орон сууц баригдсанаас 4833 айлын орон сууц ашиглалтад орчихсон. 1500 хашаа, байшинг чөлөөлчихсөн. 300 гаруй айл түрээсийн байранд амьдарч байгаа. Үр ашиггүй гэдэг асуудлыг хэн нэг нь ярьдаггүй гэдгийг дахиад хэлье. 104 тэрбум төгрөгөөр боссон хөрөнгийн жагсаалт надад бий. 60-70-аад хувь нь Хөгжлийн банкны санхүүжилт. Баттулга гарын үсэг зураад шийдчихдэг хөрөнгө биш. Шат дамжлагаар шийдэгддэг ажил. Хийх ёстой ажил яахаараа үр ашиггүй болчихдог юм бэ.

 

-НИТХ өнөөдрийн хуралдаан дээр Гэр хорооллын дахин төлөвлөлтөд хамрагдаад орон гэргүй болсон гэх хүмүүс ирчихсэн байна. Эхэлсэн ажлаа дуусгаач гэж танд хандаж байх шиг. Та ямар хариу өгөв?

 

-Би эхэлсэн ажлаа дуусгахын төлөө зүтгэнэ. Би ч, та нар ч одоогийн хотын удирдлагуудыг шах, шаард. Өөр арга байхгүй л гэсэн. Иргэд хохирох ёсгүй.

 

-Нийслэлийн Засаг дарга асан Э.Бат-Үүл манай сонинд “Миний эсрэг “Их эвсэл” бий болжээ” гэж бичсэн. Бүр Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, УИХ-ын гишүүн асан Н.Алтанхуяг нар МАН-тай нэгдэж миний эсрэг эвслээ гэсэн. Та ямар бодолтой байна вэ?

 

-Ерөнхийлөгч Элбэгээ Үүлийг байнга дэмжиж ирсэн. Тэр хоёр маань нэг тэрэгний хоёр арал явж ирсэн. Элбэгээ Үүлийн эсрэг хэзээ ч ажиллахгүй. Бат-Үүлийг урьд нь ч, нийслэлийн намын дарга болоход ч, нийслэлийн Засаг дарга болоход ч, бид хоёр хотыг удирдаж байхад ч Ерөнхийлөгч байнга л дэмждэг. Тийм л хүн. Элбэгээ Үүлийн эсрэг “Их эвсэл” ч гэнэ үү, байгуулах хүн биш. Би түүнд нь огт итгэхгүй байгаа. Үүнийг мэдэхийн дээдээр мэдэх хүний нэг нь би.

 

-Э.Бат-Үүл дарга тэгвэл яагаад тэгж бичихэд хүрэв. Их гомдсон нь нийтлэлээс нь харагдаж байсан.

 

-Чухам ямар мэдээллээр тэгж бичсэнийг мэдэхгүй юм. Ямар ч байсан Ерөнхийлөгч Үүлийг байнга дэмжиж ирсэн, одоо ч дэмжиж байгаа.

 

-Та хоёр уулзахгүй байгаа юм уу?

 

-Ойрд холбоо барьж чадсангүй. Манай хүн хөдөө яваад байх шиг байна.

 

-С.Зориг агсныг хөнөөсөн хэрэгт холбогдуулж хоёр дахиа шалгаж байгаа нь их эмзэг туссан болов уу?

 

-Хууль хяналтын байгууллага шалгая гээд шалгасан юм болов уу. 1990 оноос хойш Үүлтэй хамт явлаа. Хамтдаа хувьсгалыг нь ч хийлээ. Хамтдаа ялж, ялагдаж ч явлаа. Сүүлийн дөрвөн жилд бид хоёр мөр зэрэгцэн хотыг удирдлаа. Үүлийг хамгийн сайн мэдэх хүн нь бас л би. Хэн ч үгүй гэхгүй. Баталгаатай хэлье. Манай Үүл хэзээ ч тийм хэрэг хийхгүй. Хуулийн байгууллага шалгаад цагаатгана биз дээ.

 

-Улс төрийн зорилгоор, хууль зөрчин байж шалгалаа гээд байгаа шүү дээ?

 

-Үүнийг хууль хяналтын байгууллагаас нь асуу.

 

Эх сурвалж: "Өдрийн сонин"